“Хамаг Монголын эзэнт улсын ур дүй, ухаан, урлалын онцлог” номын нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2022.06.18-нд нийтлэгдсэн

“Хамаг Монголын эзэнт улсын ур дүй, ухаан, урлалын онцлог” номын нээлт боллоо

“News” агентлаг энэ удаа “ШИНЭ НОМ” булангаараа өнөөдөр (2022.06.18) “Интер ном”-д нээлтээ хийсэн “Хамаг Монголын эзэнт улсын ур дүй, ухаан, урлалын онцлог” номын мэдээллийг хүргэж байна. Тус номын нээлтийн ёслолд "Гэрлийн өргөө" ТББ-ын тэргүүн Б.Мөнхгэрэл, соёл судлаач, др.профессор Ж.Долгорсүрэн, номын ерөнхий зураач С.Чулуунзаяа, урлаач Ү.Болдсайхан, урлаач Б.Содномдаржаа, цагдаагийн бэлтгэл хурандаа Л.Батбаяр тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцов.

Соёл судлаач, др.профессор Ж.Долгорсүрэн "Нүүдлийн ахуй, соёл хүний бүтээлч үйл ажиллагааны хөдөлгүүр болох нь” сэдвээр сонирхолтой мэдээлэл хүргэж, урлаач С.Чулуунзаяа, Ү.Болдсайхан, Б.Содномдаржаа нар “Хамаг Монголын эзэнт улсын ур дүй, ухаан, урлалын онцлог” номын үлгэрчилсэн загвар жишээнээс танилцууллаа. Энэхүү номыг бүтээх болсон шалтгаан нь "Түүхий илд" түүхэн, олон ангит уран сайхны кино хийх болсонтой холбоотой аж. Киног бүтээхийн тулд XII-XIII зууны үеийн монголчуудын ахуй амьдрал, соёлыг ойлгох шаардлагатай болж, түүнийгээ өвөг дээдсээс асуун тайлбарлуулж, тэр нь дэлгэрсээр судар номын хэмжээнд хүрчээ.

Мөн урьд дуулдаагүй мэдээлэл, зурган дүрслэлээр баяжуулан, уншигчдыг мартагдсан өв, соёлын талаар бодит төсөөлөлтэй болгох зорилгоор бүтээсэн байна. Тухайлбал, бидний сайн мэдэхгүй эртний нүүдэлчин отог, аймгуудын ялгааг ахуйн болон цэргийн зохион байгуулалт, биет соёлын хүрээнд нарийвчлан гаргажээ. Улмаар Монголын отог, аймгуудын гишүүнчлэл, гишүүдийн нийгмийн статусыг үсний засалт, малгайн хийц, дээлийн өнгө, эмжээр гэх мэтчилэн сонирхолтойгоор эрэмбэлж, илэрхийлсэн аж. Энэхүү ном орчин цагийн монгол хэл, аливаа түүх, соёл, хэлний мэдлэг, мэдээлэл бүдгэрэн мартагдах явцыг "тойроогүй" байна. Мартагдсан, хэрэглээнээс хасагдсан үгс, тухайлсан нэр үгсийг бидэнд дахин таниулж, хэлний хэрэглээний санг баяжуулж байгаагаараа онцлог болжээ.

ГЭР-ТЭРЭГ, ЗАНГИЛАА БИЧИГ, МИНИМАЛИСТ ГЭРИЙН ДОТООД ЭМХ ЦЭГЦЭЭС НҮҮДЭЛЧИН ГЭХ УТГА ИЛҮҮТЭЙ МЭДРЭГДЭНЭ

Монгол Улсын гавьяат багш, др.профессор С.Төмөр-Очир мялаалгын үгэндээ "Хэн мэдлэг бүтээж, хэн арвин мэдлэг эзэмшиж, хэн технологиор түрүүлж байгаа нь бусдаас илүү эрх эдэлж, бусдыг эрхшээж байдгийг хүн төрөлхтний түүх харуулдаг. Эх газрын хамгийн том эзэнт гүрнийг байгуулахдаа нүүдэлчин монголчуудын бүтээсэн мэдлэг, туршлага өнөөдөр ч хэрэглээний ач холбогдлоо алдаагүй байгаа нь тэдний мэдлэг бүтээх, түүнийг эзэмших чадвар зүйрлэшгүй сайн байсныг нотолно. Тиймээс ч монголчуудын бүтээсэн мэдлэг, туурвилын илэрхийлэл соёлын өвийн тухай Ур дүйн ухаан сударт өмнөх үг бичих болсондоо баяртай байна.

Бид "Нүүдэлчин" гэх тодотголыг эсгий гэр, нүүдлийн мал аж ахуйн хүрээнд төсөөлдөг. Гэтэл энэхүү номд өгүүлсэн гэр-тэрэг (тэрэг болгож угсардаг гэр) зангилаа бичиг (дээсээр үг бүтээж мэдээ дамжуулан), минималист-гэрийн дотоод эмх цэгцээс нүүдэлчин гэх утга илүүтэй мэдрэгдэнэ. Энэ мэтчилэн Ур дүйн ухаан судрын ач тусыг тоочоод баршгүй. Энэхүү “Хамаг Монголын эзэнт улсын ур дүй, ухаан, урлалын онцлог" судрыг угсаатан судлал, соёл судлал, соёлын хүн судлал, түүх, урлаг судлал, кино-театрын чимэглэл, хувцас урлалын сургалтын агуулга, хөтөлбөрт ашиглах, мөн хүүхэд багачууд хийгээд Монголын түүх, соёлыг сонирхогч хэн бүхэнд хүргэхийг зөвлөж байна. Номын буян дэлгэрэх болтугай" гэжээ.

“МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНЭЭС Ч ӨМНӨ МОНГОЛЧУУД АСАР ЦЭВЭРЧ, АСАР ГУА, АСАР
ХӨДӨЛМӨРЧ БАЙСАН”

Номын ерөнхий зураач С.ЧУЛУУНЗАЯА:

-Маш товч мэдээлэл өгье. Чингис хаан тийм их харгис хүн байгаагүй шүү. Одоо тэр үеийн хүмүүсээ дорд үзэхээ больё. Монголын эзэнт гүрэн байхаас өмнө Монголын ард түмэн асар цэвэрч, асар гуа, асар хөдөлмөрч байсан шүү гэдгийг харуулж, өвөг дээдсээрээ бахархахын тухай өгүүлсэн судар болсонд үнэхээр бахдалтай байна. Ном маань соёлын, аж байдлын, дээл хувцасны, дайн тулааны, төгсгөл гэсэн таван бүлгээс бүтсэн. Отог, аймгуудын соёл, ахуйн суурь, тэндээс орших эс оршихуйн тэмцэл, оршихдоо яаж өвөө үлдээх вэ, үр хүүхдээ яаж өсгөх вэ гэдэг түүхийг харуулсан. Ганцхан жишээ ярья. Монгол эр хүн, монгол хүүхдийг монгол эмэгтэй хүмүүжүүлж байсан түүх. Энэ судраас эрэгтэй хүний бадрангуй байдал, нөхөртөө хатуу хөтүү үед нь үсийг нь самнаж, хайр энхрийллээ мэдрүүлж буй эмэгтэй хүний ухаан, түүнээс гадна үр хүүхэддээ эхийн сургаалиа өвлүүлж буй байдал, ахуй, соёл, хөдөлмөрийг өвлүүлж үлдээж чадсан талаар уншиж, ойлгож болно.

"ТҮҮХИЙ ИЛД" ТҮҮХЭН, ОЛОН АНГИТ УРАН САЙХНЫ КИНО ХИЙХ БОЛСОНТОЙ ХОЛБООТОЙ”

“Монгол тэнгэр үнэн” ТББ-ын тэргүүн Т.МӨНХГЭРЭЛ:

-Бидний эцэг өвгөд ямар амьдралтай байсан, хувцас хунар, эдэлж хэрэглэж байсан эд зүйлс нь ямар байсан бэ гэдэг харьцангуй бага судлагдсан юм билээ. Энэ номын гол зорилго нь урьд өмнө хэвлэгдэж байгаагүй, өмнө нь сонсогдож байгаагүй бүхнийг таниулж буйгаараа онцлог. Зурагт хуудас, бичмэл хэлбэр холимог нийт 384 хуудастай.  Хамгийн гол нь монгол хүний үүсэл Чоносын 27 отгийн түүх бий. Жишээлбэл, үсний соёл байна. Энэ нь тухайн үеийн ард иргэдийн "паспорт буюу иргэний үнэмлэх"-ийн зураг дээр байжээ.

Тухайн отог аймагт гаднын иргэн, туршуул нэвтэрсэн тохиолдолд шууд баригдахаар байсан байна. Худалдаачин, наймаачин нэг хэлбэрээр, отгийн тэргүүн өөр хэлбэрээр үсээ засуулдаг гэх мэтчилэн бүгд өвөрмөц байжээ. Энэ өвөрмөц соёл өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн байна. Кино бүтээлүүдэд тав, гурваар шүлжсэн гээд үс засалтууд байдаг шүү дээ. Энэ ном гарах болсон шалтгаан нь "Түүхий илд" түүхэн, олон ангит уран сайхны кино хийх болсонтой холбоотой. Киног хийхийн тулд XII-XIII зууны үеийн монголчуудын ахуй амьдрал, соёлыг өөрсдөө бид ойлгох шаардлагатай болж, өвөг дээдсүүдээс асуун тайлбарлуулсаар, тэр нь улам дэлгэрсээр судар номын хэмжээнд хүрсэн юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж