Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүн биш хууль засагладаг болно”…
Шударга Ерөнхий сайдын дүрээр олны дэмжлэгийг авахын тулд “сэлэм” эргүүлж, зах дээр хамгаалагчдаа “зайлцгаа” гэтлээ дүрдээ орж явсан Ерөнхийлөгчийн амлалт болох хүн биш хууль засагладаг болохыг хүлээгээд удав. Өнөөдөр Монголд хууль бус хүн засаглаж байна.
2020 оны МАН-ын сонгуулийн гол хөзөр нь агаарын болоод гол усны бохирдол байв. 200 мянган гишүүдээрээ агаарын бохирдол буурсан, хот утаагүй болчихсон гэж улаан дээрээ улайтал гүжирдүүлж, Засгийн газрын хуралдаанаар уул уурхайн 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэснээ зарлаж байв. Гэтэл бодит байдал дээр агаарын бохирдол түгшүүрийн харанга дэлдсээр байгаа төдийгүй, иргэдэд буруу өгөх гэж муйхарласах сайдаар туг дахиад өнгөрсөн билээ. Харин 23 тусгай зөвшөөрлийн заримыг нь сонгуулийн дараа сэргээсэн бөгөөд гурван шатны шүүхээр нөхөн төлбөр тогтоолгосон аж ахуйн нэгжийн мөнгийг Г.Ёндон сайд өнөөг хүртэл ямар нэгэн тайлбаргүйгээр өгөлгүй гацаажээ. Мөн хувийн хэвшлийнхэн хөрөнгөө оруулаад хайгуулаа хийчихсэн талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан хэрнээ оруулсан хөрөнгийг нь ч өгөхгүй “хав даран сууж байна”. Цар тахлын үед лицензээ хураалгаж, модоо барьсан аж ахуйн нэгжүүд хуулийн дагуу нөхөн төлбөрөө авах ёстой ч ар өврийн хаалга, авлига өгөхгүй бол салбарын сайд хөдлөхгүй байгаа бололтой. Бухын доодхыг харж үнэг турж үхэв гэгч л болжээ. Хүн биш хууль засагладаг болно гэсэн яасан бэ, Ерөнхийлөгч өө. Хууль бус хүн засаглаад байна.
Д.Амарбаясгалан “МАН-ыг засгийн эрхийг барьж байх хугацаанд төрд болон улс төрийн албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчид авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой асуудал, хүний эрхийг хэрэгжүүлэх чиглэлээр санал санаачилгатай ажиллахыг шаардаж ажиллана”.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга ингэж сүржин мэдэгдсэн. Сүүлдээ үгнээсээ буцаж шүүхээр шийдэгдсэн нөхдүүдтэй хариуцлага тооцох тухай яриад зогсож байна. Гэтэл гурван ч шатны шүүхээр шийдүүлж, нөхөн төлбөрөө авах ёстой аж ахуйн нэгжүүдэд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болжээ. Хүний эрхийг хамгаална гэсэн генсекийн үг хаданд хашгирсан цуурай болжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс 180 орноос 111-т эрэмблэгдэнэ гэдэг таатай үзүүлэлт биш. Аль ч орны гүйцэтгэх засаглал авлигатай тэмцэх ёстой. Яагаад гэвэл авлига бол бид өөрөө өөрсөдтэйгөө, намын журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг. Анд найзуудаа бодох уу, улс орноо бодох уу гэдэг солбилцол дээр бид ирсэн. Авлигатай тэмцэх газар гэхээс илүү Засгийн газар, УИХ-ын өөрийн оролцоо маш чухал”
Одоогоос яг жилийн өмнө Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаар авлигын эсрэг ажлын хэсэг байгуулснаа зарлахдаа ийн мэдэгдэж байна. Гэтэл түүний тэмцэл төдийлөн явсангүй. Хөгжлийн банкны дуулианаас харахад ч хэрэггүй болсон хэдэн нөхрийг хөөсөн болоод өнгөрөх бололтой. Авлигатай тэмцэхэд Засгийн газрын оролцоо хамгаас чухал гэсэн ч танхимынх нь сайдад нь түй ч хамаагүй бололтой.
Зургадугаар сарын 9-ний байдлаар нийт 152,457 тонн шатахууны нөөцтэй АИ-92 автобензиний 39, АИ-95 автобензиний 47 хоногийн, А-80 автобензиний 73, ДТ-ний 28 хоногийн, онгоцны түлш 64 хоногийн нөөцтэй байна гэж Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдэгдэж байсан ч өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахууны үнэ 250-300 төгрөгөөр нэмэгдэв.
Г.Ёндон сайдын ажлын үр дүн ямар байгааг үүнээс харж байна. Ид бүтээн байгуулалт, тариалалтын үед бүх суурь үнэд нөлөөлдөг шатахуун, дизель түлшний үнэ нэмэгдэж байгаа нь иргэдэд ч, улс орны бүтээн байгуулалтад ч сөргөөр нөлөөлж байна. Дизель түлш 4000 мянга руу улам дөхсөөр. Энэ байдлаараа тариаланчид ирэх намар ургацаа хурааж авч чадах уу, үгүй гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна. Гэтэл сайдаас шалтгаалаагүй, дэлхийн зах зээлийн үнэ, нийлүүлэлтийн үнэ нэмэгдсэнтэй холбоотой гэх утгагүй тайлбарыг цацаад сууж байна. Энэ нэг удаагийн зүйл биш. Өмнө нь ч сарын нөөцтэй байгаад шатахуунгүй болж, тэг зогсолт хийхдээ тулсан.
Иргэдээ хэрэглээгээ хязгаарлахыг шаардаж, хэмнэлтийн горимд шилжээд буй энэ үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяа ТӨҮГ суудлын машин авах тендер зарлаад сууж байна.
Улсын эдийн засгийн 27 хувийг дангаараа бүрдүүлдэг салбарын сайд хэзээ ажлаа хийж, аж ахуйн нэгжүүдийг хохиролгүй болгож, цаасан дээр буусан нефть боловсруулах үйлдвэрээ барих бол…
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Ерөнхий нарийн бичгийн дарга нар аа, Хэзээ эрх баригчид наанаа сүртэй сүртэй амласан шигээ албан тушаалтнуудтайгаа хариуцлага тооцох вэ?
Холбоотой мэдээ