Монголын урчуудын эвлэл/МУЭ/-ийн гишүүн зураач, уран бүтээлч Б.Болормаагийн “CODE 2” бие даасан үзэсгэлэн өнөөдөр /2022.06.17/ “Монгол арт” галерейд нээлтээ хийлээ. Түүний үзэсгэлэнгийн тухай мөн түүгээрээ илэрхийлэх гэсэн санаа болоод цаашид хийхээр төлөвлөж буй зүйлсийн талаар хэсэгхэн хором ярилцсан юм.
Уран бүтээлч Б.Болормаа “Үзэсгэлэнгээрээ бодит байдал бол хийсвэр зүйл, хоосон, энерги, оршихуй зэргийг харуулахыг зорьсон. Бүтээлийг маань үзэж байгаа хүмүүс эхлээд миний илэрхийлэх гэсэн санааг өөрсдийнхөөрөө хүлээж авах байх. Мөн би уран зураг болон стрингарт хослуулж зурдаг учир ихэвчлэн шулуун зураасан бүтээлүүд бий. Үүнийг илүү орчин үеийн талаас хүлээж аваасай гэж хүсэж байна. Уран бүтээлч хүний хувьд “онгод орно” гэдгийг хөдөлмөр гэж ойлгодог. Миний хувьд ганцаардаж гуньсан үед илүү их гараас минь юм гараад байх шиг санагддаг юм. Цаашдаа “CODE” цуврал үзэсгэлэн маань магадгүй “CODE 3” гэж гарах байх. Мөн монголын аж ахуйг харуулсан зураг зурна гэж төлөвлөж байгаа” гэв.
“Монгол арт” галерейд мөн танхимд МУЭ-ийн гишүүн зураач, интерьер дизайнер Б. Ариунболорын “Сэтгэгдэл” анхны бие даасан үзэсгэлэн зургадугаар сарын 17-ноос 30-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болно. Түүнээс бүтээлээрээ үзэгчдэд хүргэх гэсэн санаа болон цаашид хийхээр төлөвлөж буй ажлын талаар тодрууллаа.
Зураач Б.Ариунболор “Өөрт төрсөн сэтгэгдлээрээ хийсэн зураг, баримлууд байгаа. Сүүлийн таван жил хийсэн нийтдээ 50 гаруй уран бүтээл бий. Янз янзын материал ашиглаж холимог техникээр бүтээлүүдээ хийсэн. Одоогоор өөрийн гэсэн онцгой арга барил байхгүй. Тэрийгээ олохын тулд олон зүйл туршиж хичээж яваа. Одоо үед нийгэмд маш олон хар бараан зүйлс байна шүү дээ. Хүн болгон асуудалтай, стресс ихтэй байна. Хэрэв хүмүүс миний үзэсгэлэнг сонирхож үзэхээр ирвэл хэсэгхэн ч гэсэн завгүй амьдралын хэмнэлээсээ салж юу ч бодолгүйгээр, цэлмэг тэнгэр, солонго харахад хүнд ямар гоё мэдрэмж, сэтгэгдэл төрдөг билээ түүнтэй адилаар миний бүтээлийн өнгө будгийг хараад өөрийн дотор байгаа тэр мэдрэмжийг гаргаж ирэхэд нь бага ч гэсэн туслах юмсан гэж бодож хийсэн. Түүнээс биш ямар нэгэн гүн ухааны зүйл бодогдуулахыг хүссэнгүй. Маш энгийн. Ирээдүйд технологитой холбоотой буюу 3D, дижитал бүтээл хийж үзэсгэлэн гаргах бодолтой байгаа” гэж ярив.
Холбоотой мэдээ