Ньюс агентлаг энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ ХИЙХ ТҮҮХЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА
Хүнсний аюулгүй байдал, хангамжийн талаарх тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталсан. Уг тогтоолыг баталснаар Монгол Улс хүнсээ дотоодоосоо хангах боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2026 он гэхэд Монгол Улс гол нэрийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах эхлэл тавигдаж байна гэсэн үг. Далайд гарцгүй, хоёр их гүрний дунд орших Монгол Улсын хувьд хэрэглээнийхээ бүтээгдэхүүний 80 хувийг гаднаас авдаг. Тодруулбал, мах, гурил, төмснөөс бусдыг нь гэсэн үг. Тиймээс Эрээний хил хаангуут хүнсний ногооны үнэ өсч, нарийн ногоо ховордоход хүрсэн. Хүнсний салбарынхны зүгээс хоёр асуудлыг хөнддөг. Хилээр орж ирж байгаа хүнс, ногооны үнэ бага учраас үндэсний үйлдвэрлэгчид импортын бараатай өрсөлдөх боломжгүй болдог. Тиймээс энэ талын дэмжлэг туслалцаа төрөөс шаардлагатай байгааг тэд хэлдэг.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Я.СОДБААТАР:
-УИХ-ын өнөөдрийн чуулганаар үндэсний аюулгүй байдлын томоохон асуудал болох хүнсний аюулгүй байдал, хангамжтай холбоотой түүхэн шийдвэр гаргаж байна. Ирэх таван жилийн хугацаанд Монгол Улс гол нэрийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах хүрээнд тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тавдугаар сарын 22-нд чуулганд үг хэлж, хүнсний аюулгүй байдлын талаарх тогтоолын төслийг танилцуулсан. Нийт 60 гаруй зүйлтэй тогтоолын төсөл ийнхүү батлагдлаа.
Нийт таван жилийн хугацаанд хэрэгжих ажлуудыг төлөвлөгөө батлагдаж байна. Ингэснээр монголчууд хүнсний аюулгүй байдал, хангамжийн асуудлыг дотооддоо бүрэн шийдвэрлэх боломжтой боллоо.
Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАЖЭЭ
Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг Даваа гаригт батлан даалтад гаргажээ. Түүнийг нэг сарын хугацаагаар баривчлах шийдвэрийг шүүхээс өнгөрөгч дөрөвдүгээр сард гаргасан юм. Тодруулбал, Д.Эрдэнэбилэгт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2022 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэж, дахин нэг сараар цагдан хорих хугацааг нь сунгаад байсан юм.
Авлигатай тэмцэх газраас /АТГ/ дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгээс Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан байцаалт мэдүүлэг авсан талаар мэдээлсэн. Ингэхдээ АТГ-ын мөрдөгчид Д.Эрдэнэбилэгийн Хан-Уул дүүрэгт байрлах гэрт болон Сүхбаатар дүүрэгт байрлах Худалдаа хөгжлийн банкны төв оффист нэгжлэг хийж, санхүүгийн баримтууд хураан авсан талаар мэдээлж байв.
БИД АРГАА БАРСАНДАА ПОСТ БИЧИЖ БАЙНА
Ардын хувьсгалын 101 жилийн ойн баяр наадмыг 100 жилийн ойтой хамтатган өргөн дэлгэр тэмдэглэхээр Засгийн газраас төлөвлөж байгаа билээ. Наадамд гурван тэрбум төгрөг төсөвлөсөн бол тодотголоор хасагдаж, 2.3 тэрбум төгрөг болсон талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн.
Энэ талаар УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатараас тодруулахад "Үндэсний их баяр наадмын төсвийг баталсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг шилжүүлээгүй байна. Наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Уран бүтээлчид өчнөөн долоо хоног хүлээлээ шүү дээ. Хил гааль хаалттай, бараа материалын үнэ хэд дахин өссөн байна. Үйлдвэрлэл хийх гол мэргэжилтэн болох зураач, гагнуурчин, хувцас дизайны хүмүүс мөнгөгүй учраас хөдлөхгүй байна. Ядаж урьдчилгаа авмаар байна гэдгээ хэлж буй. Бид аргаа бараад өнөөдөр пост бичлээ. Өмнөх жилүүдэд өдийд хамаг ажлаа нугалчихсан байдаг.
Өмнө нь наадмын нээлт, хаалтын концертод 800 гаруй цэрэг оролцдог байсан бол энэ жил 200 цэрэг, 160 орчим мэргэжлийн урлагийн байгууллагын төлөөлөл, оюутнууд болон УДЭТ-ынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ 400 гаруй хүн оролцоно. Хөгжмийн зохиолчоор Б.Чинбат ажиллаж байна. Өнгөрсөн жил Б.Чинбаттай хамтарч ажиллана гэж байгаад хамаг ажлаа хийсний дараа цахим наадам зохион байгуулсан байх жишээтэй" гэв.
ХҮНСНИЙ БАРААНЫ ҮНЭ 18 ХУВЬ, МАХ МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙХ 6.7 ХУВИАР ӨСЧЭЭ
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний таван сарын тоон мэдээллийг танилцууллаа. Нийгмийн салбарын статистик үзүүлэлтүүдийг Нийгмийн статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэл, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд нар танилцуулав.
Инфляцийн түвшин өмнөх оны эцсээс 7.9 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар нэмэгджээ. Өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатар хотын инфляци 16.2 хувьтай байв. Орон нутгийн хувьд Хөвсгөл аймагт хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ хамгийн бага буюу 11 хувьтай байгаа бол Сэлэнгэ аймагт хамгийн өндөр буюу 17.8 хувьтай байгаа аж.
Инфляцийн 5.3 нэгж хувь буюу 35.1 хувийг хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ эзэлжээ. Хэрэглээний ерөнхий бүлгээр авч үзвэл, тээврийн үнэ 25.6 хувь, хүнсний бараа 18 хувь, мах махан бүтээгдэхүүн 6.7 хувь, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 25.7 хувиар өссөн байна. Зочид буудал, нийтийн хоол, үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.8 хувиар, эм тариа эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.1 хувиар тус тус өсчээ.
СЭТГҮҮЛЧИД МЭДЭЭЛЭХ ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЖАГСАВ
Сэтгүүлчид 2022 оны зургадугаар сарын 13-ны өдөр Төв талбайд тайван жагсаал хийлээ.
Холбоотой мэдээ