Наро Банчин гэгээн зөвшөөрөлгүй хийд ажиллуулж байжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.20-нд нийтлэгдсэн

Наро Банчин гэгээн зөвшөөрөлгүй хийд ажиллуулж байжээ

Наро Банчин гэгээн зөвшөөрөлгүй хийд ажиллуулж байжээ

Хүн шашин шүтэх, эс шүтэх эрхийг нь Үндсэн хуулиар хамгаалж өгсөн. Гэсэн хэдий ч шашины элдэв янзын урсгалууд Монголд дэлгэрэхийн хэрээр сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн ялгаа, хандлага, зөрчилдөөн үүсч, энэ нь эргээд  үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй болсон.  Харамсалтай нь, эдгээр сүм хийдүүдэд тавих хяналт, хариуцлага сул байдаг.  Гурван сая гаруй хүнтэй улсад 70 гаруй шашны урсгал байгаа нь сүм хийдүүдэд тавих хяналтыг чангатгах, хуулиа шинэчлэх цаг болны дохио юм.

Монгол Улсын Их сургууль болон Шинжлэх ухааны академиас хийсэн  судалгаанд Монгол Улсад  67 шашны урсгал байдаг гэж тооцжээ.  Зөвхөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 253 шашны сүм хийд байдаг гэх статистик байна. Тухайлбал, будда 83, бөө мөргөл 11, христ 155, ислам нэг сүм байдаг. Эдгээр сүм хийдүүдийн ард Үндэсний аюулгүй байдалд харшлах бодлого явуулж буй эсэхэд хэн хяналт тавьдаг нь одоогоор тодорхойгүй. Ямар ч байсан шашны байгууллагуудыг, сүм хийдүүдийг бүртгэлжүүлэх, тодорхой хууль дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг шаардах, тухайн сүм хийдүүдээс тайлан авдаг байх, мөн бага насны хүүрдүүдийг шашны үйл ажиллагаанд оролцуулж буй эсэхэд байнга хяналт тавих шаардлага нэгэнт бий болсон байна.

Жишээ нь, нийслэлийн гэр хороололд элдэв янзын шашны урсгалууд "нам гүмхэн" цагдаа, тагнуулын хараа хяналтаас хол үйл ажиллагаа явуулах нь цөөнгүй. Тэнд амьдралын баталгаа муутай хүүхдүүдийг элдэв янзын сургалт, үйл ажиллагаа, бэлэг, тусламж нэрээр уруу элсүүлдэг нь худлаа биш.  "Шашны байгууллагуудыг ангилах, номлол сургаал, зан үйл, хувь хүн нийгэм гэр бүлд үзүүлэх нөлөөг нь нарийвчлан судалдаг төрийн институц байгууллага байх зайлшгүй шаардлагатай. Гадны орнуудын Элчин сайдын яамд нь шашны асуудал хариуцсан төлөөлөгч, институц байна. Гэтэл манай улсад шашны асуудлыг тусгайлан хариуцсан байгууллага, төрөөс шашны үйл ажиллагааг зохицуулдаг институц байхгүй.Цаашид шашны үйл ажиллагааны сөрөг нөлөөг нь зохицуулж, эерэг үйл ажиллагааг нь дэмждэг байх тал дээр нь анхаардаг шашны институцтай болох шаардлагатай" болохыг ч МУИС-ийн Шашин судлалын тэнхимийнхэн хэлж байна.

Учир нь шашин бол үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг чухал хүчин зүйлийн нэг.  Тиймээс Улсын ерөнхий прокурорын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллагуудаар гэнэтийн хяналт шалгалтын ажил саяхан явуулсан байна.

Хяналт шалгалтын явцад нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудаас буддын 10, христийн 28, каталогийн нэг, шашны нэг сургууль хамрагдсан талаар нийслэлийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Г.Чагдар хэлсэн юм.

Г.Чагдар прокурорын хэлснээр дээрх шалгалтын явцад олны дунд Наро Банчин гэгээнтэн гэдгээрээ алдартай хүний мэдэлд байх буддын шашны “Наро Институт” хийд нь холбогдох дүрэм журам зөрчин, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан  аж. Мөн  эцэг эх, асрах хамгаалагчийн зөвшөөрөлгүй 11-15 насны долоон хүүхэд тус хийдэд суралцаж байжээ.

Энэ мэтээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагууд хаанаас хэрхэн  санхүүждэг, тухайн байгууллагаар үйлчилгээ авч буй хэчнээн хүмүүс байдаг талаар тодорхой судалгаатай, мэдээлэлтэй болох, түүнчлэх бүртгэх хянах зэрэг зохицуулалт байхгүй байгаагаас болж шашины асуудал Монголын хамгийн эмзэг сэдэв болсон.  Ямар сайндаа л Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн Хятадын удирдагчид хандан Наймдугаар Далай намыг нутагт нь ирүүлэх хүсэлт тавиад сууж байснаа бахархан ярих вэ дээ. Үүнээс болж олон нийтийн сүлжээнд багагүй хэл ам, шүүмжлэл гарсан билээ.

Монгол Улс 1993 онд Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийг баталсан.  Тус хуульд 1994, 1995, 1997, 2014, 2015 онуудад өөрчлөлт оруулсан байдаг. . Энэхүү хуульд сүм хийд байгуулах иргэдээс гаргасан өргөдлийг дүрмийн хамт аймаг, НИТХ хянан үзэж зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Тиймээс нийслэлийн ИТХ-аас 2005 онд Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр шашны байгууллага байгуулах үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журмыг баталсан хууль тогтоомжийн хүрээнд нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй зөвшөөрлийг олгож мөн хяналт тавьдаг байна. Эрдэмтэн судлаачдын хэлж буйгаар уг хуульд зайлшгүй нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн,  шашин, сүм хийдүүдэд төрийн хар хайрцагны бодлого нэн чухал болсныг анхааруулж буй нь зүгээр ч нэг амнаасаа унагасан үг биш болов уу.  Хэн дуртай нь элдэв янзын шашны урсгал оруулж, иргэдийн тархи толгойнд нөлөөлж буй эсэхэд хяналт тавих нь Монголын төрийн хар хайрцагны бодлого байх ёстой юм. 

Б. ЭНХСАНАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж