Уул уурхайн магнат, “Ivanhoe Mines” компанийн үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд “Ivanhoe Electric” компанийхаа хувьцааг олон нийтэд санал болгож (IPO), 180 сая ам.доллар татан төвлөрүүлэхээр зорьж байгаа аж. Энэ нь дэлхийн эрчим хүчний шилжилтийн гол түлхүүр болох нэн чухал ашигт малтмалуудын төслүүдэд хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэмэгдүүлэх зорилготой юм байна.
“Ivanhoe Electric” компаниас өнгөрсөн Баасан гариг (2022.06.17)-т нийт 14.4 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 11.75-12.5 ам.доллараар санал болгохоор төлөвлөж буй талаар мэдэгджээ. Мөн тус компанийнхаа хувьцааг нээлттэй арилжаалахаар Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгүүлэх хүсэлт гаргасан байна.
IPO хийх, хөрөнгө босгох ажлыг удирдаж буй хөрөнгө оруулалтын банкууд нэмэлт 2.16 сая хувьцаа зарах боломжтой бөгөөд ингэснээр орлогыг 206.8 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлэх боломжтой аж. Энэхүү хувьцаа нь IE тикертэйгээр NYSE America болон Канадын Торонтогийн хөрөнгийн бирж дээр арилжаалагдах төлөвтэй байгаа талаар “Mining” мэдээлэв.
Фрийдландын багийнхан сүүлийн арван жилийн хугацаанд цэвэр эрчим хүчний шилжилтэд шаардлагатай зэс болон бусад металл голдуу төвлөрүүлсэн ашигт малтмалын төслүүдэд гол анхаарлаа хандуулан ажиллаж буй талаар танилцуулгадаа дурджээ.
Өдгөө 71 настай Роберт Фрийдланд “Рио Тинто” группийн эзэмшлийн, Монгол дахь зэс-алтны асар их нөөцтэй ордод ажиллаж байсан. Тэрбээр Сингапурт оршин суудаг, өөрийн үүсгэн байгуулсан “Ivanhoe Electric”-ийн гүйцэтгэх захирал, “Ivanhoe Mines”-ийн ТУЗ-ийн дарга юм. "Forbes" түүний хөрөнгийн нийт хэмжээг 2.1 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ.
Цахилгаан автомашины батарейнаас эхлээд эрчим хүчний нөөцлөх байгууламж зэргийн гол түүхий эд болоод буй зэсийн үйлдвэрлэлд Хятадын ноёрхлыг бууруулж, АНУ дахь уурхайнууддаа санхүүжилт босгохын тулд тэрбээр ийнхүү "барьц"-аа ахиулж байгаа аж.
АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос мэдээлснээр, Аризона, Юта мужуудад зэсийн хоёр уурхай эзэмшдэг “Ivanhoe Electric”-ийн IPO гаргах үйл ажиллагаанд “BMO Capital Markets” болон “Jefferies” компаниуд андеррайтераар оролцох юм байна. Шинжээчид Фридландын компани 200 сая гаруй ам.доллар босгож чадна гэж таамаглаж буй аж.
Эх сурвалж: MINING, REUTERS
Холбоотой мэдээ