Хөгжлийн банк дампуурах уу?

Хуучирсан мэдээ: 2022.06.20-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банк дампуурах уу?

Хөгжлийн банк дампуурах уу?

Төрийн эрх барьж буй МАН-ын удирдлага Хөгжлийн банкны өрийн асуудлыг дангаараа шийдэж чадахгүйд хүрсэн тухай муу мэдээ сайнаар солигдох хугацаа хэзээ ч юм, бүү мэд. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр, Хөгжлийн банкны “хөг” тасарч, дампуурлаа зарлаж болзошгүй гэх таамаглал хэзээ мөдгүй бодитоор биелж мэдэхээр байгаа аж.

Сү.Батболдын Засгийн газар хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор төрийн өмчит Хөгжлийн банк байгуулах шийдвэрийг 2010 оны долдугаар сарын 20-нд гаргасан. Хагас жилийн дараа тус банкны тухай хууль батлагдаж, 2011 оны тавдугаар сарын 12-нд Монгол Улсын Хөгжлийн банк албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Улмаар 2011 оны наймдугаар сарын 30-нд БНСУ-ын Хөгжлийн банктай хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу таван солонгос мэргэжилтэн ирж, дөрвөн жил ажиллахаар болж, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Ким Жанг Жин томилогдсон түүхтэй.

Тухайн үед эрх баригчид Хөгжлийн банктай л болчихвол “алаад өгнө” гэж ухуулж байв. Харамсалтай нь, түүнээс хойш 10 жилийн хугацаа өнгөрч, өнөөдөр тус банкны хөрөнгөд гар дүрсэн эрх баригчид яах учраа олохгүй, аргаа барж байна.

Хөгжлийн банк 2011 оны арваннэгдүгээр сарын 30-нд 20 сая ам.долларын бондыг хаалттай хэлбэрээр, 2012 оны гуравдугаар сард 580.0 сая ам.долларын, 5.75 хувийн хүүтэй бондыг олон улсын зах зээл дээр гаргасан. 2012 оны зургадугаар сард УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг банкны үйл ажиллагаа “тогтворжсон” тул 2013 оны тавдугаар сарын 25-нд өмнө нь солонгосуудтай байгуулсан гэрээг цуцалсан байдаг. Тухайн үед Худалдаа хөгжлийн банк хөрөнгөтэй болж, дээр нь Засгийн газар Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын орлогыг юунд зарцуулах төлөвлөгөө, тооцоо байгаагүй тул хүүд нь сар бүр 6 сая ам.доллар хий төлж, зургаан сар болжээ. Эрх баригчид тэр их мөнгийг “үгсэн хуйвалдан” хувааж идэхэд компанийн сайн засаглал, хууль журам ярьсан солонгосууд саад болоод байсан тухай зарим эдийн засагчид ярьсан нь бий.

“Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарын албан тушаалтнуудыг эрүүдэн шүүсэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр цагаатгасан. Сүүлд Н.Мөнхбатыг дахин шалгаж эхэлсэн билээ.

Арван жилийн дотор зургаан засгийн газар, зургаан гүйцэтгэх захирлын нүүр үзсэн Хөгжлийн банкнаас нийт 66 хуулийн этгээд зээл авсанаас тэн хагас нь чанаргүй болсон талаар тус банкны удирдлагууд мэдээлсэн.

Өдгөө Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн мөнгийг Төрийн сангийн Монголбанкин дахь тусгай дансанд төвлөрүүлж буй. Хөгжлийн банк нийт 3.1 их наяд төгрөгийн зээлийн багцын өр барагдуулахаас зургадугаар сарын 15-ны өдрийн байдлаар 248 тэрбум төгрөг эргэн төлүүлжээ. Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гариг (2022.06.16)-т нэг зээлдэгч 20 тэрбум төгрөг эргэн төлснөөр нийт эргэн төлөлт 270 орчим тэрбум төгрөг болсон байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкийг дампууруулж татан буулгахгүйгээ мэдэгдэж, эспортыг нэмэгдүүлэх, импортыг орлуулах төслүүдийг дэмжих Эксим банк болгоно гэж мэдэгдсэн. Түүний "лүндэн" буулгасны дагуу тус банкныхан Эксим банк болохоор бэлтгэлээ хангаж буй аж. Энэ талаар Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул эдийн засгийн сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Бид Эксим банк болж ажиллах ёстой. Гэхдээ юуны өмнө үүсээд байгаа асуудлаа шийдэж байж дараагийн үйл ажиллагаандаа орохгүй бол болохгүй. Банкны хуулиа өөрчлөх ёстой. Энэ өөрчлөлтийг зайлшгүй хийх учиртай. Бид хуулийн өөрчлөлтийг хүлээлгүйгээр банкиндаа зөв зүйтэй механизм бүрдүүлж, нутагшуулахаар ажиллаж байна” гэсэн юм.

Энэ онд багтаан төлөх “Самурай” бондын 30 тэрбум иенийн төлбөрийг барагдуулах боломжийн тухайд хэлэхдээ, “Иенийн ханш суларч буйгаар тооцоход энэ нь ойролцоогоор 240 сая ам.доллар болно. Тусдаа дансандаа байршиж, эргэн төлөлтөө хангах байдлаар зохицуулаад, хугацаанаас нь өмнө төлөх боломжтой тоо. Ийм байдлаар бид ажиллаж байна” гэж мэдээлсэн.

Засгийн газраас тус бондын төлбөрийг урьдчилсан байдлаар зохицуулж, хэлэлцээр хийх байдлаар төлөх үүрэг чиглэл өгсөн. Өдгөө тухайн бонд гарч байсан үеийн Японы хоёр андеррайтер банктай яриа хэлцлээ эхлүүлээд байгаа аж. “Самурай” бондын онцлог зөвхөн Японы зах зээлд борлогдсон, хөрөнгө оруулагч нар нь бүгд япончууд. Японы хөрөнгийн зах зээлийн Америкийн болон олон улсын бусад зах зээлээс ялгаатай тал нь хөрөнгө оруулагч нар нь үнэт цаасаа хугацааг нь дуустал барьдаг явдал. Тиймээс Хөгжлийн банкныхан Японы андеррайтерийн банкуудаар дамжуулан бүх хөрөнгө оруулагчтай ярилцаж, саналаа тавьсан байна. “Самурай” бонд нэг талаас Монгол Улсын Засгийн газрын, нөгөө талаас Японы хөрөнгө оруулалтын агентлагын баталгаатай юм.

Ирэх оны аравдугаар сард хугацаа нь дуусах, Хөгжлийн банкны гаргасан 500 сая ам.долларын бонд Засгийн газрын баталгаагүй бөгөөд олон улсын зах зээлд нээлттэй арилжигдаж буй. Энэ бондыг дахин санхүүжилт хийх, зарим хэсгийг эргэн төлөх байдлаар зохицуулаад явах бүрэн боломжтой гэж Хөгжлийн банкныхан үзэж буйгаа дуулгав.

Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн 96 хувийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, 4 хувийг төрийн өмчит компаниуд эзэлж байна. Өөрөөр хэлбэл, нийт зээлийн гуравны нэг буюу нэг их наяд орчим төгрөгийн зээл нь төрийн өмчийн компаниудад хамааралтай.

ОУВС-гаас Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт, баланс дээр асуудал үүссэн нь 2023 оны төсвийн тогтвортой байдалд ноцтой нөлөөлөхийг анхааруулсан билээ. Засгийн газраас төрийн өмчит хувьцаат компаниудын өр төлбөрийг барагдуулах талаар нааштай шийдвэр гарвал хагас жилийн тайлангаас өмнө эргэн төлөлтийг 400 орчим тэрбум төгрөгт хүргэх зорилттой. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, Засгийн газраас төрийн өмчит компаниудын өрийг хэрхэн төлүүлэх талаар тогтоол гаргасан гэх мэдээлэл бий ч ил болоогүй, харсан үзсэн хүн бараг байхгүй байгаа юм.

“ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ТӨҮГ, “ЭРДЭНЭС МОНГОЛ” ЗЭРЭГ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ЗЭЭЛ ХАМГИЙН ИХ ЖИН ДАРЖ БАЙНА

УИХ дахь Хөгжлийн банкийг хянан шалгах түр хорооноос мэдээлснээр, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-тай холбоотой 201.7 тэрбум төгрөгт "Буянт ухаа 1", "Буянт-Ухаа 2", "Хөдөлгөөнт цогцолбор" гэсэн гурван төсөл хамрагдаж буй. Засгийн газар "Буянт ухаа 1", "Буянт-Ухаа 2"-ын зээлийн үлдэгдлийг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-т үнэт цаас гарган Хөгжлийн банкинд эзэмшүүлэх замаар өр авлагаа барагдуулахаар төлөвлөжээ. Харин "Хөдөлгөөнт цогцолбор" төслийн хөрөнгийг зарж, Хөгжлийн банкны өрийг барагдуулах нь. Үүний үр дүнд нийт 135.1 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан шийдэгдэх аж. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны хөрөнгийн хүрэлцээ 3.4 хувиар, төлбөрийн чадвар 201.7 тэрбум төгрөгөөр сайжрах юм байна.

"Эрдэнэс Монгол" ХХК дээр бүртгэлтэй 155.5 тэрбум төгрөгийн буюу Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамын төслийн зээл бий. Багахан хэмжээний төлөлт хийсэн мэдээлэл бий бөгөөд үлдэгдэл нь 155.5 тэрбумд хүрчээ. Тус зээлийг "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн хувьцаанд ногдох ногдол ашгаар эргэн төлүүлэх шийдвэр гарсан. Зээлийн зөрүү төлбөрийг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин, нэгдэл компанийн хоорондын өглөг, авлагаар тооцон төлж барагдуулах аж.

Хөгжлийн банк Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 мВт хүчин чадалтай "Тавантолгой ДЦС"-ын төсөлд зориулан давуу эрхийн хувьцаанд хөрвөх нөхцөлөөр зээл олгосон. Өнөөдрийн байдлаар тус төсөл эхлээгүй, түүнтэй холбоотой зээл төлөгдөөгүй байна. Засгийн газар зээлийн үлдэгдлийг төслийн гүйцэтгэгч шалгарсан тохиолдолд барилга угсралтын зардалд оруулан төлж барагдуулахаар тооцоолжээ.

“Эгийн голын усан цахилгаан станц" ТӨХК-ийн чанаргүй зээлийн үлдэгдэл 48.7 тэрбум төгрөг. Тус төсөл хэрэгжиж эхлээгүй байгаатай холбоотойгоор зээл эргэн төлөгдөөгүй, чанаргүй ангилалд шилжсэн. Засгийн газар "Эгийн голын усан цахилгаан станц" ТӨХК-ийн ТЭЗҮ-д мэргэжлийн дүгнэлт гаргасны дараа зээлийн авлагыг хэрхэн барагдуулах талаар санал боловсруулах юм байна.

"МИАТ" ТӨХК-д олгосон зээл 15.9 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Энэ нь "Boeing 767 300 ER" онгоц худалдаж авсантай холбоотой бөгөөд хүчин чадлаа нэмснээр санхүүгийн хувьд боломжтой болох хүлээлттэй байгаа аж. Тиймээс Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент ҮЦХ” ХХК-ийн хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан давуу эрхийн хувьцаа эзэмших байдлаар зээлийг эргэн төлүүлэх нь.

Өнөөдрийн байдлаар хуучнаар Хөдөө аж ахуйг дэмжих сан (хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан) 47.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, төлөлт хийгдэхгүй байгаа аж. Засгийн газраас ХААДС-гийн буудайн борлуулалтын орлогыг Хөгжлийн банкинд төвлөрүүлэх замаар 2022, 2023 онд хуваарь гарган зээлийг төлүүлэхээр тооцоолжээ.

Хөтөлийн “Цемент шохой" ТӨХК-ийн талаар шүүхийн шийдвэр гараагүй ч хүү нь тооцогдсоор байгаа аж. Монголбанкны актаар 505.3 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулах шаардлага ирсэн бөгөөд нийт дүн нь 520.5 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Олон жилийн турш баруун, солгойгүй “цацалсаар” ирсний эцэст авлагаа ч гүйцэд авч чадах эсэх нь тодорхойгүй байхад Хөгжлийн банк “Амгалан дулааны цахилгаан станц” зэрэг төрийн өмчит компанийн томоохон төслийг дахин санхүүжүүлэх шийдвэр гаргасан нь шүүмжлэл дагуулж буй. Тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуулын хэлснээр, “Амгалан” цахилгаан станцын өргөтгөлийн нийт төсөвт өртөг 66.6 тэрбум бөгөөд Хөгжлийн банкнаас олгох төслийн санхүүжилтийн 85 хувь буюу 56.6 тэрбум төгрөгийн эх үүсвэр бэлэн байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж