Өнгөрсөн дөрөвдүгээр сард эх орондоо сайхан амьдрахыг хүссэн залуус "Ажлаа хийх"-ийг эрх баригчдаас шаардан төв талбай дээр жагссан. Ерөнхий сайдын зүгээс тэдэнтэй уулзаж, жагсагчдын тавьсан шаардлагын дагуу бодлого, шийдвэр гаргасан юм. Үүний нэг нь нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг эргүүлэн олгох байлаа. Энэхүү шийдвэрийн хүрээнд УИХ-аас нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)-ийн 50 хувийн буцаан олгох хуулийг тавдугаар сард баталсан юм. Хуулийн хүрээнд нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой иргэн өөрийн төлдөг 9.5 хувийн шимтгэлийн 50 хувийг ирэх долоо хоногоос эхлээд он дуустал буцаан авах юм. Хувиараа НДШ төлөгч нарт мөн адил буцаан олголт олгоно. Харин энэхүү буцаан олголт газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд хамаарахгүй юм.
Ерөнхий сайдын зүгээс Засгийн газраас гаргасан бодлого шийдвэрийг олон нийтэд танилцуулахдаа "Нийгмийн даатгалын сан маш хүнд байдалд орсон. Хувийн тэтгэврийн сан, Хуримтлалын нэгдсэн сан зэргийг ашиглан Нийгмийн даатгалын санг бодитоор мөнгөжүүлэх асуудлыг УИХ-тай ярина. Энэ нь дунд хугацаанд буюу реформ хийх хэмжээний том асуудал. 30 жилийн хугацаанд нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэхэд 21 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа. Уг асуудлыг Засгийн газар өнөө маргаашдаа шийдчих асуудал биш. Гэхдээ нийгмийн даатгалтай холбоотой асуудлыг Хуримтлалын нэгдсэн сан руу оруулах, бодитоор мөнгөжих, орон сууц, эрүүл мэнд, боловсролд зарцуулдаг байх тогтолцооны шинэчлэл рүү орно.
Төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн ААН-ээс бусад хувийн байгууллагын ажилтны төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал төрөөс сар бүр буцаан олгох зарчмын шийдлийг гаргалаа. Энэ бол хүнд үеийг давахад тусална”гэж мэдэгдэж байсан билээ.
Энэхүү буцаан олголтыг эрх баригчид наадмын өмнө буюу энэ сарын ирэх долоо хоногоос олгохоор болсон. Гэхлээ НДШ-ийн 50 хувийн буцаалтыг Нийгмийн даатгалын сангаас бус улсын төсвөөс олгохоор тусгасан байна. Нийт даатгуулагчдын 70 хувь хамрагдаж, нийт 170 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулна. Үүний 150 тэрбумыг энэ жилийн төсөвт тусгахаар тооцоолсон байна. Тэгэхээр МАН-ынхны амалсан НДШ-ийн буцаан олголтыг өнөөх л татвар төлөгчид төлөхөөр болж байх шиг. Үнэндээ Монголын нийт татварыг дийлэнхийг нь топ 100 компани бүрдүүлдэг билээ.
Ийнхүү нэрэн дээрээ МАН иргэддээ харж үзсэн, дэмжсэн шийдвэр гаргаж буй мэт боловч нэдэр дээрээ НДШ-ийн буцаан олголтыг өнөөх л ад үздэг баялаг бүтээгчид үүрч байна гэсэн үг юм.
Б.БАТ
Холбоотой мэдээ