Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Украины цэргийн хүчнийг сургах хөтөлбөрөө зарлаж, дайныг өөрчилж чадна гэж мэдэгджээ.
Ерөнхий сайд тус улсын нийслэл Киевт гэнэтийн айлчлал хийх үеэрээ Владимир Зеленскийтэй уулзсан юм. Батлан хамгаалахын сайд Бен Уоллес Ерөнхий сайдын Киевт хийсэн айлчлал маш чухал ач холбогдолтой байсан гэдгийг онцолсон. Жонсон Оросын түрэмгийллээс хойш Украинд ийн хоёр дахь удаагаа айлчилж байна.
Уоллес “Ийм дээд зэргийн айлчлалыг бүрэн нууцлалтай зохион байгуулах ёстой бөгөөд Жонсон дайнд нэрвэгдсэн холбоотондоо дэмжлэг үзүүлэх нь чухал юм” гэв.
Тэрбээр "Украиныг ялахад нь туслах, эх орондоо туслахыг оролдох нь хоорондоо холбоотой. Бидний харж байгаачлан инфляцийн нэг хэсэг нь энэхүү мөргөлдөөний улмаас өссөн. Шатахуун, хүнсний үнэ дайнаас болж өссөн" гэж твиттер хуудсандаа бичжээ.
Жонсон өмнө нь ерөнхийлөгч Зеленскийтэй хамтарсан хэвлэлийн бага хурал дээр Их Британи Украины цэргүүдийг сургах хөтөлбөрийг танилцуулсан. Сургалтын хөтөлбөр нь Украины ялах урам зоригийг ашиглаж хүчирхэг арми байгуулахад чиглэх аж.
"Сүүлчийн айлчлалаас хойш хоёр сарын дараа Украины армийн тууштай байдал, тэсвэр хатуужил урьд өмнөхөөсөө илүү хүчтэй болсон. Энэ няцашгүй, шийдэмгий байдал нь ерөнхийлөгч Путины хоосон амбицаас илүү удаан үргэлжлэх болно гэдгийг би мэдэж байна" гэж Борис ярив.
Их Британийн сургалтын хөтөлбөр нь 120 хоног тутамд 10 мянган Украины цэргийг сургах боломжтой. Цэргүүд фронт шугамын тулалдаанд ялах ур чадвар, түүнчлэн эмнэлгийн анхан шатны сургалт, кибер аюулгүй байдал, тэсрэх бөмбөг эсэргүүцэх тактикд суралцах болно.
Засгийн газар хөтөлбөрийг зохион байгуулахад олон улсын түншүүдийг урьж оролцуулна гэж нэмж хэлэв. Хэрэв Зеленский саналыг хүлээн авбал Украинаас гадуур явуулах сургалтын үйл ажиллагааны цар хүрээний талаар ярилцах болно.
Өмнөх "Орбитал" ажиллагааны хүрээнд буюу 2015 оноос хойш Их Британи 22 мянга гаруй Украины боловсон хүчнийг сургасан аж.
Зеленский "Telegram" хаягтаа "Энэ дайны хугацаанд Их Британи Украинд тууштай дэмжлэг үзүүлж байгаагаа удаа дараа нотоллоо. Манай улсын агуу анд Борис Жонсонтой Киевт дахин уулзаж байгаадаа баяртай байна” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ