Чойжин ламын сүм музей өнөөдөр/2022.06.17/ “Музей ба Монгол бичиг” өдөрлөгийг зохион байгуулав. Өдөрлөгийн үеэр музейн боловсролын хөтөлбөрийг танилцуулах, монгол туургатны “Мөнх тэнгэрийн бичиг”, “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд ирүүлсэн шилдэг бүтээлүүдийн дээжээс хүүхэд, залуучууд, олон нийтэд танилцуулж, монгол бичгээр унших, бичих шагналт уралдаан, монгол уран бичлэгийн үйлчилгээ, монгол бичгээр хэвлэгдсэн номын үзэсгэлэн, худалдаа зэрэг олон арга хэмжээ боллоо.
Өнөөдрийн арга хэмжээний хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн соёл урлагийн газар, “Хүмүн бичиг” сонин, “Монгол дуу, дүрс” сан ТББ, “Бичиг соёл” төв, “Олон улсын монгол уран бичлэгийн холбоо”, “Сувдан даруулган титэм” ТББ, “Хаан бичиг” номын дэлгүүр ажиллажээ. “Музей ба Монгол бичиг” өдөрлөгийг жил бүр уламжлал болгох бөгөөд цаашид монгол бичгийн олон улсын баяр хэлбэрээр өрнүүлэхээр зохион байгуулагчид төлөвлөж байна.
Мөн Чойжин ламын сүм музейг хөнгөлөлттэй үнээр үзүүлэх, өдөрлөгийг хамтран зохион байгуулагчдын зүгээс бэлэг, шагнал, дурсгалын зүйл гардуулах бол монгол бичиг соёлоо дээдлэгч үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд хүртээл болгон сурталчлах юм.
“Чойжин Ламын Сүм” музейн захирал Д.Отгонсүрэн:
-Өнөөдөр “Музей ба Монгол бичиг” өдөрлөгийг анх удаа зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагаа маань монгол хэл, бичгээ дээдлэн бахархах, үр хойчдоо өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой. Монгол улс 2025 онд хос бичигтэн болох зорилт тавьсан. Хос бичигтэн болох аянд Чойжин ламын сүм музей нэгдэж, Монгол бичгээ олон улсын зочид төлөөлөгчдөд сурталчлах түгээн дэлгэрүүлэх агуулгаар эл үйл ажиллагааг зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд Монгол бичгийн үзэсгэлэн, монгол бичгээр хэвлэгдэн гарсан ном, сонинг танилцуулах, музейн боловсролын хөтөлбөр болох хайрцган дахь музей, хүүхдүүдэд зориулсан цамын баг будах зэрэг олон үйл ажиллагаа болж өрнөж байна. Энэхүү үйл ажиллагаа нь дөрвөн цагийн турш нээлттэй явагдаж байгаагаараа онцлог. Энэхүү монгол бичгээ сурталчлан түгээн дэлгэрүүлэх ажлыг зөвхөн Чойжин ламын сүм музей дангаараа хийгээгүй, олон байгууллага хамтран ажлыг зохион байгуулсан билээ. Бид “Музей ба Монгол бичиг” өдөрлөгөө жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар төлөвлөсөн байгаа.
Калиграф сонирхогч Ж.Чанцалдулам:
-Миний хувьд иргэний нийгмийн байгууллагад ажилдаг клагрифаас хол нэгэн. Гэхдээ бага байхын монгол бичигт сонирхолтой, аав маань мужаан хүн хэдий ч монгол бичиг сайн мэддэг, түүнийгээ зааж өгдөг байсных юм уу хожуу ч гэсэн уран бичлэг гэх энэ гайхалтай урлагаар 2017 оноос хичээллэх болсон. Уран бичлэгээ сайжруулан өөрийгөө цөөнгүй тэмцээн уралдаанд сорьж, 2019 онд оролцсон уралдаандаа ямар бүтээл туурвих талаар бодож байгаад уран зохиолын хичээл дээр цээжлүүлдэг байсан ертөнцийн гурвуудаа санасан. Ингээд уран бичлэгээрээ бага насны дурсамжаа, аавыгаа дурсаад модон бар хайрцагтай 21 төрлийн ертөнцийн гурвыг муутуу цааснаа монгол марктай хослуулан бүтээлээ туурвисан. Өнөөдөр “Музей ба Монгол бичиг” өдөрлөгт дэлгэгдсэн уг бүтээлийнхээ санааг ингэж олсон түүхтэй.
Чойжин ламын сүм музейгээс санаачлан 1000 илүү жилийн түүхтэй, үндэсний сонгодог монгол бичгээ нийтээр сэргээн хэрэглэх, хойч үедээ өвлүүлэх, монгол хүн бүрийн эх хэл, бичиг үсэг, түүх соёлын мэдлэгээ гүнзгийрүүлэн, өв соёлоо хайрлан хамгаалахад нь чиглэсэн аливаа санаачилга, үйл хэргийг дэмжин, монгол бичгээр үйлдсэн үнэлж баршгүй арвин их өвийг дотоод, гадаадад сурталчлах 2025 оноос хос бичигтэн болох тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах зорилгоор тус арга хэмжээг зохион байгуулжээ.
Холбоотой мэдээ