Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзсан. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын талд "Ковакс" хөтөлбөрөөр дамжуулан, 5-11 насны хүүхдийн вакцин нийлүүлэх хүсэлт тавьсан билээ.
АНУ-аас Монгол Улсад хандивласан 302400 тун "Файзер" вакциныг манай улс энэ сарын 18-нд хүлээн авсан. Covid-19 цар тахлын эсрэг эдгээр вакциныг "Ковакс" хөтөлбөрийн дагуу Монголд ирүүлсэн талаар АНУ-ын Элчин сайдын яам албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн билээ.
ХӨСҮТ-өөс дээрх вакцины талаар тодруулахад "Одоогийн байдлаар Хүний эмийн зөвлөлөөр орохоор хүлээгдэж байна. Түүнчлэн Covid-19-ийн эсрэг хүүхдийн вакциныг дэлхийн 140 гаруй оронд хэрэгжүүлсэн. Манай улс эхний ээлжинд хийх, бага хэмжээний вакцин оруулж ирээд байна. Тариур нь удахгүй орж ирэхээр төлөвлөгдсөн. Хүний эмийн зөвлөлөөр батлагдсаны дараа Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу хүүхдүүдэд тун хийгдэнэ. Түүнээс өмнө бэлтгэл ажил болох сургалтууд, вакцин хийх товлолуудаа гаргана.
Вакцин тарих хугацаа болон зайг сайдын тушаалаар баталгаажуулна гээд процессын ажил их бий. Энэхүү вакцин нь 5-11 насны хүүхдэд хийх боломжтой. Одоогоор сайн дурын үндсэн дээр 12-оос дээш насны хүүхдүүдэд вакцин хийж байна. Энэ орж ирсэн "Файзер" вакциныг ч гэсэн сайн дурын үндсэн дээр хийнэ. Бид хэн нэгнийг албадан шахахгүй. Вакцин дэлхийн 130 оронд үр дүнгээ өгч батлагдаад, амжилттай хэрэгжиж байна" гэв.