Энэтхэгийн далайд Мальдивын хөвдөг хот баригдаж эхэллээ. Тус хот Мальдивын нийслэл Мале хотоос завиар 10 минут яваад хүрэх зайд оршино. Хотод 20 мянган хүн амьдрах боломжтой.
Хүний тархины барзгартай төстэй загвараар баригдсан энэ хот нь байшин, ресторан, дэлгүүр, сургууль зэрэг 5000 хөвөгч байгууламжаас бүрдэнэ. Тэдгээрийн дундуур суваг урсах аж.
Хотын эхний хэсэг энэ сард нээлтээ хийх бөгөөд 2027 он гэхэд бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусах юм байна.
Үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч "Dutch Docklands" компани Мальдивын засгийн газартай хамтран уг төслийг хэрэгжүүлж буй юм. Нийт 1190 нам дор арлаас бүрддэг Мальдив улс дэлхийн цаг уурын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий орны нэг билээ. Газар нутгийн 80 хувь нь далайн түвшнээс дээш нэг метр хүрэхгүй өндөрт оршдог. Гэтэл энэ зууны эцэс гэхэд усны түвшин нэг метр хүртэл өсөх төлөвтэй байгаа тул тус улс тэр чигээрээ живж болзошгүй байдалд хүрчээ. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт нь хөвөгч архитектурыг хөгжүүлэх хөшүүрэг болж байна.
Мальдивын хөвдөг хот солонгын өнгөтэй байшин, өргөн тагт, далайн эргийн үзэмжээрээ нутгийн иргэдийг татах юм. Оршин суугчид завиар аялах, элсэрхэг гудамжаар алхах, дугуй унах, цахилгаан скутер, эсвэл тэрэг жолоодох боломжтой.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ