Хятадад жил бүр зохион байгуулагддаг Намын удирдагчдын хаалттай хурал ирэх долдугаар сарын 1-нд уламжлал ёсоор эргийн Бэйдайхэ дүүрэгт зохион байгуулагдах юм.
Намын удирдагчид Бэйдайхэд айлчлах үеэр дор хаяж хоёр сарын хугацаанд тус нутаг дэвсгэрт "Тесла"-гийн автомашиныг хориглох шийдвэр гарчээ. Ченду хотод БНХАУ-ын дарга Ши Жиньпин айлчлах үеэр төв хэсгийн зарим замаар" Тесла"-гийн автомашин зорчихыг хориглосон шийдвэр энэ сарын эхээр гарсан.
Үүнээс хэдхэн хоногийн дараа ийнхүү Бэйдайхэд ч мөн хориглох болсныг албаны хүн өчигдөр /2022.06.20/ мэдэгдэв. Мэдээлэл өгсөн эх сурвалж ийм алхам хийх болсон шалтгааныг тайлбарлаагүй байна.
Хятадын дээд удирдагчдын хаалттай хурлаар боловсон хүчний шилжилт хөдөлгөөн, бодлогын санаануудаа хэлэлцдэг. Хаалттай, нууц байдлаар хуралддаг тул уулзалтын товыг албан ёсоор зарладаггүй аж. Албан ёсоор зарлагдаагүй байсан хэдий ч энэ сарын эхээр цагдаа нар "Тесла"-гийн автомашинуудыг тодорхой бүсүүдээс холдуулж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигджээ.
Хятадын арми өнгөрсөн жил "Тесла"-гийн автомашинуудыг машинд суурилуулсан камерын аюулгүй байдлын үүднээс цэргийн цогцолборууд руу нэвтрэхийг хориглосон. Элон Маск тухайн үед тус компанийн автомашинууд хаана ч тагнуул хийгээгүй, хэрэв тагнуул хийвэл компанийн үйл ажиллагааг зогсооно гэж хэлж байв.
"Тесла"-гийн автомашинууд зогсоолд тавих, эгнээ солих гэх мэт функцүүдэд туслах хэд хэдэн гадаад камертай. Бусад автомашин үйлдвэрлэгчид ч ялгаагүй машинаа элдэв камер, мэдрэгчээр тоноглох хандлагатай болсон. Эндээс олж авсан өгөгдлүүдийг хэрхэн ашиглаж, хаашаа илгээж, хаана хадгалах, хянах нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа салбарын зохицуулагчдын хувьд сорилт болоод буй юм.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ