Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд олон улсын шалгалтын оноог ЭЕШ-ын дүн оноотой дүйцүүлэх заалт шинээр нэмэгдсэн байна. Ирэх Пүрэв гаригт эхлэх элсэлтийн ерөнхий шалгалттай холбогдуулан энэ жилийн ЭЕШ өнгөрөгч жилүүдийнхээс юугаар онцлог, шалгалтын үеэр анхаарах зүйлс болон жил жилийн шалгалтын дараа олон нийтийн сүлжээ, иргэдийн дунд эргэлзээ бухимдал үүсгэдэг асуудал болох “материал задарсан” гэх зүйлсийн талаар Боловсролын үнэлгээний төвөөс тодрууллаа.
Элсэлтийн ерөнхий шалгалт 2022 оны зургадугаар сарын 23-нд 10:00 цагт түүхийн шалгалтаар эхэлнэ.
БҮТ-ийн ахлах мэргэжилтэн Д.Энхжаргал:
-Энэ жилийн ЭЕШ-ын журамд олон улсын шалгалтын дүн оноог ЭЕШ-ын дүн оноотой дүйцүүлэх тухай шинэ журам нэмэгдсэн. Одоогийн байдлаар энэ журмын дагуу 1000 гаруй сурагч хүсэлтээ илгээсэн байна. Шалгалт өгөхөөр бэлдэж буй ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчдад анхааруулах зүйл гэвэл шалгалтад ирэхдээ дөрвөн төрлийн баримт бичиг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд:
- Иргэний үнэмлэх
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
- Суудлын хуваарь
- Бүртгэлийн хуудас зэрэг багтана.
Эдгээр материалыг шалгалтын өмнөх өдөр сайтар шалгаж бэлдсэн байх хэрэгтэй. Зарим хүүхэд бичиг баримт дутуугаас болж өөртөө зохиомол сандрал үүсгэх гээд байдаг. Мөн замын түгжрэл зэргийг тооцоолж гэрээсээ гарах цагаа төлөвлөж тайван шалгалтаа өгөөрэй гэж зөвлөе.
Материал задарсан гэх асуудлын тухайд Боловсролын үнэлгээний төв 2006 оноос хойш хяналт тавьж эхэлсэн. Энэ хугацаанд ямар ч шалгалтын материал задарсан асуудал гараагүй.
Шалгалтын материал бэлдэх явцад Тагнуулын ерөнхий газартай хамтарч хотоос зайтай амралтын газарт ямар ч утас, сүлжээ, интернэтгүй орчинд дөрвөн цагдаагийн хамгаалалт дор боловсруулдаг. Өнгөрсөн нэг, хоёр жилд шалгалтанд оролцогчдоос зарим нь гар утас авч орсноор материалын зургийг дараад дараа нь интернэт орчинд нийтэлж өмнө задарсан мэтээр харагдуулдаг. Энэ нь нийгэмд хар бараан, буруу зүйл түгээх гэсэн ажил гэв.
Г.Бүжинлхам
Холбоотой мэдээ