Төрийн өмч бол хулгай, луйвар болж дуусдаг!

Хуучирсан мэдээ: 2022.06.17-нд нийтлэгдсэн

Төрийн өмч бол хулгай, луйвар болж дуусдаг!

Төрийн өмч бол хулгай, луйвар болж дуусдаг!

Төр нүүрс ухаж, дилер хийж, мод услаж, байшин барьж, махны ченж хийх шаардлагагүй. Энэ бүхнийг хувийн хэвшилд даатгачихвал төрийн компаниудын тоо цөөрч, эдийн засагт илүү нэмэртэй байх болно. Төрийн компани олон байх тусмаа авлигачдад ашигтай гэсэн үг. Өөрөөр хэлбэл,  төрийн өмчит компаниуд авлигын үүр уурхай болоод удаж байгаа билээ.

“Транспэрэнси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас гаргасан 2021 оны индексээр Монгол Улс 180 орноос 110 дугаар эрэмбэлэгдсэн. Үндсэндээ,өмнөх 2020 оноос нэг байраар урагшилсан нь Монголд авлига амь бөхтэй байна гэсэн үг. Тэгэхээр авлигыг бууруулахын тулд авлигын үүр уурхайнуудыг цэгцлэх ёстой.  Нэн ялангуяа төрийн өмчит компаниудыг цөөлж, дансыг нь шилэн, засаглалыг нь нээлттэй болгохгүйгээр авлигатай тэмцэх боломжгүй.

Статистик мэдээнээс сонирхуулбал төрийн өмчит үйлдвэр, компаниуд 2021 онд 11.8 их наяд төгрөг олж, үүнээс 9.3 их наяд төгрөгийг нь “үржээ”.  Төрийн болон орон нутгийн өмчит 160 компанийн нийт ашиг нь ердөө 705 тэрбум төгрөг. Энэ ашгийн 90 хувийг хоёрхон компани, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт” үйлдвэр бүрдүүлдэг. Ингээд харахаар  төрийн өмчит компанийн 90 хувь нь өгөөж муутай ажилладаг гэсэн үг. Жишээ нь, ЗГХЭГ-ын харъяанд байгаа 17 компаниас 18 хувь нь ашигтай, 82 хувь нь ашиггүй ажиллажээ. ЭХЯ-ны харъяанд байдаг 26 компанийн 85 хувь нь ашиггүй ажилласан байх юм. Гэтэл компаниудын удирдлагууд нь том, том жип хөлөглөөд давхиад байдаг.

Өнөөдрийн хувьд Ардын намын журмын нөхөд төрийн өмчит компаниудыг засаглаж, “зайдагнаж” яваа. Учир нь төрийн өмч бол түмний өмч биш ялсан намын, тэдний ах дүү, анд найзуудынх нь өмч болдог нь Монголын хувьд бичигдээгүй хууль. Ц.Нямдорж нэгэнтээ “Эрдэнэт” ард түмний өмч боллоо гэсэн. Атал Ардын намынхны өмч болчихсон юм даг.

Төрийн өмчит компаниудын дарга даамлуудтай холбоотой том, том гэрээ, тендер, шагнал урамшуулал, авлига, албан тушаалын хэрэг байсхийгээд нийгэмд дуулиан тарьдаг, харамсалтай нь асуудал нь хэвээрээ үлддэг.  Хүрээний бузрыг дэлгэвэл далай гэгчээр төрийн өмчит компаниудын авлига, албан тушаалын асуудлыг ярих юм бол далай бүр цаашаа.  ТУЗ-д нь улстөрчид орчихсон, энд, тэндээс давхар, давхар цалин хүртээд явж байдгийн нэг жишээ бол Н.Багабанди. Үеийнхэн нь хэдийнэ тэтгэвэртээ гарчихсан байтал  Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тэрбээр Оюутолгойн гэрээ байгуулагдсан цагаас  ТУЗ-д ажилалаа.

Энэ бүхнийг цэгцлэх үүднээс Засгийн газраас Төрийн болон орон нутгийн өмчит компанийн хуулийн төслийг санаачилсан. Мэдээж, эрх ашиг нь хөндөгдсөн улстөрчид, тэдний гар хөлүүд “үүрээ эвдсэн” шоргоолж шиг байгаа ч биз.

Өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийн 200 гаруй хүнийг чөлөөлөх шийдвэр гаргасныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хэвлэлийнхэнд мэдээлсэн юм. Тэдний дийлэнх нь төрийн байгууллагуудын удирдлага, хэлтсийн дарга нар байсан гэх.  Хуулийн төсөлд улс төрийн албан тушаалтныг төрийн өмчит компаниудын ТУЗ-д орохыг хориглож байгаа юм байна.  Мөн ТУЗ-ийн гишүүнд тавигдах шаардлага, гишүүдийн тоо, нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмыг нарийвчлан тодорхойлж, мэргэжлийн чадварлаг, хараат бус, жендэрийн эрх тэгш байдал буюу хүйсийн тэнцвэртэй төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагыг бүрдүүлэх зохицуулалтыг тусгаж өгснөө Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар онцолсон. Энэ бүхнийг нь харин дэмжих эсэх нь МАН-ын бүдүүн бүлгээс хамаарна гэсэн үг. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж олон нийтийн хяналтад оруулна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ынхоо зургаан зорилтод тусгачихсан шүү дээ. Тэгэхээр Ерөнхий сайдынхаа “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг УИХ дээр хэн дэмжиж, хэн унагах нь уу харж л сууя.

Төрийн өмчийн компаниудын засаглал, дансыг нь шилэн болгох аваас авлигатай тэмцэх ажилд нэмэртэй л юм байдаг. Төр өмч олонтой байхын хэрээр тэнд хулгай, луйвар, тонуул, дээрмийн үүр овоохой болж хувирдгийг тод жишээ бол Хөгжлийн банк, ЖДҮ юм даа.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж