Улаанбаатар орчимд орсон түр зуурын хүчтэй салхи, аадар борооны улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд 89 удаагийн үерийн дуудлага бүртгэгдсэн байна. Хамгийн их дуудлага нь Сонгинохайрхан дүүрэгт 45 бүртгэгдсэн бөгөөд гэр, хашаа байшин руу ус орлоо, орон сууцны зоорийн давхар усанд автсан, нурсан, байшингийн дээвэр хууларч унасан гэсэн дуудлага зонхилжээ. Мөн Чингэлтэй дүүрэгт 10 дуудлага, Хан-Уул дүүрэгт 17, Баянзүрх дүүрэгт 17 удаагийн үерийн дуудлага бүртгэгдсэн байна.
Онцгой байдлын газраас тодруулахад шуурхай хэлтэс болон Гал түймэр унтраах, аврах ангиудын бүрэлдэхүүн 27 байршилд очиж, шуурхай арга хэмжээ авч аюулгүй байдлыг хангаж ажилласан гэлээ.
Өнөө, маргаашдаа Улаанбаатар хот орчмоор болон төвийн аймгуудын ихэнхи нутаг, зүүн аймгуудын хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлж суваг шуудуу татах, үерийн аманд буухгүй байх, орон сууцны хорооллууд автомашины граж, зоорины давхарт үерийн ус орохоос урьдчилан сэргийлж ус зайлуулах хоолой, сувгийн цэвэрлэгээ үйлчилгээг хийх, хамгаалалтын бүс зурвас хийх иргэдийг аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Б.Энхсанаа
Холбоотой мэдээ