УИХ-ын Баасан гаригийн чуулганы хуралдааны бараг л төгсгөлд Хүний эрхийн үндэсний комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг сонсов. Мэдээж цаг оройтсон, өдөржин бөхийн цол, морио ярьсан гишүүдэд гэнэтхэн хүний эрхийн асуудал "сонин" биш байсан биз ээ. Тиймээс ч энэ удаагийн илтгэлийг сонсоод зарим гишүүд нь маргаан үүсгэж амжив. Харин энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Хүний эрхийн асуудал бол попрох сэдэв биш" хэмээв. Түүний хэлсэнчлэн попрох сэдэв огтоосоо биш. Морь, бөхийн цол ярьж өдөржин хэрэлдэхээс илүү Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлийг өдөржин ярьж, маргаж, асуудлын голыг нь олох нь УИХ-ын үндсэн үүрэг баймаар. Харамсалтай нь, 7 хоног тойрогтоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө сурталчлахаар яарсан гишүүд Хүний эрхийн үндэсний комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг тэгсгээд сонсоод өнгөрөв.
Үг хэлэх эрх чөлөөгөө эдэлснийхээ төлөө, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй нас барсныхаа төлөө хохироод үлдсэн олон жишээ цар тахлын үед гарав. Энэ нь цаашлаад иргэний, нийтийн эрх ашиг хөндөгдөх том эрсдэлүүд байгааг ч комиссын илтгэлд онцолжээ.
Энэ удаагийн илтгэлийн дагуу 30 саналыг УИХ-д өргөн барьжээ. Тус илтгэлд дурдсан хамгийн их анхаарал татсан сэдэв бол цар тахлын үеийн хүний эрх болон хугацаанд цэргийн албан хаагчдын асуудал байв.
ЦАР ТАХЛЫН ҮЕД ХҮНИЙ ЭРХ ХАМГИЙН ИХ ЗӨРЧИГДЖЭЭ
Сүүлийн хоёр жилийн хугацаанд хатуу болон хагас хатуу хөл хорионы дэглэмтэй байсан үед хүний эрх зөрчигдсөн гэж уг илтгэлд дурджээ. Тодруулбал, covid-19-ийн цар тахлын үед эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийг хүрэх боломжтой төвшнөөс доогуур биелүүлсэн гэжээ. Энэ байдал нь эрүүл мэндийн салбарт хүний гоц халдварт өвчинтэй тэмцэх суурь чадавх муугаас гадна covid-19-ийн цар тахлыг даван туулах удирдлага, зохион байгуулалт тогтворгүй, салбарын дотоод уялдаа холбоо муу, төсвийг үр ашиггүй, хяналтгүй зарцуулсан, эмч, эрүүл мэндийн ажилтнуудыг дэмжих талаар хангалтгүй ажилласан, цар тахлыг даван туулах бэлтгэл хангах цаг хугацааны боломжийг оновчтой ашиглаж чадаагүйтэй холбоотой гэж үзсэн байна. Цар тахлын үед эмнэлгийн тусламж авч чадаагүйгээс болж нас барсан, тусгаарлалтаас болж эцэг, эх, үр хүүхдүүдтэйгээ уулзаж чадаагүй гээд олон үйл явдлууд өрнөсөн. Үүний гол шалтгаан нь эрүүл мэндийн салбар цар тахалд бэлэн биш, бэлэн байсан ч бэлтгэлгүй байсны илрэл. Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлд ч үүнийг дурджээ. Эрүүл мэндийн салбар хүчин чармайлттай, бүх хүчээ дайчилсан боловч хүний эрхийг хангаагүй хувийн нууц, иргэний улс төрийн эрх хамгийн их зөрчигдсөн байна. Ялангуяа цар тахлын хариу арга хэмжээг хэрэгжүүлэх явцад иргэний, улс төрийн эрх, эрх чөлөө түгээмэл зөрчигдсөн.
Монгол Улсын олон мянган иргэн эх орондоо ирэх боломжгүй, өвчлөл хэрхэх нь тодорхойгүй, түгшүүртэй нөхцөлд, цалин орлогогүй, олон сараар гадаад улсад амьдарч, эх орондоо ирсэн боловч тусгаарлалтын урт хугацаа, хатуу шаардлагын улмаас эмнэлгийн тусламж зохих ёсоор аваагүй, гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ салах ёс хийж чадахгүй хагацсан тохиолдлууд гарсан.
Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах гэнэтийн шийдвэр гаргахдаа эрүүл мэнд, аюулгүй байдал нь эрсдэлтэй хүмүүсийг хамгаалах бодлого, арга хэмжээг төлөвлөөгүйгээс 2020 оны 11, 12 дугаар сард олон мянган иргэн халдвар авах, тархаах илүү эрсдэлтэй нөхцөл байдалд нэг сар илүү хугацаанд хөл хоригдсон юм. Цар тахлын үед хүний эрхийн зөрчил, эрсдэл дутагдлын гол шалтгаан нь нэг талаас хүний гоц халдварт өвчний хариу арга хэмжээний удирдлага, зохион байгуулалтад цөөнгүй байгууллага, албан тушаалтан оролцдог, шийдвэр гаргах шат дамжлага олон, байгууллагуудын бүрэн эрх, чиг үүрэг ойлгомжгүй, сүүлийн хоёр жилд УОК, УОК-ын Шуурхай штаб зэрэг бүтэц, алба хэдэн удаа өөрчлөгдсөн, нөгөө талаас Монгол Улсын нийтийн эрүүл мэндийн гамшиг, гоц халдварт өвчний үед авах арга хэмжээний төлөвлөгөөнд халдварт өвчний тархалтыг хязгаарлах, хянах үйл ажиллагаа тусгагдсан, нийгэм, эдийн засгийн өргөн хүрээтэй нөлөөллийг тооцох чиглэл байхгүйтэй холбоотой гэж тодотгожээ.
10 ЖИЛД 20 ЦЭРЭГ АМИА АЛДАЖ, 124 ЦЭРЭГ ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЧЭЭ
Ердөө хоёрхон хоногийн өмнө 18 настай цэргийн албан хаагч, ходоод нь хагарч Цэргийн төв эмнэлэгт яаралтай тусламж авсан ч нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Сүүлийн жилүүдэд цэрэгт алба хааж байх хугацаандаа эрүүл мэнд, бие сэтгэлээрээ хохирох, амь насаа алдах тохиолдол олон гарсныг Хүний эрхийн үндэсний комиссын тайланд дурджээ. Тодруулбал, сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги, байгууллагад 468 гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдэж, хамгийн багадаа 44 хүний амь нас хохирсноос хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 20, эрүүл мэнд хохирсон 126, цэргийн албанаас оргон зайлсан 56, дүрмийн бус харьцааны зөрчилд өртсөн 105 тохиолдол бүртгэгджээ. 2021 онд хийсэн ХЭҮК-ын судалгаагаар хугацаат цэргийн алба хаагчдын 18.8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь нь цэргийн алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртсөн гэж хариулжээ. Энэ нөхцөл байдлыг 2006 онд ХЭҮК-оос хийсэн судалгаатай харьцуулахад цэргийн дүрмийн бус харьцааны зөрчлийн хэлбэрээсээ хамаарч 11.3-20.4 хувиар буурсан байна. Гэхдээ цэргийн алба хаагчдын хоорондын дүрмийн бус харьцаа, түүнээс үүдэлтэй хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа шалтгаан нь нэг талаас цэргийн албаны үйл ажиллагааны доголдол, хяналт шалгалт тогтолцоо сул, урьдчилан сэргийлэх ажил үр нөлөө багатай, нөгөө талаас хугацаат цэргийн албанд татагдан ирж байгаа иргэдийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хувь хүний төлөвшилтэй холбоотой байгааг онцолсон.
Хугацаат цэргийн алба хаагчдын дүрмийн бус харьцааны өнөөгийн нөхцөл байдлыг дахин үнэлж, үр дүнг УИХ-д танилцуулахаар болсон байна. УИХ энэ илтгэлийг сонсдог уламжлалтай. Мэдээж Хүний эрхийн үндэсний комиссоос цаашид авах арга хэмжээ болон шаардлагатай асуудлыг зөвхөн "зөвлөмж, санал" хэлбэрээр хүргүүлдэг.
Цаашид хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг ардчилсан улсын хувьд ХЭҮК-оос гаргаж байгаа илтгэл бүрт анхаарлаа хандуулах ёстой. Өнөөдөр нэг, хоёр, эсвэл хэсэг бүлэг хүний эрх зөрчигдсөн мэт боловч цаашид энэ асуудлууд даамжрах, хүний эрх ноцтойгоор зөрчигдсөн цагт хэн анхаарал хандуулж, хэн асуудлыг авч хэлэлцэж, анхаарч байх вэ. Хүний эрхийн үндэсний комисс нь илтгэл гаргаж, УИХ-аар сонсгосон болно. Харин УИХ-ын гишүүд нь илтгэлийг сонссон болоод өнгөрөөд байх уу.
Юу юунаас илүү хүний эрх нэгд биш гэж үү!
Холбоотой мэдээ