Мөнгөтэй нь хөгжмөө захиалдаг гэдэг. Энэ удаад Х.Баттулгын захиалсан хөгжмийг МАН-ын бүлэг тоглох юм.
УИХ дахь АН-ын бүлэг хоёр хуваагдаад удаж байгаа билээ. Товчхондоо, Д.Ганбатыгаа огцруулахаар АН-ын бүлэг удаа, дараа оролдоод, сандал суудлаас нь унагаж чадаагүй. Учир иймээс УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын есөн гишүүн УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж, УИХ-ын даргад өргөн барьсан. Уг хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ хэлэлцэхийг дэмжсэн билээ. Өөрөөр хэлбэл, Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас нь огцруулахын тулд Женко М.Энхболд дээр хэрэглэсэн мэхээ ахин ашиглаж буй нь энэ юм. Үнэндээ О.Цогтгэрэлийн ард Х.Баттулга байгаа нь тэнэг хүнд ч ойлгомжтой болсон. Тэгэхээр Х.Баттулгын хүсэлтийг Г.Занданшатар биелүүлэх юм бол АН-ын нэрээр Х.Баттулга улс төрийн акц хийх бүрэн боломжтой болно гэсэн үг.
Үндсэндээ, ганц Д.Ганбатын асуудал юм биш, үзэл бодол таараагүй нэгэндээ зориулж, хуулийг хувьчлан зөрчиж байгаад албан тушаалаас нь огцруулдаг, сандал суудлыг булаадаг буруу жишиг Монголын улс төрд энэ мэт тогтож байх шиг. Өнөөдөр АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах тухай ярьж буй боловч энэ нь маргааш Д.Тогтохсүрэнд, цаашлаад Г.Занданшатарт тохиох үйлийн үр байж мэднэ. Амьдрал, албан тушаал алга урвуулахын дайтай гэдэг.
Ийнхүү Х.Баттулга Ардчилсан намыг парламент дээр үнэгүйдүүлээд зогсохгүй, бүлгийг нь хоёронтаа задлаж байна. Нэгэн цагт нөхөр явсан Д.Ганбат, Х.Баттулгын хоёрын зам салаад зогсохгүй, бүр дайсан болж хувирсан нь мэдээж эрх ашгийн зөрчилдөөн юм. Монголын улстөрчдийн эрх ашиг нь салсан цагт зам нь салдаг, нөхөрлөл нь дуусдаг нь бичигдээгүй хууль шүү дээ. Эрх ашиг нь нэгдвэл чөтгөртэй нь тэд нийлж чадна.
Бүтэн найман жил Ардчилсан намыг талцуулж, тамирыг нь барсныхаа дараа Х.Баттулга албан тушаалд хүрэх гишгүүр болгон ахин ашиглахыг хүссэн. Харамсалтай нь, түүний "албин хүсэл" УДШ дээр хад мөргөж, ичсэн нэрэндээ тэтгэврийн хэдэн хөгшнийг “зулын гал” болгох акц зохион байгуулсан биш олон нийтийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй нүүр тулсан билээ.
Өнөөдөртөө түүний гудамжны улс төр нь намжсан мэт харагдавч Х.Баттулгад нэг бодол бий нь лав. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн өмнөхөн Д.Ганбатыг бүлгийн даргаас нь огцруулж, өөрийнхөө хүнийг тавихын тулд О.Цогтгэрэлээр хуулийн төсөл өргөн бариулсан нь түүний улс төрийн нэг нүүдэл юм. Өнгөрсөн тавдугаар сард өргөн барьсан хуулийн төслийг сарын дараа, яаралтай горимоор хэлэлцэхээр болсон нь Г.Занданшатартай тохирсных ч байж болно. Сүүлийн үед УИХ-ын дарга Г.Занданшатарыг “күүл” нүдээр харах болсон УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хүртэл О.Цогтгэрэлийн хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх ёстой гэх байр суурийг илэрхийлэхийнхээ “ялдамд” хүчтэй сөрөг хүчин хэрэгтэй байгааг тодотгосноос харвал бүх юм сценарийн дагуу л явж байна гэсэн үг. Б.Энхбаяр хуульч хүн, өөрийнх нь байнга шүүмжилдэг Х.Баттулга О.Цогтгэрэлийн ард байгааг төвөггүйхэн уншихтайгаа. Атал гэнэт АН-ын бүлгийн асуудал санаа тавьж эхэлсэн нь цаана учир шалтгаан бий гэсэн үг.
УИХ-ын чуулганы хуралдаан дээрээ эрх баригчид гэхээсээ илүү ганц Д.Ганбат руугаа дайрдаг ЖАН-д бүлгийн эрх мэдэл очсоноор МАН-ын эсрэг хүчтэй сөрөг хүчин болж чадна гэдэгт захын тэнэг ч итгэхгүй. Ш.Адьшаа, Н.Ганибал хоёроосоо эхлээд МАН-ын могойд барьдаг мод болоод гүйж байсан нь саяхных шүү дээ.
Г.Занданшатар, Х.Баттулга хоёр Баянхонгорынх. Улс төрийн хувьд харилцаа муугүй, харин ч сайн гэж хэлж болно. Тэгэхээр АН-ын бүлгийн даргын асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх болсон нь Г.Занданшатарын хувьд Х.Баттулгад төлж буй төлөөс ч байж мэднэ. Х.Баттулга М.Энхболдыг огцруулах хууль санаачлаагүй бол Г.Занданшатар УИХ-ын дарга болох байсан ч уу.
Ардчилсан намын зүгээс энэхүү үйл явдал шүүмжлэлтэй хандаж байгаа билээ. Нэн ялангуяа УИХ-ын дарга Г.Занданшатарт. Тус намын хуулийн зөвлөх О.Баасанхүү “Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг төрийн ордны хуйвалдааны байдлаар хийх замаар явууллаа. Г.Занданшатар байгаа цагт Үндсэн хуулийг өөрчлөх нь ёсгүй. Г.Занданшатарын ноцтой асуудлыг удахгүй гаргаж тавина. Ордны хуйвалдаанаар төрийн эрх мэдлийг авах гэсэн хүмүүс Үндсэн хуульд халдахыг зөвшөөрөхгүй. Тэр тусмаа зарим нэгэн этгээдүүдтэй нийлж, АН-ын бүлэгт халдлаа” гэсэн нь Х.Баттулга, Г.Занданшатар нарт хандсан үг нь тодорхой.
Мэдээж, АН-ын бүлгийг хэнд өгөх нь МАН-ын 62-оос шалтгаална. Хэрэвзээ, Х.Баттулгад АН-ын бүлгийг өгвөл МАН өөрсдөдөө мангас төрүүлж байна гэсэн үг. Өөдөө шидсэн чулуу, өөрийн толгой дээр гэдэг. Ингэж байгаад эрх баригчид пянгаа даахгүй уйлах вий дээ, яана.
Холбоотой мэдээ