Монгол хэл бие даан сурч, "Youtube"-д Andi’s Diary гэх сувгаараа дамжуулан монгол хэлээр влог хөтөлдөг перу бүсгүй Андитай ярилцлаа. Тэрбээр Монголд аялахаар иржээ.
-Та Монгол Улсад анх удаа ирж байна гэлээ. Монгол таалагдаж байна уу, хаагуур яаж аялахаар төлөвлөж байна вэ?
-Юуны өмнө Монголд анх удаагаа ирж байгаадаа маш их баяртай байна. Ирээд хоёр хонолоо. Энэ хугацаанд Улсын их дэлгүүр болон өөр хэд хэдэн газруудтай танилцсан. Бас Монголын хэвлэлд анх удаа ярилцлага өгч байна. Сэтгэл их догдлож байна. Надад төрсөн сэтгэгдэл анхны гэвэл Монголын соёл, амьдралын хэв маяг Перугийнхтай зарим талаараа их төстэй юм. Монгол хүмүүс их элэгсэг, нөхөрсөг нь таалагдлаа. Цаг агаарын хувьд маш тогтворгүй учраас хувцсаа тохируулж өмсөхөд бага зэрэг төвөгтэй санагдаж байна. Монголд ирэхээсээ өмнө ямар хувцас авч явах талаар найзуудаас зөвлөгөө авсан. Гэтэл энд ирээд цаг агаарын эрс тэс уур амьсгалтай болохыг ойлголоо. Манай Перуд цаг агаар нэг хэвийн дулаан байдаг. Энэ удаагийн аяллаараа маш гоё дурсамж бүтээж, олон зүйл сурч, шинэ найзуудтай болж, монгол хэлний мэдлэгээ дээшлүүлнэ гэдэгтэй итгэлтэй байна.
Мөн очиж үзэхийг хүсч байгаа газар цөөнгүй ч, эхлээд хөдөө явахаар төлөвлөсөн. Учир нь хамгийн сонирхол татах аялал тэнд үргэлжлэх байх гэж бодож байна.
-Зарим хүмүүс таныг сонирхолтой бичлэг хийдгээр тань андахгүй байх. Яагаад монголоор бичлэг хийх санаа төрсөн юм бэ?
-Миний хувьд бичлэг хийх, олон орны хоол хийж үзэх, хэл сурах сонирхолтой. Амьдрал гэнэтийн, санаадгүй зүйлсээр дүүрэн байдаг шүү дээ. Энэ утгаар би анх монгол хэл сурч байлаа. Анзаараад хартал монгол хоол үнэхээр амттай санагдсан. Бас перу хоолтой их төстэй. Ингээд анхны бичлэг дээрээ хуушуур хийж байлаа. Шууд интернэтээс хуушуур хийх арга гэж хайж үзсэн. Хийсэн хуушуур маань их амттай болсон шүү. Дараа нь миний бичлэгийг монголчууд үзээд, маш олон эерэг сэтгэгдэл үлдээсэн байсан. Доош нь гүйлгээд харсан. “Амжилт хүсье, хөөрхөн охин минь”, “Монголоор сайн ярьж байна”, “Өшөө олон сонирхолтой бичлэг хийгээрэй” гэсэн байсан шүү. Тэгээд илүү их эрч хүч авч, дараа дараагийн бичлэгүүдээ хийсэн. Монголд аяллын илүү олон сонирхолтой бичлэг хийнэ.
-Таныг монгол хоол хийх дуртай гэж ойлголоо. Хийхэд хамгийн хэцүү ямар хоол байв?
–Тийм ээ, би монгол хоолонд дуртай. Бас өөрийнхөө хэмжээнд нэлээд хэдийг хийгээд үзсэн. Хамгийн хэцүү нь бууз байсан. Учир нь би чимхэж чадахгүй байсан. Яаж тийм хурдан аятайхан боож чадаад байгааг ойлгоогүй шүү. Мөн сүүтэй цайнд маш их дуртай. Хүйтэн өдөр уугаад л баймаар санагддаг. Энд ярилцлага өгөхөөр ирэхдээ сүүн зайрмаг идсэн. Одоо ч гараад авмаар байна. Монголд хоёр хоносон хэрнээ монгол хоол амталж амжаагүй байна. Намайг тосч авсан найз маань дандаа япон болон перу хоолны газар оруулсан. Гэхдээ тун удахгүй монгол хоол амталж буй бичлэгээрээ уулзана байх аа.
-Анзаараад байхад, та өдөр бүрийн үйл явдлаа сторидоо оруулдаг санагдсан. Та бичлэг хэрхэн хийдэг талаараа сонирхуулахгүй юу?
-Мэдээж бичлэг хийх надад сонирхолтой, тааламжтай санагддаг. Би утсаа бариад л, хаана юу хийхийг хүсч буйгаа илэрхийлэхийг хүсдэг. Харин зарим төрлийн бичлэг хийхдээ эхлээд цаасан дээр бичиж төлөвлөөд, түүнийгээ уншдаг. Энэ нь илүү амар бөгөөд алдаа гаргахгүй байх боломжтой юм. Ер нь монгол хэлээр л блог хийдэг юм байна. Анх зөвхөн өөртөө зориулж бичлэг хийж хадгалдаг байсан. Энэ нь хэл сурахад дөхөм болдог. Ерөнхийдөө өөрийн утсаар бичлэгүүдээ хийдэг болохоор бэрхшээл гарах нь бага.
-Таныг олон орны хэл мэддэг гэж сонссон. Хэл сурахад хэцүү байдаг уу. Өөрийн гэсэн арга барилаасаа хуваалцахгүй юу?
-Хэл сурахад тийм хэцүү биш. Миний бодлоор гадаад хүмүүстэй өдөр бүр харилцаж ярилцах, бас мессэж бичих нь сайн үр нөлөөтэй. Бас өөрийнхөө дуртай зүйл дээрээ анхаарал хандуулж, хялбар байдлаар суралцах хэрэгтэй болов уу.
Жишээ нь, би монгол дуунд дуртай учраас үг бүрийг нь ойлгохыг хичээдэг. Иймд мэдэхгүйгээ толиос хайгаад, давтан хэлж цээжилдэг.
Испани, англи, хятад, солонгос, португал хэлээр ярьдаг. Харин монгол хэлийг сүүлд сурсан болохоор бага зэрэг тааруухан байгаа. Мөн солонгос хэлний багш болохоор суралцаж байна. Цаашид орос хэл сурахыг хүсч байна.
-Перу улсын иргэн солонгос хэлний багш болох хүсэлтэй гэхээр сонирхолтой санагдлаа. Үүнд юу нөлөөлсөн бэ?
-Энэ миний анхны сонгосон мэргэжил биш юм. Би Перуд байхдаа хятад хэлний орчуулагч мэргэжлээр сурч байсан. Дараа нь Хятадад амьдарсан. Тэндээсээ солонгос руу мастер хамгаалахаар явсан. Ер нь бодоод байх нь ээ, би гадаад хэл заах дуртай. Тийм болохоор би солонгос хэлний багш болохоор шийдсэн.
-Ярилцсанд баярлалаа
Холбоотой мэдээ