Монгол улсын хүн амын дунд халдварт бус өвчний өвчлөл, нас баралтын тэргүүлэх таван шалтгааны нэг болсон зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүн амын дунд эрүүл зөв дадал төлөвшүүлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах, мэдлэг мэдээлэл олгох зорилгоор П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (ШУГТЭ)-ийн санаачилга, ХААН Банк Сангийн санхүүжилт дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), Монголын үндэсний олон нийтийн телевиз хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг энэ жил тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тус аяныг өнөө жил Өмнөговь, Дорноговь, Сэлэнгэ, Орхон аймагт хэрэгжүүлэхээр Даланзадгад суманд аяны нээлтийг хийв. Энэ хүрээнд Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал С.Наранцэцэгтэй ярилцлаа.
– Юуны өмнө “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” зохион байгуулах болсон талаараа ярихгүй юу?
-Монголын хүн амын өвчлөл, эндэгдлийн шалтгаанд 1990 оноос хойш зүрх судасны шалтгаант эмгэгүүд тогтмол тэргүүлж байгаа бөгөөд өвчлөлийн гуравдугаарт буюу нийт өвчлөлийн 11.1 хувь, нас баралтын 31.2 хувийг эзэлж уг өвчний хүндрэл болох зүрхний шигдээс, тархины харвалтын тохиолдлын тоо буурахгүй байна. 2021 онд 10 000 хүн амд зүрх судасны өвчлөл 936 болж ихэссэн нь сүүлийн арван жилийн дунджаас 128-аар илүү байна. Зүрх судасны тогтолцооны өвчин сүүлийн хоёр жилд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан байсан ба хүйсээр эмэгтэй, өвчлөлийн төрлөөр артерийн даралт ихсэлт, зүрхний ишеми өвчин давамгайлж, нас баралт эрэгтэйчүүдийн дунд өндөр байна. 40-49 насны эрэгтэйчүүдийн зүрх судасны эмгэгийн улмаас нас барах тохиолдол эмэгтэйчүүдтэй харьцуулахад 3 дахин өндөр байгаа төдийгүй зүрхний шигдээс түгээмэл шалтгаан болж байна. Дэлхийн түвшинд Монгол Улс зүрх судасны өвчлөлийн нас баралтаар хол тэргүүлж буй 3 улсын нэг болсоор байгаа нь харамсалтай. Цусны даралт ихсэлт залуужсаар байгаа нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн санааг зовоож, анхаарал хандуулах шаардлагатай асуудал хэвээр байсаар байгаа тул энэхүү аюулт өвчинтэй тэмцэхээр нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг, ХААН Банк Сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг 2017 оноос эхлүүлсэн. Энэ жил аяны хамтран хэрэгжүүлэгчээр Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хүч нэмэн ажиллаж, ард иргэдийг энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, зөвлөмж мэдээ мэдээлэл өгөх тал дээр хамтрахаар болж байгаад бид бүхэн баяртай байгаа.
– Энэ жилийн хувьд хэдэн аймагт тус аяныг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна вэ?
-Аяны баг 2022 оны зургадугаар сарын 19-25-ны өдрүүдэд Өмнөговь, Дорноговь аймгуудад ажиллана. Энэ жилийн хувьд улс орон даяар бүх нийтийг эрт илрүүлэг оношилгоонд хамруулах ажилтай манай аян давхцаж байна. Тиймээс тусдаа зорилтот үйл ажиллагаатай аль болох давхцал үүсгэлгүй, төрөлжсөн, нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо, эрт илрүүлэг, зөвлөгөө өгөх тал дээр тухайн орон нутгийн эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүдийн оролцоог ханган хамтран ажиллахад илүүтэй анхаарал хандуулж байна. Сүүлийн жилүүдэд артерийн даралт ихсэлтийн улмаас тархинд цус харвах, зүрхний шигдээсээр өвчлөх тохиолдлын тоо улам нэмэгдэж байна. Мөн артерийн даралт ихсэлттэй олон жил эм ууж байгаа болон даралт ихсэлтээ мэдэхгүй, мэдсэн ч эмчийн хяналтад орж зөвлөгөө авдаггүй, өөрөөр хэлбэл хяналтгүйгээс цус эрхтэн тогтолцооны архаг өвчтэй болсон, зүрх, бөөрний дутагдалд орсон үедээ оношлогдох нь цөөнгүй байна.
Иймээс манай аяны багийн энэ жилийн зорилго бол эрт илрүүлгийн үзлэгтэй зайлшгүй холбогдон ажиллах бөгөөд тус эрт илрүүлгээр илэрсэн цусны даралт ихсэх өвчтэй шинэ тохиолдлуудад тархины харвалт, зүрхний шигдээсийн эрсдэлийн үнэлгээ хийж, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд хамруулж цаашид хяналтанд авах зэрэг арга хэмжээг авч ажиллах юм. Аяны багийн бүрэлдэхүүнийг зүрх судас, мэдрэл, бөөрний төрөлжсөн мэргэжлийн эмч нараар өргөтгөсөн. Мөн орон нутгийн эмч нартай хамтран ажиллаж, ажлын байран дээр нь чадавхжуулах сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх, үзлэг оношилгоо хийх чиглэлд хамтран ажиллаж мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлнэ. Мөн иргэд рүү чиглэсэн “Эрт илрүүлэхэд иргэн Таны оролцоо чухал” гэсэн соён гэгээрүүлэх ажилд анхаарч ажиллахаар бэлтгэл ажлаа хангасан байгаа.
“ДАРАЛТ БУУРУУЛАХ ЭМИЙГ ӨДӨР БҮР, ТОГТМОЛ ЦАГТ ХЭРЭГЛЭХ НЬ ҮР ДҮНТЭЙ”
Мөн Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний шигдээсийн тасгийн их эмч Г.Мөнхтулгаас өвчлөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тодрууллаа.
-Цусны даралт ихсэлт гэж юу вэ?
-Цусны даралт гэдэг нь зүрхнээс шахагдсан цус артерийн судасны хананд учруулах даралтын ачаалал юм. Манай орны хувьд насанд хүрэгчдийн 40 хувь, 65-аас дээш насныхны 60 хувь нь цусны даралт ихсэх өвчтэй гэсэн судалгаа байдаг. Хэрэв цусны даралт ихсэх өвчнөө эмчилж, хянахгүй орхивол зүрхний алдагдал, бөөрний өвчлөл улмаар дутагдалд орох, зүрхний шигдээс, тархины харвалтаар өвдөж хөдөлмөрийн чадвар алдах, амь нас эрсдэх аюултай. Мөн хараа алдах болон амьдралын чанарыг бууруулж эрүүл мэндийн олон уршиг дагуулдаг.
-Даралт ихсэх өвчин манай улсад түгээмэл хэдий ч яг юунаас болоод даралтаа ихсэж байгааг хүмүүс тэр бүр мэддэггүй. Цусны даралт ямар шалтгааны улмаас ихэсдэг вэ?
Нас нэмэхийн хэрээр цусны даралт ихсэх өвчнөөр өвчлөх эрсдэл өндөрсдөг боловч сүүлийн үед эрс залуужиж байна. Анхдагч болон хоёрдогч гэсэн хоёр төрлийн даралт ихсэлт байдаг. Анхдагч артерийн даралт ихсэлт нь тодорхой шалтгаангүй байдаг ба олон төрлийн эрсдэлт хүчин зүйлээс хамаардаг. Хоёрдогч артерийн даралт ихсэлт нь тодорхой шалтгаантай, ямар нэгэн өвчний шинж тэмдэг байдлаар илэрдэг. Жишээ нь амьдралын буруу хэвшил, хооллолт, хөдөлгөөний хомсдол, таргалалт, чихрийн шижин, бөөрний өвчний үед даралт ихсэх гэх мэт тухайн өвчний үндсэн шинж тэмдэг юм.
-Даралт ихсэлт гэх энэ өвчнийг хүмүүс ихэвчлэн ямар үед нь мэдэж, эмнэлэгт хандаж байна вэ?
Даралт бууруулах эмээ тогтмол ууж, амьдралын зөв хэв маягийг хэвшүүлж чадвал хүндрэл үүсэхгүй, ямар ч зовуурьгүйгээр насан туршдаа энгийн хүн шиг амьдрах боломжтой. Гэвч монголчууд даралт ихэссэнээ мэдэхгүй олон жил явдаг. Ажилд орох, жолооны шалгалт өгөх, эрүүл мэндийн үзлэгт орох гэх мэт эрт илрүүлгүүдэд даралт ихсэлттэй хүмүүсийг илрүүлэх нь үр дүнтэй. Иймд эрт илрүүлгээр олон жил даралт ихсэлттэйгээ мэдэхгүй байсан хүмүүсийг болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломжийг бүрдүүлэхийг зэрэгцээ эрсдэлд өртөх магадлалыг бууруулах боломжтой. Нөгөөтэйгүүр иргэд эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамрагддаггүйгээс болоод даралт ихтэйгээ мэдэхгүй олон жил явснаар хүндэрч, амьдрал нь чанаргүй үедээ ирээд мэдэх тохиолдол нэлээдгүй.
-Даралт ихсэлт ямар ямар хүндрэлүүд үүсгэх эрсдэлтэй вэ?
-Даралт ихсэлтийн хүндрэлүүдээс дурдвал зүрхний шигдээс, тархины харвалт зэрэг монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан болох цусны эргэлтийн тогтолцоотой холбоотой өвчнүүд байдаг. Үүний дараа хавдрын өвчлөл ордог. Хавдар гэхээр хүн бүр айдас ихтэй байдаг шүү дээ. Аюултай, нас баралт өндөртэй өвчин гэдэг ч үнэн хэрэгтээ цусны даралт ихсэх өвчний хүндрэл нь нас барж буй монголчуудын талаас илүү хувийг эзлэх болсон харамсалтай нөхцөл үүсээд байна. Даралт ихсэх өвчнөөс сэргийлэх асуудлыг нэн тэргүүнд тавьж, онцгой анхаарах шаардлагатай болсон.
-Энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Хэрвээ тухайн хүн эрсдэлт хүчин зүйлд өртөхгүй, өөрийгөө хамгаалаад явбал даралт ихсэхгүй байх боломжтой. Өөрчилж болох, өөрчилж болохгүй гэсэн хүчин зүйл бий. Тухайн хүний нас, хүйс, удамшил гэсэн биологийн хүчин зүйлсийг өөрчлөх боломж байхгүй. Харин таргалалт, давсны хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, буруу хооллолт, хорт зуршил, өөр бусад өвчин зэрэг нь эрсдэлт хүчин зүйлийг өөрчилж болдог. Эдгээрээс хол байснаар даралт ихсэх өвчнөөс сэргийлэх, цаашлаад тэдгээрийн хүндрэлээс өөрийгөө хамгаалах боломжтой. Мөн даралт ихсэх өвчин оношлогдсон бол өвчтөнд амьдралын зөв хэв маяг, шаардлагатай бол даралт бууруулах эмийг эмч зөвлөнө. Даралт бууруулах эмийг насан туршдаа өдөр бүр, тогтмол цагт хэрэглэх нь үр дүнтэй. Хэрвээ эм нь таараагүй тохиолдолд эмчид хандан эмээ сольж, өөрт тохирох эмийг сонгон хэрэглэх нь зүйтэй. Даралт бууруулах эм хэрэглэж байгаа тохиолдолд хяналтаа алдаж, эрсдэл учрахгүй.
Цусны даралт ихсэх өвчнөөс голчлон эрүүл амьдралын хэв маягаар урьдчилан сэргийлэх боломжтой бөгөөд энэ нь хооллолт, жингээ хянах, биеийн тамирын дасгал хийх, сэтгэл зүйн эрүүл мэндээр дамжуулан зүрх судасны эрсдэлийг бууруулахад тусалдаг. Цусны даралтыг хянахын тулд эрүүл хооллож, давс бага хэрэглэж, жимс ногооноос шим тэжээлээ авч, кофе, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах ёстойг хэлмээр байна.
-Иргэд COVID-19 өвчнөөр өвчилсний дараа цусны даралт ихсэх болсон талаар их ярьж байна. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-COVID-19 вирус нь судасны дотор ханыг маш хүчтэй гэмтээж, бүх эрхтэн тогтолцооны өвчнийг үүсгэдэг. Дан ганц эрхтэн гэмтэхгүй, олон эрхтэн тогтолцооны гэмтлийг зэрэг үүсгэдэг. Энэ хүндрэл нь зүрх судсанд нөлөөлж, цус өтгөрүүлж байна. Судсан доторх ханыг гэмтээснээр цусыг шингэн байлгадаг тогтолцооны үйл ажиллагаа алдагдаж, бүх эрхтэн тогтолцоонд цус өтгөрөл явагддагтай холбоотой. Бичил судсуудад бөглөрөл их хэмжээгээр явагдаж байгаа нь судалгаагаар нотлогдсон. Үүнээс болж COVID-19 вирусийн халдвараар өвдсөний дараах хам шинжүүд нь өвчин болгонд харилцан адилгүй, өмнө нь илэрч байгаагүй өөр өөр шинж тэмдэг, зовиурууд илрэх болсон. Тиймээс эмч нар шаардлагатай тохиолдолд цус шингэлэх эмийг зөвлөж байна.
Ц.Пүрэвцэнд
Холбоотой мэдээ