"ОХУ нарийн царигтай төмөр зам тавьдаг, Монгол болохгүй юу"

Хуучирсан мэдээ: 2022.06.21-нд нийтлэгдсэн

"ОХУ нарийн царигтай төмөр зам тавьдаг, Монгол болохгүй юу"

"ОХУ нарийн царигтай төмөр зам тавьдаг, Монгол болохгүй юу"

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Энэ долоо хоногт гишүүд иргэдээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/ хийх эсэх талаар санал асуулга авахаар тойрогтоо ажиллаж байгаа. Та тойрог руугаа хэзээ явах вэ?

-Нэг зүйлд шүүмжлэлтэй хандаж байна. Бид тойрогт ажиллахдаа ямар драфт үзүүлэх гээд байгаа юм бэ. УИХ-ын дарга, МАН-ын дарга, албан тушаалтны толгойд байгаа, аль эсвэл гишүүдийн толгойд байгаа зүйлийг би мэдэхгүй. Жишээ нь, ийм зүйлийг өөрчилнө гэсэн тодорхой заалтууд бидэнд өгөх ёстой. Түүнийг нь иргэдээр хэлэлцүүлнэ гэсэн үг. Эхний ээлжид драфтаа гаргаагүй байж ард иргэдээр асуудлыг хэлэлцүүлнэ гэдэг буруу. Хоёрдугаарт, пропорциональ тогтолцоог оруулах гэж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд өөрийгөө сонгох талаар ярьж байна. Гуравдугаарт, гишүүдийн тоо, эрх ямбыг нэмэх гэж байна. Давхар дээлтэй болох гэж байна. Дөрөвдүгээрт, ард түмэн Ерөнхийлөгчийг сонгодог байсан эрхийг УИХ өөр дээрээ авчрах гэж байна. Гол дөрвөн өөрчлөлт нь энэ дөрөв байхгүй юу.

"ҮХНӨ-ИЙН ИХЭНХ ЗААЛТУУД УИХ-ЫН ДАРГЫН ТОЛГОЙД БАЙХ ШИГ БАЙНА"

-Таны хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийг ямар байдлаар хийх ёстой гэж бодож байна вэ?

-Дандаа “өөрсдийнхөө” асуудлыг шийдсэн өөрчлөлт байгаа биз дээ. УИХ-ын гишүүний эрх ямбыг дээшлүүлэх, үйл ажиллагаанд зориулсан Үндсэн хуулийн өөрчлөлт хийж болохгүй. Үүнийг гишүүд өргөн барих ёсгүй. Ерөнхийлөгч шүүх засаглалыг төлөөлөөд, аль эсвэл гүйцэтгэх засаглалыг төлөөлөөд өргөн барьж болно. Засгийн газар УИХ-ын гишүүдтэй холбоотой өөрчлөлт оруулах гэж байгаа бол дээрх хоёр субъектээс Үндсэн хуулийн драфтаа өргөн барьж болно. Миний хувьд дэмжиж буй зүйл бий. Сонгуулийн мажоритар тогтолцоо сонгогчдын саналыг маш их гээдэг. Нийт иргэдийн 42 хувийн саналыг авчхаад, УИХ-ын суудлын 82 хувийг эзэлж байна. Энэ бол сонгогчдын санал гээгдэж байна гэсэн үг. Тиймээс сонгогчдын саналыг бүрэн тусгадаг пропорциональ системийг оруулж ирэх нь өнөөдрийн сөрөг хүчин, АН-ын хувьд ирээдүйд намын түүхэнд бичигдэх зүйл юм. Тиймээс үүнийг дэмжиж байна. Гишүүдийн тоог нэмж болно. Яагаад гэвэл 2.2 сая хүн амтай байхад 76 гишүүний тоо гаргаж байсан. Одоо 3.4 сая болчихлоо. Гишүүдийн тоог нэмэхдээ “зуун ямаанд 60 ухна” биш, хоёр оронтой тоонд буюу 99-өөс дээшгүй байх ёстой гэдэг зарчимтай байна. Бидэнд дарга багадаагүй.

-Давхар дээлийн асуудлаар та юу хэлэх вэ. Эрх баригч намын гишүүд эхнээсээ сайд болохоор амбицлаад эхэлсэн байна?

-Давхар дээлийг эсэргүүцэж байна. Дан дээлтэй, мэргэжлийн сайд нар тухайн салбараа мэддэг, урт хугацаандаа сайн шийдвэр гаргаж байна. УИХ-ын гишүүд “Дан дээлтэй сайд нар чадваргүй байна, асуудлаа УИХ-аар оруулж чадахгүй байна” гэж хэргээр харлуулаад байгаа юм. Тэгж байгаад давхар дээлээ нэмж авах гэж байна шүү дээ. Зорилго нь тэр байхгүй юу. Мэргэжлийн сайд нар алсдаа хэрэгтэй чухал шийдвэрийг салбартаа гаргаж чадна гэж үздэг. Тиймээс давхар дээлийг дэмжихгүй. Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох тухай асуудал байна. Монголын ард түмэн, орон нутгийн, Ерөнхийлөгчийн, УИХ-ын гуравхан сонголт хийдэг. Тэр гурван сонголтын нэгийг нь УИХ дээр авчирч, ард түмний сонголтыг булааж авч болохгүй. Ерөнхийлөгчөөс ард түмнийг сонгох ёстой. Ерөнхийдөө дээрх дурдсан дөрвөн чиглэлд өөрчлөлт хийгдэнэ гэж харж байна. Сүлдтэй холбоотой юм яриад байгаа нь хүмүүсийн анхаарлыг тэр зүгт төвлөрүүлж байгаад энэ хавиараа “өөрсдөдөө” эрх ямба авсан зүйлүүдээ батлуулах гэж байна.

"ӨНӨӨДРИЙН НӨХЦӨЛ БАЙДЛААС ХАРАХАД ТӨМӨР ЗАМ МАШ ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ"

-Төмөр замын царигийн асуудлаар та  өнгөрөгч сард тогтоолын төсөл өргөн барьсан. Яагаад ийм тогтоолын төсөл баталсан юм бэ. Тогтоолын төслийг баталснаар  эдийн засагт ямар эерэг өөрчлөлт авчрах вэ?

-Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого бичиг баримт 2010 онд батлагдсан. Батлагдсан баримт бичигт Сүхбаатараас Замын-Үүд хүрч байгаа өргөн төмөр замаас салаалж буй болон огтолцсон тохиолдолд өргөн төмөр замтай байна. Хэрвээ уул уурхайн ордоос хилийн боомт хүртэл төмөр зам тавих бол Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ царигийн асуудлыг тогтоох заалттай. Энэ заалтын хүрээнд ганцхан төмөр замын асуудлыг шийдсэн. Өөрөөр хэлбэл, Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл нарийн царигаар төмөр зам тавина гэсэн тогтоолын төслийг 2014 онд УИХ баталсан байдаг. Үүнийг 2021 онд Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгосон. Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад төмөр зам маш чухал ач холбогдолтой. Хэрвээ бид цар тахлын үед төмөр замтай байсан бол наанаас нь гурван вагон, зүтгүүр 60 вагон нүүрсээ авааччихна. Цаанаас нь Хятадын талаас гурван вагон зүтгүүрээр 60 вагоноо чирээд аваад явчихна. Ямарваа нэгэн хүний оролцоогүйгээр нүүрсээ экспортлох юм. Коксжих нүүрсний үнэ 500 ам.доллар хүртэл өслөө. Энэ үед маш бага зардлаар нүүрсээ экспортлох боломж бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, 10-20 ам.доллараар Тавантолгойгоос эцсийн хэрэглэгч хүртэл төмөр замаар тээвэрлэх боломжийг алдаж байна.

Гэтэл Цагаан хаднаас Ганц модны боомт хүртэл нийтдээ 29 км газарт өнөөдрийн байдлаар 150, тээврийн үнэ ид өссөн үеэр 230 ам.долларын өндөр өртөгтэйгөөр нүүрсээ зөөлөө. Ердөө 29 км газарт шүү дээ.

Угтаа  бол "Эрдэнэс-Тавантолгой"-н орлого болох ёстой. Энэ орлогоороо дамжаад Монгол Улсын төсөвт орлого орно. Дээрээс нь 1027 хувьцаа өгөх боломжийг хаасан зүйл болсон. Тиймээс уул уурхайн ордоос хилийн боомт хүртэл тухайн импортлогч орны царигтай тохируулан бүтээн байгуулалтын ажлыг хийхийг даалгасан тогтоолын төслийг өргөн барьсан. УИХ-д гишүүд нэг зүйл дээр эргэлзээд байгаа нь яагаад Засгийн газар өргөн барих ёстой байтал гишүүн өргөн барьж байна вэ гэдгийг яриад буй.

-Тухайлбал?

-Төмөр замын бодлого бичиг баримт дээр миний УИХ-д хууль өргөн барих эрхийг хязгаарлахгүй. Миний хууль өргөн барих эрхийг УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хууль, хууль тогтоомжийн тухай хуулиар хязгаарладаг. Бусад баримт бичгээр хязгаарлах боломжгүй учраас өргөн барьсан.  Өнөөдөр зарим нь “ОХУ-ын нөлөө их байдаг”, тиймээс нарийн царигтай төмөр зам тавихгүй байх тухай асуудал ярьдаг. Нэг зүйлийг сануулахад, Манжуурын хилээр нарийн төмөр зам Орос, Хятад хоёрын хооронд тавигдаж, тэндээс урьд нь 3-4 тонн нүүрс гаргадаг байсан бол одоо 100 сая хүртэлх тонн нүүрс гаргачихсан явж байна.  Оросууд өөрсдөө нарийн царигтай төмөр зам тавьж болдог, гэсэн мөртлөө Монгол, Хятад руу төмөр зам тавьж болдоггүй, ийм хачин харилцаанд байж болохгүй.

"БИД МАН-ААР АСУУДЛАА ШИЙДҮҮЛЖ БОЛОХГҮЙ"

-Эрх баригч нам гэснээс АН-ын бүлэг хоёр хуваагдаж, Д.Ганбат даргад зориулсан хуулийн төслийг бүлгийн гишүүд өргөн барилаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

 -Манай лидерүүд, мөн тодорхой албан тушаалтнууд МАН-аас дэмжлэг авах буюу намын дарга болдог ч юм уу, намынхаа тамгыг нэг талдаа шийдүүлдэг ч юм уу, ийм байдлаар МАН-тай тохиролцох гэж гүйж байна. Энэ бүх зүйлд анализ хийж байгаад ингэж “тогловол” зүгээр юм байна гэдгийг МАН хийж байна. Үүнд нь манайхан” өртөөд, өнөөдөр нам хоёр талдаа явж байна. Би аль аль талыг нь огт дэмжихгүй. МАН-аар асуудлаа шийдүүлж болохгүй. Бид 200 мянган гишүүнтэй, гишүүдээрээ асуудлаа шийдүүлье гэдэг зарчмын үндсэн дээр 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулаад, эв нэгдлийн хурал зохион байгуулъя. Эв нэгдлийн хурлаасаа намын дүрэм болон даргаа шийдье гэсэн зарчимтай байна. Нам дээрх талцал, манай бүлэгт орж ирээд, хэл ам, хэрүүл тэмцэл болоод явж байна. Д.Ганбатын хувьд олонхийн шийдвэрээ дагахгүй нь буруу. Харин “нөгөө” хэд нь хоёрхон жилийн өмнө Д.Ганбат сайн хүн гээд сонгочхоод, буцааж огцруулна гээд явж байна.

-АН одоо эвлэлдэн нэгдэж чадах уу?                                                    

-2016 онд АН-ын хийсэн бүтээсэн зүйлийг ард түмэн үнэлдэг. Харин эв нэгдлээ хангаад ир хэмээн дүн тавьсан. Гэтэл өнөөдрийг хүртэл 11 хүн учраа олж чадахгүй, нам хоёр талдаа гарчихсан явж байдаг. Нөгөө эв нэгдлээ хангаад ир гэдэг ард түмний захиалгыг умартан, өнөөдрийг хүртэл “үзээд” байж болохгүй. Маш олон асуудал байна. Эдийн засаг асар хүнд байдалд орлоо. Нийгэм, иргэдийн амьдрал, хүнс барааны үнэ, өр шир авах юм алга. Энэ тохиолдолд сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, УИХ-д дуу хоолойгоо хүргэх ёстой болохоос биш хэл ам, хэрүүл тэмцэл, сандал суудал бидний хувьд чухал асуудал биш гэдгийг хэлье. Хууль гарган МАН-аар асуудлаа шийдүүлж болохгүй. Хоорондоо цуглаад, хурлаа хийгээд, Д.Ганбатыг огцруулдаг бол огцруулаад цаашаа явъя.

-Таны хувьд тэтгэвэр нэмэх, тэтгэврийг таван жилээр тогтоох ёстой талаар чуулганы хуралдаан бүр дээр хэлдэг. Цагаан сарын өмнө тэтгэвэр нэмсэн. Тиймээс тэтгэврийг дахиад нэмж чадах уу?

-Тэтгэвэр тогтоохдоо долоон жилийн цалингийн дунджаар биш, таван жилийн дунджаар тогтооё гэж байгаа юм. 2016 онд МАН гарч ирээд, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан. Олон үүрэг даалгавар авч, тэр хүрээнд гэрээ байгуулан ажилласан. 2018 онд ОУВС-гийн хөтөлбөрөөс гарсан. Гарахдаа ард иргэдээс илүү юм авчхаад, бага мөнгө өгдөг тогтолцоог үлдээсэн. Өөрөөр хэлбэл, тэтгэврийг долоон жилээр тогтоодог заалтаа авч үлдсэн. Тиймээс тэтгэвэр тогтоохдоо иргэдийн тэтгэврийг буцаагаад таван жил болгочихвол дунджаар 100-150 мянган төгрөг нэмэгдэх боломж иргэдэд бүрдэж байна.

Гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр иргэдтэй уулзалт хийж явна. Тэр үеэр иргэд УИХ-ын гишүүдээс тэтгэврийг таван жил болгох хуулийн төслийг дэмжиж өгөөрэй гэж УИХ-ын гишүүдээс шаардахыг хүсч байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж