Хятадын “Z” үеийнхний үндсэрхэг үзэл

Хуучирсан мэдээ: 2022.06.20-нд нийтлэгдсэн

Хятадын “Z” үеийнхний үндсэрхэг үзэл

Хятадын “Z” үеийнхний үндсэрхэг үзэл

Хятадууд XIX зууныг хүртэл соёл иргэншлээрээ бахархаж, өөрсдийгөө дэлхийн төв гэж үздэг байв. Их Британи, Японтой хийсэн дайн нь тэдэнд үндсэрхэг үзлийн шинэ мэдрэмжийг суулгасан. Барууны орнуудтай харилцах харилцаанд өөрчлөлт орохын хэрээр үндсэрхэг үзлийн мөн чанар ч өөрчлөгджээ.
Хятадын үндсэрхэг үзлийг хөгжлийн дөрвөн үе шатанд хувааж үздэг юм байна.

Үүнд, социалист чиг баримжаатай төрийн хяналттай үндсэрхэг үзэл, либерал үндсэрхэг үзэл, эх оронч үндсэрхэг үзэл, кибер үндсэрхэг үзэл гэсэн дөрвөн үе шат багтана.

“Z” үеийнхэн гэх тодорхойлолтод 1996 оноос хойш төрсөн залуус багтдаг. Тэгвэл Хятадын энэ үеийн залуус туйлын омголон, үндсэрхэг үзэлтэй гэж “The diplomat” хуудас онцолжээ. Улс төрийн либералчлал гэх мэт хэсэгхэн зуурын маргаантай эрин үе буюу 1980-аад онд төрсөн залуус 2000-аад онд төрсөн залуусаас ялгаатай байх нь ойлгомжтой.

Хятадын “Z” үеийнхэн хэрхэн сэтгэдгийг ойлгохын тулд бид өөрсдийгөө тэдний оронд тавих нь зүйтэй юм. Шинэ мянганы босгон дээр төрсөн тэр залуус олон чухал үйл явдлын гэрч болсон.

Тэднийг гурван настайд Хятадын анхны сансрын нисгэгч Ян Ливэй Шенжоугийн тавдугаар аяллаа амжилттай хийж байв. Найман настайд нь Сычуаны газар хөдлөлт болов. Өсвөр насандаа байхад нь Бээжин 2008 зуны олимпийн наадам болов. “Z” үеийнхнийг 10 нас хүрэхэд Хятадын ДНБ тэдний төрсөн цагаас хойш тав дахин өсчээ. Тодруулбал, 2000 онд 1.2 их наяд ам.доллар байсан бол 2010 онд зургаан их наяд гаруй ам.доллар болсон юм. Цаашилбал, тэдний өсвөр насны эхний жилүүдэд Хятадад авлигын эсрэг их цэвэрлэгээ хийгдэж, өндөр технологид суурилсан дотоодын өсөлт рүү шилжиж, хот хөдөөгүй иргэдийн амьжиргааны түвшин сайжирсан. Тэднийг 17 настай байхад “Бүс ба зам” санаачлагын дээд хэмжээний уулзалт анх удаа болсноор, Хятад улс дипломат харилцаандаа түүхэн шинэ эрин үеийг зарлажээ.

Үйл явдлын замналаас харахад Хятадын “Z” үеийн залуус эх орноороо бахархаж өсчээ.

Сычуаны их сургуулийн оюутнуудын дунд нэгэн багш санал асуулга явуулжээ. Тэрбээр, нэгдүгээр курсын оюутнуудаас амьд эсвэл нас барсан нь хамаагүй өөрийн бишрэн хүндэлдэг нийгмийн зүтгэлтнээ бичихийг хүссэн байна. Питер Хесслер нэртэй тус багш 1990-ээд онд Хятадад анх удаа багшилж байхдаа яг энэ асуултыг оюутнуудаасаа асууж байжээ. Тухайн үед Мао дарга хамгийн олон саналыг авч байсан бол орчин цагийн залуус эрдэмтэн эсвэл бизнес эрхлэгчдийг түлхүү нэрлэсэн байв. Эндээс үзвэл сүүлийн үеийн залуусын үндсэрхэг үзэл, бардамналын эзэн нь аливаа улстөрч биш харин улс орныг өөрчлөхүйц шинэлэг санаа гаргадаг бизнес эрхлэгчид байх болжээ.

ХЯТАДЫН ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛ ОЛОН ТАЛТАЙ

Ерөнхий Хятад хүний үндсэрхэг үзэл болон “Z” үеийнхний үндсэрхэг үзэл хоёр хоорондоо ялгаатай. Ерөнхий Хятад хүний үндсэрхэг үзэл нь олон талт, хуваагдмал, улс төрийн шинж чанартай байдаг. Олон талт, хуваагдмал гэдгийг задалбал, зарим хүмүүсийн хувьд үндсэрхэг үзэл гэдэг нь тэдний мянган жилийн түүх соёл, үлгэр домогт шингэсэн түүхийн дурсгал нь юм. Өөр нэгнийх нь хувьд үндэстэн баян чинээлэг, тогтвортой байхыг үндсэрхэг үзэл гэнэ.

Хятадын үндэсний хэмжээнд сайтар суулгасан эх оронч хүмүүжил нь улсын ашиг сонирхол хаана явааг олон нийтэд ойлгуулах зорилготой байдаг.

Тэгвэл орчин үед технологийн шинэ дэвшил, нийгмийн мэдээллийн хэрэгслийн өсөлт зэрэг нь эрх баригч намын үндсэрхэг үзэл баримтлалын монополь байдлыг алдагдуулах болжээ. Нөгөөтэйгүүр, 2001 оноос хойших үеийг нийтлэлийн эхэнд дурдсан кибер үндсэрхэг үзэл гэсэн үе шатанд хамааруулж болно. 21 дүгээр зууны эхэнд бий болсон үндсэрхэг үзлийн шинэ давлагаа кибер хэвлэл мэдээллийн хэрэгсэлд голчлон төвлөрөх болжээ. 1980-аад оноос хойших үеийнхэн бол интернеттэй танилцсан анхны үеийнхэн юм. Тиймээс тэд хорвоо ертөнцийг шүүмжилж, түүнийгээ интернетэд чөлөөтэй илэрхийлдэг болжээ.

ХЯТАД, АНУ-ЫН ХАРИЛЦААГ АВРАХ ХҮМҮҮС


Хятад, АНУ-ын харилцааны ирээдүй 1990-ээд оны сүүлээс 2010-аад оны эхэн үед төрсөн залуусаас хамаарна гэдгийг “Nikkei asia” хуудас онцлон тэмдэглэжээ. Энэ үеийнхэн хоёр улсын бодлого боловсруулах ажлыг удирдан чиглүүлээд зогсохгүй, тэдний хандлага, шийдвэрээс дипломат бойкот, эдийн засгийн яриа хэлэлцээ хамаарна.

Чинхуа их сургуулийн Олон улсын судлалын хүрээлэнгийн захирал Янь Шюэтун 2000 оноос хойш төрсөн иргэдийг улс орныхоо батлан хамгаалах болон эдийн засгийн чадавхид хэт итгэлтэй, барууны орнуудыг дутуу үнэлдэг гэжээ.

Харин АНУ-д байдал харьцангуй эерэг байдаг. АНУ-д 18-24 насны залуусын дунд судалгаа явуулахад тэдний ердөө 39 хувь нь Хятадын нөлөөг сөрөг гэж үздэг гэжээ. Энэ ялгаатай байдал нь Бээжин, Вашингтоны харилцааны ирээдүйд тодорхойгүй байдал үүсгэж болзошгүй. Түүхэн үндсэрхэг үзэл нь Хятадын нийгэмд гүн гүнзгий нэвчсэн байдаг тул шинэ үеийнхэн нялх багаасаа гадны аюул заналхийллийг өөрийн эрхгүй эсэргүүцэх зөнтэй болсонтой энэ нь холбоотой байж мэдэх юм.

Эх сурвалж: THE DIPLOMAT, NIKKEI ASIA, TANDFONLINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж