Хэт өндөр үнийг хянах журмын төсөл боловсруулах ажлын хэсгийг ШӨХТГ-аас гаргажээ. Тэд хэт өндөр үнэтэй тэмцэхээр болсноо хэвлэлд тайлбарлахдаа " Засгийн газраас дизель түлшний онцгой татвар, Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэсэн хэдий ч валютын хомсдол, барааны татан авалт, түүхий эд, бараа материалын тээвэрлэлтийн удаашралаас үүдэлтэй үнийн өсөлт зогсохгүй байгаагийн хажуугаар олон улсад монополи, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчид үнэ хөөрөгдөж, хэт их ашиг олох явдал гарсаар байна.Үүний эсрэг авч хэрэгжүүлж буй олон улсын туршлагыг судлахад Европын холбооны улсууд болон Их Британи, ОХУ, Турк , Казахстан, Беларусь, Чили, Армени, Энэтхэг зэрэг орнууд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч хэт өндөр үнэ тогтооход хяналт тавих хууль, журам мөрдүүлж байна" гэжээ. Тус ажлын хэсгийнхэн журмын төслийг шуурхай боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх юм байх. Үнэндээ үнийг төр зохицуулах боломжгүй. Зах зээл нь үнийг тогтоодог. Өөрөөр хэлбэл, чөлөөт эдийн засгийн үед үнийг эрэлт, нийлүүлэлт нь тодорхойлдог "тавилантай". Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд 30 гаруй жил болж буйн ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуунд сануулчихад буруудахгүй биз. Цаас чичлэхээс нааш цоордоггүй, хүн хэлэхээс нааш санадаггүй гэдэг.
Эрээний хилийг хааснаар Монголд бараа бүтээгдэхүүний үнэ эрс өссөн. Нийлүүлэлтийн хомсдол үүссэн тул бүх л салбарт үнийн хөөргөдөл бий болсон. Нийлүүлэлт нь хэвийн болоогүй нөхцөлд ШӨХТГ-аас хэчнээн гоё сайхан журам баталлаа ч цаасан дээр л үлдэх болов уу. Нөгөөтэйгүүр төрөөс үнийг хүчээр барих тусам эдийн засаг сөрөг үр дагавартай. Тиймээс ШӨХТГ-аас хэт өндөр үнэд хяналт тавина гэж байхаар төрийн дарамт шахалтаа зогсоочихвол жижиг, дунд үйлдвэрлэгчдэд учирдаг бэрхшээл нь багасч, тэр хэрээр эцсийн хэрэглэгчдэд ирдэг ачаалал нь буурна гэсэн үг.
ШӨХТГ нь үе, үеийн популистуудын очдог, суудаг газар болоод удаж байна. С.Мөнхчулуун ч өмнөх дарга нарынхаа популизмыг үргэлжлүүлэхээр шийдсэн бололтой, хэт өндөр үнийг хянана хэмээн журам боловсруулахаар шийдсэнээс харвал шүү дээ. Үүнийхээ оронд монополиуд нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийнхээ боломжийг хулгайлж, зах зээл, үйлдвэрлэл, үйлчилгээг нь булааж авч байгаад хяналт тавих нь шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх бодлого байх болно. Түүнээс С.Мөнхчулуун журам боловсруулаад үнийг бууруулчихдаг юм биш. Манай дарга нарын амлалт, авч хэрэгжүүлж байгаа бодлогоор бол аль хэзээний үнэ буурчихсан байх байлаа. Гэтэл бараа, бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өссөөр байна шүү дээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ