Дэлхийн улс орнуудад инфляцийн түвшин нэмэгдэж байгаагаас үүдэн сүүлийн зургаан сарын хугацаанд АНУ, Англи, БНСУ, Энэтхэг зэрэг 40 орчим улсын төв банк бодлогын хүүгээ өсгөжээ. Мөн Европын төв банк хүүгээ өсгөх дохио өгөөд байгаа билээ.
АНУ-ын Төв банк зургадугаар сард бодлогын хүүгээ 0.75 нэгж хувиар өсгөж, 1.50-1.75 хувь хүртэл нэмэгдүүлсэн. Холбооны нөөцийн банк жишиг хүүгээ ийнхүү огцом нэмсэн нь 1994 оноос хойших хамгийн өндөр өсөлт болсон бол Английн төв банкны хувьд зургадугаар сарын хурлаараа бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр нэмэгдүүлсэн байна. Мөн Австралийн нөөцийн банк бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр нэмэгдүүлж, 0.85 хувьд хүргэх шийдвэр гаргасан нь хоёр хурал дараалан хүүгээ өсгөж буй анхны тохиолдол юм.
Швед, Норвеги, Канад, Шинэ Зеланд улсуудын төв банкууд мөн бодлогын хүүгээ 0.25-2.00 нэгж хувиар өсгөжээ. Швед улсын хувьд энэхүү өөрчлөлт 2020 оноос хойших бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн анхны тохиолдол болов. Мексик улсын төв банкны Удирдах зөвлөлийн шийдвэрээр овернайт банк хоорондын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 7.0 хувь болгосон байна. Холбооны нөөцийн банк хүүгээ өсгөсний дараахан Бразил, Саудын Араб, Швейцар, Англи зэрэг улс орнуудын Төв банкууд хүүгээ мөн өсгөжээ.
Дэлхийн улс орнуудын төв банкууд ийнхүү бодлогын хүүгээ нэмж байгаа нь өндөр түвшинд хүрээд байгаа инфляцийг бууруулж, үнийн дарамтыг хяналтдаа байлгаж, инфляцийг зорилтот түвшинд барих зорилготой юм.
Дэлхий даяар инфляцийн өсөлт өмнөх төсөөллөөс илүү урт хугацаанд үргэлжилж байгаа нь Украинд болж буй дайны улмаас барууны орнууд ОХУ-д хориг тавьсантай холбоотой. Мөн хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн саад бэрхшээл болон эрчим хүч, түлш шатахууны үнийн өсөлтөөс голлон шалтгаалж байна гэж үзжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хүснэгтээс харна уу: (Hike = өсөлт, Cut = Бууралт)
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ