Европын холбооноос Украинд “тулгасан” энхийн төлөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2022.06.21-нд нийтлэгдсэн

Европын холбооноос Украинд “тулгасан” энхийн төлөвлөгөө

Европын холбооноос Украинд “тулгасан” энхийн төлөвлөгөө

Франц, Герман, Итали, Румын улсын тэргүүн нар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Киевд айлчилсан. Европын холбооны удирдлагууд Донбасс бүсийн тулаан, улаанбуудайн экспортын гацаа, Украиныг гишүүнээр элсүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Түүнчлэн энэ уулзалтаар анхаарал татсан өөр нэг асуудлыг ярилцсан нь ОХУ, Украины хооронд энхийн хэлэлцээ хийх шинэ төлөвлөгөөний талаар хэлэлцжээ.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Олаф Шольц, Италийн ерөнхий сайд Марио Драги нар зургадугаар сарын 16-нд Киевт гал тэргээр ирсэн бол Румын улсын ерөнхийлөгч Клаус Йоханнис дараа өдөр нь ирсэн байна. Зочид Киевт ирэхдээ бүгд инээмсэглэж байсан ч агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх дохио дуугарч, уур амьсгал огцом өөрчлөгджээ. Удалгүй тэд Оросын цэргийн дайралтад өртсөн Ирпень хот руу очиж, дайны нөхцөл байдалтай биечлэн танилцсан байна. Киевт буцаж ирээд, Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзах үеэр тэдний инээмсэглэл ор мөргүй арилж, гашуудлын байдалтай байжээ.

ОРОЙТСОН АЙЛЧЛАЛ БА ШҮҮМЖЛЭЛ

Европын холбооны гурван том орны удирдагчийн Украин дахь айлчлал цаг хугацааны хувьд оройтсон гэж Европын холбооны Гадаад харилцаа хариуцсан парламентын зөвлөлийн дарга Александр Мерезко ярьжээ. Тэрбээр “Манай жинхэнэ нөхөд хэдийнэ Киевт айлчилсан” хэмээн онцлон мэдэгдсэн байна. Тухайлбал, Эммануэль Макроны айлчлал аль эрт зарлагдсан ч Францын ерөнхийлөгчийн сонгууль, Европын холбооны зөвлөл дэх Францын даргалал зэргээс болж хойшилсон аж.

Макрон Украины асуудалд ОХУ-ыг “гутаах”-аас сэрэмжилсэн байр суурь баримталж, Киев, Москвагийн хооронд яриа хэлэлцээ хийх хэрэгтэйг байнга онцолдог. Тэрбээр Москвад айлчилж, Украин дахь түрэмгийллээ зогсоохыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд уриалсан нь украинчууд төдийгүй европчуудад таалагдаагүй.

Харин Ирпеньд очсоныхоо дараа Макрон Украин улс ОХУ-тай бие даан асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн “хоосон үг”-ээ өөрчилсөн нь ажиглагджээ. Тэр ч бүү хэл тэрбээр Украинд нэмж зэвсгийн тусламж үзүүлэхээ амласан байна.

Үүний зэрэгцээ Германы ерөнхийлөгч Фрэнк Уолтер Штайнмайер ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй илүү ойр харилцаатайгаас шалтгаалан өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр Берлин, Киевийн хооронд дипломат үл ойлголцол үүссэн. Тиймээс ч Германы канцлер Олаф Шольц Украинд айлчлах гэж яаравчлаагүй аж. Шольцын социал демократууд засаг захиргаанд захирангуй улстөрч Штайнмайер орж ирсэнд германчууд ч тааламжгүй хандсан гэж тэрбээр тодорхойлсон байна.

Польшийн ерөнхийлөгч Анжэй Дуда өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Киевт айлчилсан. Тэрбээр Киевээс буцаж ирээд, Польшийн парламентад бүтэн 30 минутын турш Украиныг дэмжсэн үг хэлж, олны дэмжлэг авсан гэж "Шинэ Европын Украины төв" гэх төрийн бус байгууллагын захирал Алёна Гетманчукин тайлбарлав. Шольцын хувьд Украинд нийлүүлэхээр амласан цэргийн зэвсгийн хэмжээ, ангилал өөрчлөгдсөнөөс болж шүүмжлүүлжээ.

Италийн ерөнхий сайд Марио Драги ч мөн дайныг төгсгөх хэт хуучинсаг төлөвлөгөөг засгийн газраас өргөн барьснаас үүдэн шүүмжлүүлсэн байна.

Эцэст нь Франц, Германы удирдагчид Киевт ирсэн. Тэдний айлчлалын албан ёсны шалтгаан Украины Европын холбоонд нэгдэхэд дэмжлэг үзүүлэх явдал байв. Учир нь уг айлчлалаас хэдхэн өдрийн дараа Украины нэр дэвшигчийн статусыг Европын холбооны чуулга уулзалтаар авч хэлэлцсэн.

ЭНХИЙН ШИНЭ ТӨЛӨВЛӨГӨӨ

Европын удирдлагууд “Минск- III” гэж нэрлэгдсэн албан ёсны бус энхийн төлөвлөгөөг хэлэлцэхээр Украинд цугласан гэж улс төрийн шинжлэх ухаанч Владимир Фесенко тодорхойлжээ. Оросын тавьсан гэрээний нөхцөлүүдийг Украин зөвшөөрөхгүйг тэд ойлгож байна. Тиймээс янз бүрийн урамшуулал олгох байдлаар гал зогсоох хэлэлцээ санал болгоно” гэж Владимир Фесенко дүгнэжээ.

Түүний таамаглалаар дээрх урамшуулалт нөхцөлүүдэд Киевийг Европын холбоонд элсүүлэх, өргөн хүрээтэй эдийн засгийн тусламж, дайны дараа Украины боомтуудыг чөлөөлөх гэрээ байгуулах зэрэг багтах гэнэ.

Нөгөө талдаа дайн үргэлжилсээр байвал Украинд үзүүлэх цэрэг, техник, эдийн засгийн тусламжийг хязгаарлах асуудлыг ч дээрх төлөвлөгөөнд тусгасан байх магадлалтай аж. Учир нь тэд Европт дайн удаан үргэлжлэхээс эмээж байгаа гэж Владимир Фесенко нийтлэлдээ бичжээ. Түүнчлэн Украины талаас Оростой хэлэлцээ хийх санаачилга гаргах нь дайныг төгсгөх хамгийн шуурхай арга зам гэж үзэж байгаа аж. Гэхдээ одоогоор “Минск-III” энхийн төлөвлөгөөний талаар тодорхой мэдээлэл гараагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж