Хүнсний аюулгүй байдал, хангамжийн талаарх тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталсан. Уг тогтоолыг баталснаар Монгол Улс хүнсээ дотоодоосоо хангах боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2026 он гэхэд Монгол Улс гол нэрийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах эхлэл тавигдаж байна гэсэн үг. Далайд гарцгүй, хоёр их гүрний дунд орших Монгол Улсын хувьд хэрэглээнийхээ бүтээгдэхүүний 80 хувийг гаднаас авдаг. Тодруулбал, мах, гурил, төмснөөс бусдыг нь гэсэн үг. Тиймээс Эрээний хил хаангуут хүнсний ногооны үнэ өсч, нарийн ногоо ховордоход хүрсэн. Хүнсний салбарынхны зүгээс хоёр асуудлыг хөнддөг. Хилээр орж ирж байгаа хүнс, ногооны үнэ бага учраас үндэсний үйлдвэрлэгчид импортын бараатай өрсөлдөх боломжгүй болдог. Тиймээс энэ талын дэмжлэг туслалцаа төрөөс шаардлагатай байгааг тэд хэлдэг. Ингээд УИХ-аас баталсан тогтоолын талаар албаны хүмүүсийг өгсөн мэдээллийг хүргэе.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Я.СОДБААТАР:
-УИХ-ын өнөөдрийн чуулганаар үндэсний аюулгүй байдлын томоохон асуудал болох хүнсний аюулгүй байдал, хангамжтай холбоотой түүхэн шийдвэр гаргаж байна. Ирэх таван жилийн хугацаанд Монгол Улс гол нэрийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах хүрээнд тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тавдугаар сарын 22-нд чуулганд үг хэлж, хүнсний аюулгүй байдлын талаарх тогтоолын төслийг танилцуулсан. Нийт 60 гаруй зүйлтэй тогтоолын төсөл ийнхүү батлагдлаа.
Нийт таван жилийн хугацаанд хэрэгжих ажлуудыг төлөвлөгөө батлагдаж байна. Ингэснээр монголчууд хүнсний аюулгүй байдал, хангамжийн асуудлыг дотооддоо бүрэн шийдвэрлэх боломжтой боллоо.
Тогтоолын төсөлд эрдэмтдийн тавьж байгаа гурван асуудал болох эрхзүй буюу газрын харилцаа, тодорхой салбарын хууль тогтоомжтой холбоотой асуудал орсон байгаа. Мөн хоёрдугаарт, санхүүгийн дэмжлэг. Зээл, санхүүгийн зөв оновчтой төсөв гаргахын тулд улсын төсвөөс 1.7 их наяд төгрөгийн төсөв гаргахаар боллоо. Гуравдугаар, хүний нөөц, салбарын тогтолцоотой холбоотой асуудлууд тогтоолын төсөлд тусгалаа олсон гэж хэлж болно.
Газар тариалангийн бүс нутаг, холбогдох хүрээлэн, лаборатори зэргээр ажлын хэсэг биечлэн очиж, танилцсан байгаа. Үүнийг хэрэгжүүлэх чиглэлд УИХ, Засгийн газар, бүх орон нутгийн удирдлагууд хамтарч байж зорилтын ард гарна. Тиймээс хүнсний аюулгүй байдалд хувьсгал хийхийг уриалж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУН:
-Хүнс гэдэг бол хүний амьд явах нэн тэргүүний хэрэгцээ шаардлагыг хангагч. Цар тахлын нөхцөл байдалд бидэнд хүнсээ дотоодоос хангах хэрэгцээ их байгааг харуулсан. Тиймээс байнгын хороод, ажлын хэсэг шуурхай хамтарч ажиллан таван жилийн хугацаанд хэрэгжих хүнсний аюулгүй байдал, хангамжийн тогтоолын төслийг батлууллаа. Монгол Улс хийж чадах зүйлээ дотоодоос хангах бүрэн боломжтой. Тэгэхлээр энэ ажлын хэрэгжилтэд иргэн бүрийн оролцоо өндөр үүрэгтэй байна. Тогтоол батлагдсан гарснаар хөтөлбөрийн хэрэгжилт бүрэн хангагдах боломж бүрдлээ.
Тогтоолд багтсан гол зүйл бол хүнс хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн тухай буюу хуулийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан батлуулахаар тусгасан.
Тиймээс салбарын хэмжээнд хүнсний аюулгүй байдлыг бодлогоор авч үзэж, алдаа дутагдлыг засаад явна гэсэн үг.
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД З.МЭНДСАЙХАН:
-"Атрын IV" аяны хүрээнд газар тариаланг дэмжих, мөн мал, малчдыг дэмжих зэрэг томоохон зорилтуудыг тусгасан байгаа. Тиймээс нийт ард иргэд, мал аж ахуй, газар тариалан эрхлэгчидтэй хамтарч ажиллахад салбар яамны зүгээс нээлттэй байх болно.
Хүнс хөдөө аж ахуйн яамны зүгээс тогтоолыг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаа.
Иргэдийн зүгээс ч гэсэн дотоодын бүтээгдэхүүнээ өргөнөөр хэрэглэж, дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.
Холбоотой мэдээ