Хөрөнгийн биржийн IPO ба иргэд хөрөнгөжих боломж

Хуучирсан мэдээ: 2022.06.17-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн биржийн IPO ба иргэд хөрөнгөжих боломж

Хөрөнгийн биржийн IPO ба иргэд хөрөнгөжих боломж

Дэлхийн хөрөнгийн биржүүд ихэнх нь хувьчлагджээ. Монголын хөрөнгийн бирж сүүл мушгиж буй гэхэд хилсдэхгүй. Хувьчлагдаж байж технологийн асуудлаа бүрэн шийдэх нөхцөл бүрдэнэ. Хөрөнгийн бирж жилээс жилд улсын хувьчлагдах "объект"-д багтдаг ч өнөөг хүртэл хувьчлагдаагүй хэвээр байгаа юм.

Монголын хөрөнгийн биржийн хувьчлалын асуудал яригдаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2018 оны зургадугаар сарын 23-нд Засгийн газрын хуралдаанаас Монголын хөрөнгийн биржийг хувьчлах шийдвэр гарч байв. Тухайн үед Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлд Монголын хөрөнгийн бирж, МИАТ, Төрийн банк багтаж байсан билээ.

УИХ-аас "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох шийдвэр гарч, өдгөө Засгийн газрын тогтоол гарахаар хүлээгдэж буй юм. Монголын хөрөнгийн бирж нээлттэй хувьцаат компани болсноор хөрөнгийн зах зээлийн хөгжилд томоохон түлхэц үзүүлэх билээ. Хөрөнгийн биржийг хувьчлах нь баялгийн шударга хуваарилалт бий болж, иргэд хөрөнгөжих буюу эдийн засгийг хөдөлгөгч компаниудын хувьцаа эзэмших боломжийг иргэдэд нээж өгөх юм.

Нээлттэй хөрөнгийн бирж болсноор засаглал сайжирч, зах зээлийн зарчимд шилжинэ. Өрсөлдөөний нөхцөлд илүү уян хатан үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг түргэтгэнэ. Өөрчлөн зохион байгуулагдсанаар шимтгэл, хураамж буурна. Эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө эрс нэмэгдэх ач холбогдолтой.

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай “Хөрөнгийн биржийг хувьчилж, олон нийтийн, нээлттэй хувьцаат компани болгох нь Засгийн газраас дэвшүүлэн тавьж буй “Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах зорилт”-ын нэг хэрэгжилт юм. Монголын хөрөнгийн бирж хувьцаат компани болсноор олон улсын биржүүдийн адил клирингийн үйл ажиллагааг хавсран эрхлэх боломж бүрдэж, энэ хэрээр шимтгэл хураамж буурна. Мөн хөрөнгийн биржийн өрсөлдөх чадвар сайжирч, бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл нэмэгдэхээс гадна жижиг, дунд бизнес эрхлэгчид, старт-ап компаниудын үнэт цаас гаргах үйл явц илүү хялбар болно” гэж онцолсон юм.

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагууд хамтран эрх зүйн орчин нь бүрдэж буй нөхцөлд биржийн 34 хувийг олон нийтэд санал болгох бэлтгэлийг энэ сард багтаан хангахаар ажиллаж буй ажээ.

Лондоны хөрөнгийн бирж, Дэлхийн банкнаас "Төлбөр тооцооны байгууллагын өмчлөл нь цикл дагаж өөрчлөгддөг. Анх төрийн өмчит хэлбэрээр байгуулагдаж, дараа нь тооцооны гишүүдийн өмчлөлтэй ашгийн бус хэлбэрээр, эцэстээ Хөрөнгийн биржийн группийн өмчлөлтэй ашгийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах нь элбэг байдаг" гэж зөвлөжээ.

Сүүлийн жилүүдэд Монголын хөрөнгийн зах зээл идэвхжиж, шинээр болон нэмж үнэт цаас гаргах зэрэг олон үйл ажиллагаа амжилттай явагдаж байна. Өнгөрсөн 2017-2020 онд Монголын хөрөнгийн бирж дээр түүхэн дээд хэмжээний арилжаа хийгдэж, хамгийн олон IPO бүртгэгдсэн. Үүнд үнэт цаасны анхны давхар бүртгэл, даатгалын компанийн үнэт цаас багтаж буй юм.

"Монголын хөрөнгийн биржийн зах зээл хувьчлалд бэлэн үү?" гэсэн асуулт бий. Зах зээлийн үнэлгээ өнөөдрийн байдлаар 5.98 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 15 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 97.55 хувиар өссөн үзүүлэлт юм. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2021 оны жилийн эцсийн байдлаар 5.98 их наяд төгрөг болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 97.47 хувиар өссөн бөгөөд уг үзүүлэлт ДНБ-ий 13.91 хувийг эзэлж байв.

ТОП-20 индекс 41509.52 нэгж буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 130.28 хувиар өсчээ. Нийт бүтээгдэхүүн 187, үүнээс хувьцаа 179, бонд 5, хөрөнгө оруулалтын сан 2, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 2 тус тус байна. Зах зээлийн идэвхийн хувьд, үнэт цаасны данстай иргэд 2.5 буюу хүн амын 75 хувийг эзэлж байна. Өдөр бүр 3000 иргэн арилжаанд оролцож байгаа аж.

Өдрийн дундаж арилжаа 5.7 тэрбум төгрөг бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.6 дахин өсчээ. Шинэ бүтээгдэхүүний тухайд онцлоход, 2018 онд үнэт цаасны анхны давхар бүртгэл үүсч, 2020 онд анхны хамтын хөрөнгө оруулалтын сан байгуулагдаж, 2021 онд анхны хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, хамгийн өндөр дүнтэй буюу 2 их наяд төгрөгийн компанийн бонд, хамгийн том хөрөнгө оруулалтын сан (50 тэрбум төгрөг) үйл ажиллагаагаа нээв. Дэд бүтцийн хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арилжаа, төлбөр тооцоо, хяналтын цогц систем бүхий “Millennium IT” систем нэвтэрч, онлайнаар 100 хувь шууд арилжаанд оролцдог болсон.

“Bloomberg” агентлаг Монголын хөрөнгийн зах зээлийг 2021 оны хамгийн өндөр (130 хувь) өсөлттэй зах зээлээр нэрлэсэн билээ.

Давхар бүртгэлтэй үнэт цаас гадаадын бирж болон Монголын хөрөнгийн бирж хооронд хөрвөн арилжигдах боломжтой болсон. Улмаар олон улсын захтай холбогдож, урьд өмнө арилжигдаж байгаагүй цоо шинэ бүтээгдэхүүнүүд болох хамтын хөрөнгө оруулалтын сан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нэвтэрсэн зэрэг олон ололт амжилт бий.

Монголын эдийн засаг, санхүүгийн зах зээл дэлхийн бусад улс орнуудын зах зээлтэй улам бүр холбогдож, тэр хэрээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах сонирхол ч ихээр нэмэгдэж буй. Тухайлбал,

Засгийн газрын бонд маш идэвхтэй арилжаалагдсан. Засгийн газрын бонд баталгаатай, эрсдэл багатай, өндөр өгөөжтэй байсан нь жирийн иргэдийн хөрөнгө оруулах сонирхлыг татах гол хүчин зүйл болжээ. Иргэд хөрөнгийн зах зээлд оролцох сонирхол ихэсч, Хөрөнгийн биржийн арилжааны 95 хувийг дотоодын хөрөнгө оруулагчид эзлэх болов.

Гэвч манай зах зээлийн багтаамж хязгаарлагдмал учраас цаашид хөгжихийн тулд гаднын капитал, хөрөнгө оруулагчдыг татах зайлшгүй шаардлага тулгарч буй юм. Манай улсын хөрөнгийн зах зээлийг 2012 онд олон улсын индексийн тооцоо, судалгаагаар тэргүүлэгч "FTSE Russell" компани "Хөгжиж буй зах зээл" (Frontier market)-ийн "Ажиглалтын жагсаалт"-д оруулсан. Гэвч арилжааны төлбөр тооцооны дараа төлбөрт горим буюу Т+2 болон төлбөрийн эсрэг нийлүүлэлтийн зарчим нэвтрүүлээгүй, арилжаанд оролцохын тулд мөнгөн хөрөнгийг 100 хувь урьдчилан байршуулдаг олон улсын кастодиан банкгүй зэрэг шалтгааны улмаас 2017 онд дээрх ангилалд орж чадалгүйгээр “Ажиглалтын жагсаалт”-аас хасагдсан.

Өнгөрсөн 2021 онд тус байгууллагаас Монгол Улс “Ажиглалтын жагсаалт”-д дахин орсон талаар мэдээлсэн билээ. Энэхүү ангилалд орсноор хөрөнгийн багцын удирдлага хийдэг томоохон мэргэжлийн хөрөнгө оруулагчид манай хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулахад чухал ач холбогдолтой болсон.

Монголд үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн зохицуулалтыг улам бүр боловсронгуй болгох, түүнд оролцогч байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг сайжруулах, эрх зүйн орчныг цаашид төгөлдөржүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж