NEWS агентлаг энэ удаагийн 76:1 буландаа УИХ-ын 19-р тойрогт нэр дэвшиж, сонгогдсон Гонгорын Дамдиннямыг онцолж байна.
Дархан-Уул аймгаас сонгогдсон МАН-ын гурван гишүүний нэг нь Г.Дамдинням бөгөөд энэ танхимдаа шинэ, бас залуу гишүүндээ орно. Нийгэм судлал, эрх зүйн багш мэргэжилтэй ч 2008 оноос тэр Байгаль орчны сайдын зөвлөхийн ажлаар улс төрийн гараагаа эхэлж байжээ. Сайдын зөвлөх, проректор, судлаач гээд боловсролын салбарт ажиллаж байсан тэрбээр гэнэтхэн л 2020 оны сонгуулиар гарч ирсэн юм. Дөнгөж УИХ-ын гишүүн болчхоод “УИХ-ын гишүүнийг цагдаа нь танихгүй, 30 минут саатууллаа” хэмээн чуулганы индэр дээрээс гомдоллож суусан тэрбээр одоо МАН-ын попуудын тэргүүн эгнээнд явах болсон. Түүгээр ч зогсохгүй түүнийг сагсуу нэгэн гэж дарханчууд жиг жуг гэлцэх болсон. Учир нь УИХ-ын чуулганы индэр дээрээс хараалын үг чулуудаж, тэр нь бүр хоч болчихсон яваад дарханчууд битүүхэн дургүйлхэж суудаг гэх.
Сонгогдсон тойрог, нийт ард түмний төлөө хийсэн, өөрийн гэсэн автор болсон хуульгүйг сошиалаар ажлаа хийдгээс нь дүгнэж болно. Танхимынхаа хоёр найзтайгаа нийлж, Хөгжлийн банкнаас зээл авсан асуудлаас тэр ганцаараа мултарч үлдсэнд гайхах хүмүүс олон.
Эрх барьж байгаа намын бялуу хуваалт бол сайд, байнгын хорооны дарга, түр хорооны дарга гэсэн эрэмбэтэй. Анх удаа сонгогдож байгаа гишүүдэд бол байнгын хорооны дарга бол хатуухан самар л гэсэн үг. Харин Г.Дамдиннямын хувьд одоо УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэн ухаан, спортын байнгын хорооны даргын албан тушаалд бий. Хөгжлийн банкны зээлд хамрагдсан, залуу, анх удаа сонгогдсон гишүүдийн фракцид олгосон квот нь тус байнгын хорооны дарга байсан бөгөөд нөхөд нь түүнийг дарга болоход ихээхэн дэмжлэг үзүүлсэн гэдэг.
Нөгөө талдаа Дарханд Сангийн сайд Б.Жавхланг эс тооцвол дараагийн нэр дэвшигч, намдаа суудал зулгаачих хүн одоогоор түүнээс өөр үгүй учраас байнгын хорооны даргаар шагнасныг нь үгүйсгэмгүй. Хөгжлийн банкны хэргээс “сугалж” үлдсэн нь ч учиртай.
Г.Дамдиннямд өнөөдөр өөрийн гэсэн автор болсон хуулийн төсөл гэж байхгүй. Танхимын нөхөдтэйгөө хамт өргөн мэдүүлсэн хэдэн хуулийн төслийг эс тооцвол сүүлийн үед тэрбээр хүний эхлүүлсэн, хийж байгаа Дархан-Улаанбаатар замын ажлын автор нь болохоор хичээж эхэлсэн. Энэ чиглэлд баригдаж буй авто замын ажил дээр очиж ажиллаж байгаа нэртэй, салбарын сайдыг нь “матарлаж” суух нь түүний үндсэн ажил болсон.
Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын ажил удаашралтай байгаа юу гэвэл тийм ээ. Гэхдээ тэр ажлыг эхлүүлсэн хүн нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, харин үргэлжлүүлэгч нь одоогийн намын дарга Л.Оюун-Эрдэнэ. Г.Дамдинням мянга “Дарханы зам” хэмээн орилсноос үл хамаарч энэ ажил өөр хүний автор болох нь тодорхой. Гэхдээ түүний ийн “Дарханы зам”-ын автор болох гэсэн санаа нь 2024 оны сонгуулиа бодсон л алхам гэдэг нь шуудхан уншигдаж байгаа юм. Тэр ингэж л олны анхааралд байгаа сэдвийг барьж авч, өөрийгөө таниулж чаддаг “төлгөн поп”. Анх сонгогдсоных нь дараа төрийн цагдаа таниагүй учраас тэр хамгийн галтай сэдвийг сонгож авсан нь түүний попуудын эгнээнд байдгийг илтгэнэ.
Г.ДАМДИННЯМЫН НАМТАР
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
- 1999 онд Дархан-Уул аймгийн 7 дугаар дунд сургууль
- 2004 онд МУБИС, нийгэм судлал, эрх зүйн багш
- 2005-2007 онд МУБИС, улс төр судлалын магистр
- 2013-2016 онд Бритиш Колумбын их сургууль, уул уурхайн засаглал, бодлого судлалын магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 2008-2009 онд Байгаль орчны сайдын зөвлөх
- 2009-2010 онд БСШУ-ны сайдын зөвлөх
- 2010-2013 онд ШУТИС, Нийгмийн хөгжлийн проректор
- 2015 онд Канад Улс Бритишийн Колумбын их сургуулийн судлаач
- 2017 онд “Прокон Майнинг Монголия” ХХК-ийн гүйцэтгэх захирал
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2021 оноос Монгол Улсын Их хурлын Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга
ГАДААД ХЭЛ:
- Англи
- Орос
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ