"Нюс" агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа хүргэж байна.
Д.ЦОГТБААТАР: МАНАЙД ПРОПОРЦИОНАЛЬ ТОГТОЛЦОО ХЭРЭГГҮЙ
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэе.
-Мөнгөн зээлийн үйлчилгээний тухай хуулийн төслийг өчигдөр байнгын хорооны хурлаар хэлэлцлээ. Энэ хуулийн концепцийн талаар иргэдэд ойлгомжтой, тодорхой мэдээлэл өгөөч?
-Засгийн газраас уг хуулийг өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийн ажлын хэсгийг би ахалж буй. Засгийн газраас “шударга бус үйл ажиллагаа нэлээд явагдаж, иргэдийн эрх ашиг хохирч байна. Тиймээс зохицуулалт хийх хэрэгтэй” гэсэн үзэл баримтлалтайгаар уг хуулийн төслийг оруулж ирсэн. Иргэдийн эрх ашиг шударга бусаар хохирч буйг таслан зогсоох ёстой. Гэхдээ иргэдийн эрх ашгийг хамгаалж байна гээд зах зээлийг нь эвдчихвэл орлуулж чадахгүй. Иргэддээ тус болж байна гээд хэтэрхий их зохицуулалт хийж, зах зээлийг нь эрсдэлтэй болговол хүмүүс хаашаа ч гүйгээд зээл авч чадахаа болино.
"ЭРХ БАРИГЧ НАМ ТОМЫН ЗОВЛОН ЭДЭЛЖ БАЙНА"
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хуульч С.Халиунаатай дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэж байна.
Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага бий юу гэдгээс ярилцлагаа эхлүүлье. 2019 онд бид Үндсэн хуулиа өөрчилсөн. Одоо дахиад Үндсэн хуулиа өөрчлөхөөр намууд санал нэгдэж, олон нийтийн саналыг авахаар тогтлоо?
-Эдийн засгийн өөрчлөлтийг авчрахын тулд улс төрийн тогтолцооны өөрчлөлтийг зайлшгүй авчрах шаардлагатай. Ядарсан иргэдийн халаасыг хоослосон эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, дундаж давхаргын эцэг, эхчүүд, тэтгэврийн насанд ашиглах, хуримтлал үүсгэх илүү гарсан багахан орлогыг хүүхдүүдийнхээ хувийн сургуулийн сургалтын төлбөрт зарцуулж, манай улсын бүхий л иргэд зардлаа дийлэхгүй ядуурал руу шилжиж, дундаж давхарга үндсэндээ үгүй болж байна. Өөрөөр хэлбэл, баян, ядуу гэсэн хоёр туйлт давхарга үүсэх үйл явц маш хурдацтай явагдаж байна.
"МОНГОЛД ОЛОН САЙХАН ДУРСАМЖ БҮТЭЭХЭЭР ИРСЭН"
Монгол хэл бие даан сурч, "Youtube"-д Andi’s Diary гэх сувгаараа дамжуулан монгол хэлээр влог хөтөлдөг перу бүсгүй Андитай ярилцлаа. Тэрбээр Монголд аялахаар иржээ.
-Та Монгол Улсад анх удаа ирж байна гэлээ. Монгол таалагдаж байна уу, хаагуур яаж аялахаар төлөвлөж байна вэ?
-Юуны өмнө Монголд анх удаагаа ирж байгаадаа маш их баяртай байна. Ирээд хоёр хонолоо. Энэ хугацаанд Улсын их дэлгүүр болон өөр хэд хэдэн газруудтай танилцсан. Бас Монголын хэвлэлд анх удаа ярилцлага өгч байна. Сэтгэл их догдлож байна. Надад төрсөн сэтгэгдэл анхны гэвэл Монголын соёл, амьдралын хэв маяг Перугийнхтай зарим талаараа их төстэй юм. Монгол хүмүүс их элэгсэг, нөхөрсөг нь таалагдлаа. Цаг агаарын хувьд маш тогтворгүй учраас хувцсаа тохируулж өмсөхөд бага зэрэг төвөгтэй санагдаж байна. Монголд ирэхээсээ өмнө ямар хувцас авч явах талаар найзуудаас зөвлөгөө авсан. Гэтэл энд ирээд цаг агаарын эрс тэс уур амьсгалтай болохыг ойлголоо. Манай Перуд цаг агаар нэг хэвийн дулаан байдаг. Энэ удаагийн аяллаараа маш гоё дурсамж бүтээж, олон зүйл сурч, шинэ найзуудтай болж, монгол хэлний мэдлэгээ дээшлүүлнэ гэдэгтэй итгэлтэй байна.
ИХ ҮЙЛСИЙН ЭЗЭН
“Эх түүхийн жимээр” нэвтрүүлэг. Уг нэвтрүүлгийн санаачлагч нь ШУТИС-ын БУХС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн ахлах багш, Түүхийн ухааны доктор, боловсролын байгууллагад хоёргүй сэтгэлээр 23 жил зүтгэж яваа эгэл даруу, эрхэмсэг бүсгүй М.Жавзансүрэнтэй ярилцлаа.
-Та “Эх түүхийн жимээр” нэвтрүүлэг бүтээхдээ өөрөө жолооч, эвлүүлэгч, сэтгүүлч гээд бүх зүйлээ өөрөө ганцаараа хийдэг байсан шүү дээ. Одоо өөрийн нэвтрүүлэг дээр баг бүрдүүлж амжив уу?
-Би ажлын өдрүүдэд хичээлээ заана, шөнө нь номоо бичиж суудаг. Амралтын өдөр дөхөхөөр л аль ч хамаагүй нэг хил рүү зүглэмээр болно. Тэгээд бензиний мөнгө олоод л явдаг даа. Багаа томруулж, техникээ сайжруулах юмсан гэж мөрөөддөг ч түүхээр ашиг олохыг хүсээгүй, алдар нэрийн төлөө яваагүй учир, хүн ажиллуулахгүй л байна даа. Бензиний мөнгө л байвал амжуулж болохоор учир том багтай болж амжаагүй явна. Хүмүүс түүхээ ойлгож, түүнийг дэмжиж, хамтран ажиллах цаг ирнэ гэж найдаж байгаа. Ухаантай хүмүүс их бий. Харин түүхийг минь ашиг олно гэж харж байгаа хүмүүст эх оронч үзэл огт байхгүй байна гэсэн үг. Саяхан говийн аймгаас буцаж явахдаа хачин их гуниглах сэтгэл төрж явсан юм.
ОРГИЛЫН “ЭЗЭН”
Гавьяат тамирчин Бадамгаравын Гангаамаагийн ухамсарт амьдрал, залуу насаа Монголын уулын спортыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн ЭНХИЙН ШАГНАЛ-д нэр дэвшүүлж байгаа билээ. Энэхүү шагнал нь монголчуудын эв нэгдэл, амар амгалан, нийгмийн амьдралын тэнцвэртэй байдалд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж, эх орныхоо хөгжил, бүтээлч амьдралдаа Эзэн болсон эгэл жирийн хүмүүсд олгодог шагнал юм.
-Уулын спорт тэр чигтээ тэсвэр хатуужил эр зоригийн тэмцэл. Та багааасаа ийм зоригтой, шаргуу хүүхэд байв уу?
-Хүүхэд байхдаа хөдөө өссөн жирийн л хүүхэд байлаа. Ямар зан араншинтай хүүхэд байснаа төдийлөн санадаггүй. Би Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Анх Их-Уул сумын сургуульд элсэн орсон ч гуравдугаар ангиасаа Тосонцэнгэл суманд шилжин суралцаж тэндээ 10 дугаар анги дүүргэсэн.
Харин бага байхад аав ээжээс минь захиж, сургасан олон зүйл бий. Ямар нэгэн ажил эхлүүлсэн бол дуустал нь хийж сур замын дундаас буцах хэрэггүй гэдэг юм. Энэ сургаалаар өдийг хүртэл явахыг хичээдэг дээ. Уулчин болох замнал маань 32 жилийн өмнө хүүхэд байхаас минь эхлэлтэй. Гурван арваны туршид бүх л саад бэрхшээлийг үзэж туулсан ч зорилгоосоо ухрахыг хүсээгүй.
Холбоотой мэдээ