“Apple” компани хуучин утаснуудынхаа ажиллагааг зориудаар удаашруулж байна гэж нэгэн хэрэглэгч гомдол гаргажээ. Хуулийн дагуу нэхэмжлэл гаргасан тохиолдолд сая сая хэрэглэгч нөхөн төлбөр авах боломжтой болох юм.
Гомдол гаргасан хэрэглэгч Жастин Гутманн “Apple” компанийг “Үйлдлийн системээ сайжруулна гэчихээд утсыг удаашруулсан шинэчлэлт хийж, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн” гэж мэдэгджээ. Тэрбээр Их Британи дахь 25 сая гаруй “iPhone” хэрэглэгчийн нэрийн өмнөөс 768 сая фунт стерлинг нэхэмжилсэн байна.
Давж заалдах шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд “Apple” компанийг өндөр үнэтэй эргүүлэн татах үйлчилгээ болон засвараас зайлсхийхийн тулд хуучин утаснуудынхаа үйлдлийг удаашруулсан гэжээ.
Харин “Apple” компани бүтээгдэхүүнийхээ ашиглалтын хугацааг хэзээ ч санаатайгаар богиносгож байгаагүй гэж мэдэгдэв.
“iPhone” хэрэглэгчдэд зориулж 2017 оны нэгдүгээр сард гаргасан програм хангамжийн шинэчлэлт нь утсыг удаашруулж, зарим тохиолдолд гэнэт унтраадаг гэжээ. Тодруулбал, төхөөрөмжийг 58 хувь хүртэл удаашруулж байгаа аж. Энэ тухай мэдээлэл шинэчлэлтийг татаж авах тайлбарт огт дурдагдаагүй байсан гэж Гутманн хэлсэн байна. Мөн “Apple” компани бүтээгдэхүүнээ эргүүлэн татах эсвэл батерейг сольж өгөхийн оронд хэрэглэгчдийг програм хангамжийн шинэчлэлтүүдийг зайлшгүй татаж авахыг шаарддаг гэлээ.
Нэхэмжлэлд хамаарах загварууд нь iPhone 6, 6 Plus, 6S, 6S Plus, SE, 7, 7 Plus, 8, 8 Plus болон iPhone X загварууд юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ