Украины ерөнхийлөгч Зеленский дайнд нэрвэгдсэн өмнөд фронтод анх удаа өөрийн биеэр очив. Тэрбээр Николайев хотод айлчилж, эвдэрч сүйрсэн барилгуудын нөхцөл байдалтай танилцан, цэргүүд, албаны хүмүүс, эрүүл мэндийн албаны ажилтнуудтай уулзлаа.
Дайн эхэлснээс хойш Зеленский хэд хэдэн удаа баруун хэсгийн Одесса хотод айлчилсан. Одесса болон Николайев хотууд нь Хар тэнгисийн эргийг булаан авах оролдлогын бай болоод буй юм.
Оросууд Украины нийслэлээс цэргээ татсанаас хойш Зеленский Киев хотноо олон улсын удирдагчидтай тогтмол уулзах болсон. Харин сүүлийн хэдэн долоо хоногт дайн тулаан ид өрнөж буй бүс нутгуудад очих болжээ.
Николайев хотод айлчлах үеэрээ тэрбээр цэргүүдэд одон гардуулж, “Бидэнд байгаа цорын ганц зүйл болох эх орондоо санаа тавь. Та нар л үүнийг хийж чадна” гэж уриалжээ. Тус хот нь Херсоноос баруун хойд зүгт ердөө 100 км зайд оршдог. “Оросын цэргүүд Киев рүү чиглэсэн сөрөг довтолгоог удаашруулахын тулд Херсон хотын ойролцоох гүүрийг дэлбэлсэн” гэж Николайев хотын дарга Виталий Ким мэдэгдлээ.
Барууныхны амласан алсын тусгалын зэвсгүүд цагтаа ирэх эсэхээс их зүйл хамаарна гэж орон нутгийн эрх баригчид үзэж буй. Украины арми Краснопилля, Донецк болон Луганскийн Сиротын орчимд Оросын довтолгоог няцааж чадсан. Өдгөө Северодонецк орчимд ажиллагаа үргэлжилсээр байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ