Үндэсний их баяр наадмын тухайн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж буйтай зэрэгцээд бөхчүүдэд цол нөхөн олгох асуудал давхар яригдаж байна. Тодруулбал, 1924-1970 оны хооронд амжилтаа зөв үнэлүүлж чадаагүй 40-50 бөхөөс гадна өнгөрсөн жилийн Хүй долоо худагт болсон 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд цол нэмж олгох тухай яригдаж байгаа билээ.
Ховд аймгаас сонгогдсон Б.Пүрэвдорж гишүүн өнгөрсөн жилийн 512 бөхийн барилдаанд цол нөхөн олгох талаар хуулийн төсөл хүртэл санаачилсан. Тэгвэл УИХ-ын өнөөдрийн /2022.06.17/чуулганы хуралдаан дээр Ховд аймгаас сонгогдсон С.Бямбацогт гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилгыг дэмжиж “Уяачид, бөхчүүд, харваачдад цолыг нь ялгаварлалгүй олго” гэсэн юм.
Өнгөрсөн жил Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг өнжиж, цол горилж байсан бөхчүүд, уяачид, харваачдыг гонсойлгосон. Тиймээс Бөхийн холбоо чзалуусынхаа бэлтгэл сургуулилтыг үнэгүйдүүлэхгүйн тулд Монголын залуучуудын холбоотой хамтран Хүй долоо худагт 512 бөхийн барилдаан зохион байгуулсан. Чансаа өндөр энэхүү барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, аймгийн арслан Э.Ууганбаяр үзүүрлэсэн билээ. Хэрэв цол нөхөн олгохоор болвол дараах бөхчүүд ийм цол хүртэнэ.
- Улсын харцага Б.Бат-Өлзий – Улсын арслан
- Аймгийн хурц арслан Э.Ууганбаяр – Улсын гарьд
- Улсын начин Ч.Батчулуун , аймгийн арслан Т.Довчинсэмбээ – Улсын заан
- Аймгийн арслан Ц.Адъяа, аймгийн заан Э.Энх-Амгалан – Улсын харцага
- Аймгийн арслан Э.Мөнхбаатар, аймгийн арслан Э.Нямаа, аймгийн арслан Д.Төрболд, аймгийн заан Э.Мөнхжаргал – Улсын начин цол тус тус хүртэнэ.
Эндээс Ховд аймгийн харьяалалтай нь улсын харцага Б.Бат-Өлзий, аймгийн арслан Ц.Адъяа нар. Угтаа тус аймгаас дөрвөн бөх шөвгөрсөн ч аймгийн арслан Н.Батсайхан, аймгийн заан Б.Уртнасан нар допингийн шинжилгээнд бүдэрч, дөрвөн жилээр барилдах эрхээ хасуулсан юм.
Хамгийн сүүлд Ховд нутгаас 82 жилийн өмнө улсын арслан Ш.Ванчинхүү төрийн наадамд түрүүлж байлаа.
Ямартай ч Ховдын Б.Пүрэвдорж гишүүн цол олгох хууль санаачилж, С.Бямбацогт гишүүн УИХ-ын чуулган дээр энэхүү саналыг дэмжиж, багагүй маргаан үүсгээд байна.
Холбоотой мэдээ