УИХ-ын чуулганы өнөөдөр /2022.06.17/ Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг баталлаа. Уг хуулийн төслийг УИХ-ын 20 гаруй гишүүн өргөн барьж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ажилласан юм. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль нь 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд тус хуульд 69 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байдаг, тус хуульд 19 чиглэлд 200 гаруй зөвшөөрөл олгохоор тусгасан байна. Зөвшөөрлийн хуулийн онцлох заалтуудыг хүргэж байна.
-Үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй үйл ажиллагаа, эсхүл тусгай болзол, шаардлагыг хангасны үндсэн дээр хэрэгжүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа, эсхүл ашиг олох зорилгоор болон үйлдвэрлэлийн зориулалтаар газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, байгалийн баялаг, байгалийн хязгаарлагдмал нөөцийг ашиглуулахад тусгай зөвшөөрөл олгох
-Нэг удаагийн шинжтэй үйл ажиллагаа, эсхүл тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх нэмэлт үйл ажиллагаа, эсхүл газар, газрын хэвлий, түүний баялаг болон байгалийн баялаг, байгалийн хязгаарлагдмал нөөцийг ахуйн хэрэгцээний зориулалтаар ашиглуулахад энгийн зөвшөөрөл олгох.
-хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгох.
-ашиг олох зорилгоор, эсхүл үйлдвэрлэлийн зориулалтаар газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, байгалийн баялаг, байгалийн хязгаарлагдмал нөөцийг ашиглуулахаар олгосон зөвшөөрлийг хугацаатай олгох.
-дээрх зөвшөөрлөөс бусад зөвшөөрлийг хуульд заасан тохиолдолд хугацаагүй олгох.
-хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрөл авсаны үндсэн дээр эрхлэх нэмэлт үйл ажиллагааны хугацаа нь тусгай зөвшөөрлийн хугацаатай адил байх.
Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийт 448 зөвшөөрөл туссан бөгөөд үүнээс 13 чиглэлийн 285 тусгай зөвшөөрөл, 12 чиглэлийн 163 энгийн зөвшөөрөл туссан бөгөөд зөвшөөрлийг дараах үндэслэл, шалтгаанаар бууруулсан. Үүнд:
- Салбар хуулиар эрх аваагүй буюу эрх бүхий албан тушаалтны тушаал, шийдвэрээр олгож буй зөвшөөрөл.
- Хуулиар давхардуулан олгож буй зөвшөөрөл.
- Бүртгэлийн шинжтэй явагдах харилцаа зэрэг.
-2019 оноос хойш батлагдсан хуулиудад тусгасан зөвшөөрлийг төсөлд нэмж тусгах.
-Дээрх үндэслэл, шаардлагын дагуу төсөлд нийт 377 зөвшөөрөл тусгасан бөгөөд үүнээс 14 чиглэлийн 251 тусгай зөвшөөрөл, 12 чиглэлийн 126 энгийн зөвшөөрлийг тусгасан.
-Төрөөс олгож буй 1600 төрлийн зөвшөөрөл олгож байсныг 5 дахин бууруулав.
–Зөвшөөрлийг олгох, сунгах процессын үйл ажиллагааг зөвшөөрөл хүсэгчид цахимаар, нээлттэй ил тод мэдээлнэ. Зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авснаас хойш зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд ажлын 23 хоногт багтаан зөвшөөрөл олгоно.
Тусгай зөвшөөрөл 2+10+5+5=22 ажлын өдөр
Энгийн зөвшөөрөл 2+5+5+5=17 ажлын өдөр
–Байгалийн баялагийг ашиглахтай холбоотой зөвшөөрлийг нэрлэн зааж, тухайн зөвшөөрлүүдийг нээлттэй, ил тод орчинд ижил тэгш өрсөлдөөнийг бий болгох зорилгын хүрээнд дуудлага худалдаа, эсхүл сонгон шалгаруулалтын зарчмаар явуулах зохицуулалтыг шинээр тусгаад байна.
-Зөвшөөрлийг олгох, сунгах өргөдлийг шийдвэрлэх үйл ажиллагааг цахимжуулах талаарх зохицуулав. Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд зөвшөөрлийг олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн шийдвэр болон хүчингүй болгосон, зөвшөөрлийг барьцаалсан болон бусад хэлбэрээр шилжүүлсэн мэдээллийг цахим нэгдсэн санд бүртгүүлэх бөгөөд уг санг эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан ажиллана.
–Засгийн газраас Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.
-Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөлд 13 чиглэлээр энгийн зөвшөөрөл 91, тусгай зөвшөөрөл 387, онцгой зөвшөөрөл 19 зөвшөөрөл олгохоор тусгасан байсан.
-Тусгай болон энгийн зөвшөөрлийн тодорхойлолтой нийцүүлэн дээрх зөвшөөрлүүдийн салбар хуулийн зохицуулалт, хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх эрсдэл, үйл ажиллагааны онцлог зэргийг судалж, салбар хуулиар эрх аваагүй буюу эрх бүхий албан тушаалтны тушаал, шийдвэрээр олгож буй зөвшөөрөл, хуулиар давхардуулан олгож буй зөвшөөрөл, бүртгэлийн шинжтэй явагдах харилцаа зэргийг жагсаалтаас хасаж, сүүлийн байдлаар 139 энгийн зөвшөөрөл, 253 тусгай зөвшөөрөл, нийт 392 зөвшөөрлийг жагсаалтад тусгасан.
– Зөвшөөрлийн хууль батлагдснаар авлигын гэмт хэргийн үзүүлэлтэд тодорхой эерэг үр дүн гарна гэсэн.
-Зөвшөөрлийн хууль батлагдсаны дараа энэ хуулийн хамт хэрэгжих Улсын тэмдэгтийн хураамжийн тухай, Стандарт хэмжил зүйн тухайн хуулийг шинэчлэн боловсруулж, тодорхой хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт Улсын Их Хурлын тогтоолоор чиглэл өгнө. Засгийн газар дээрх хуулиуд болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг тогтоолоор заасан хугацаанд Улсын Их Хуралд өргөн барих барьж, тухайн хуулиудаар нилээдгүй асуудлыг тодорхой болгоно.
-Зөвшөөрлийн хуулийн дагуу санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий төр, хувийн хэвшил, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн орон тооны бус зөвлөл Ерөнхий сайдын дэргэд ажиллана. Зөвлөл тодорхой судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ хийж Засгийн газарт танилцуулах, Засгийн газар үндэслэлтэй гэж үзвэл холбогдох хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлнэ. Зөвлөл зөвшөөрлийн нэр төрлийг шинээр бий болгох асуудлаар дүгнэлт гаргахдаа Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу холбогдох сонсголыг явуулдаг байх зохицуулалтыг төсөлд нэмж тусгасан.
-Хууль хэрэгжсэнээр төрөөс зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааг хуульд өөрчлөлт оруулах асуудлаар л зохицуулна.Зөвшөөрлийн хууль батлагдсанаас хойш салбар хуулиар зөвшөөрөл олгох эрх авахгүй бөгөөд Зөвшөөрлийн хуулийн Наймдугаар бүлэгт өөрчлөлт оруулснаар эрх бүхий этгээд зөвшөөрлийг олгох эрхээ хуулиар авна гэж ойлгох хэрэгтэй.
Холбоотой мэдээ