Нийслэлийн иргэдэд нэн тэргүүнд улирлаас хамааралтай асуудлууд тулгамддаг. Тухайлбал, хичээл сургуулийн улиралд түгжрэл, хаврын улиралд ус зайлуулах шугам сүлжээ хангалтгүйгээс үер бууж, иргэдийн аж амьдралд саад учруулж буй. Улиг болсон ч шүдний өвчин шиг салдаггүй ажилд угтаа жил бүр төсөв баталдаг. Ийн зөв шийдэл олох гэж хөглөсөөр байтал хот тэр аяараа хог, нүхэн жорлондоо живэх нь.
Сүүлийн жишээ дурдахад, өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд түр зуурын ширүүн бороо орж, Сонгинохайрхан дүүргийн Тахилтын амыг хуйгаар нь хог, бохирын усанд "живүүлсэн" гэхэд хилсдэхгүй.
Нийслэлийн захирагчийн ажлын албанаас онцгой анхаарч ажилласнаа мэдэгдэж, аргагүй нөхцөл байдлаас болж айл өрхүүдэд сэрэмжлүүлэг хүртэл хүргэсэн гэсэн зураг, бичлэгүүд цахим орчинд тарсан. Үер усны аюул, эрсдэлийн үед алба хаагчид ажлаа хийх нь гарцаагүй. Харин нийслэлийнхэн жил бүр төсөвт суулгадаг санхүүгийн тодорхой хувиар төлөвлөсөн ажилдаа алслагдсан дүүрэг, хороодын асуудлыг шийдвэрлэхийг яагаад багтааж тусгадаггүйг гайхах хүн олон байна. Тиймээс холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.
ШААРДЛАГАТАЙ 14 БАЙРШИЛД УС ЗАЙЛУУЛАХ ХООЛОЙ БАЙХГҮЙГЭЭС МАШИНААР СОРУУЛДАГ
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2020 онд хийсэн судалгаагаар, нийслэлийн 25 байршилд ус зайлуулах шугам сүлжээ хэрэгтэйг тогтоожээ. Гэсэн ч энэ ажилд төлөвлөлт, зураг төсөл хэрэгтэй төдийгүй урт хугацаа шаардаж байна. Өнөөдрийн байдлаар хотын 11 байршилд ус зайлуулах хоолойг тодорхой хэмжээнд шийдэж өгчээ. Харин ус зайлуулах хоолой зайлшгүй шаардлагатай ч байдаггүй 14 байршлын үерийн усыг машинаар соруулдаг байна.
Нийслэлд нийт 461 км урттай үерийн ус зайлуулах шугам шаардлагатай ч өнөөдрийн байдаар 209 км байгаа аж.
Иймд нийслэлд 2040 он гэхэд шаардлагатай ус зайлуулах шугам сүлжээ тавихаар төлөвлөжээ. Энэ оны төсвийн тодотголд нийт 1.2 тэрбум төгрөгөөр Геодизи, усны барилга байгууламжийн газрын тоног төхөөрөмжийг шинэчлэхээр тусгасан байна. Учир нь тус нэгжид техник хэрэгсэл хангалтгүй байдгаас үерийн ус зайлуулах шугам сүлжээг нэмж, арчлах боломж хомс байдаг болохыг албаныхан онцлов. Тиймээс шугам сүлжээг нэмэх бус байгаагаа арчлахад эхний ээлжид анхаарч, ирэх 20 жилийн дотор ус зайлуулах хоолой нэмэхээр нийслэлээс төлөвлөжээ.
УС ЗАЙЛУУЛАХ БАЙГУУЛАМЖ ТУХАЙН ЗАМЫНХАА ГАДАРГУУГИЙН УСЫГ Л ЗАЙЛУУЛАХ ҮҮРЭГТЭЙ
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.МАРИНА:
-Хотын хэмжээнд замын ус зайлуулах хоолой хэчнээн байна вэ. Засвар шинэчлэлтийн ажил хийж байна уу?
-Авто замууд ил болон далд хэлбэрээр гадаргуугийн усаа зайлуулдаг. Улаанбаатар хотын 840 гаруй километр авто замын хувьд инженерийн шийдэл бүхий далд хэлбэрийн борооны ус зайлуулах шугам сүлжээ 184 километр байдаг. Эдгээр далд шугам сүлжээ нь хотын 46 гудамжинд байрлаж, авто замын гадаргуугийн усыг 3000 гаруй шүүрт худгаар дамжуулан авч зайлуулдаг. Замын гадаргуугийн ус зайлуулах байгууламж нь тухайн замынхаа гадаргуугийн усыг л зайлуулах үүрэгтэй. Хэрэв үндсэн үүргээр ажиллавал авто зам дээр үерийн ус өмнө жилүүдийнх шиг тогтохгүй байх боломжтой.
-Журам зөрчиж, ус зайлуулах хоолойд ачаалал үүсгэж байгаа этгээдэд ямар хариуцлага тооцдог вэ?
-Өчнөөн тэрбум төгрөгийн хөрөнгөөр шүүрт худгуудын лаг шаврыг жилд хэд хэдэн удаа цэвэрлэдэг. Гэтэл ашиглалтын нөхцөлийг зөрчиж байгаа хүмүүс, аж ахуйн нэгжид хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн орчин байдаггүй. Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд өнгөрсөн онд нийт 174 байршилд 4134.2 куб метр худгийн лагийг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгүүдэд тээвэрлэж ажилласан. Энэ онд борооны ус зайлуулах шугам худгуудын лагийг цэвэрлэхээр төлөвлөөд байна. Ил сувгийн цэвэрлэгээг ч мөн хийж байна.
Холбоотой мэдээ