Франц, Герман, Итали, Румыны удирдагчид Украины Европын холбоо/ЕХ/-д элсэх хүсэлтийг дэмжиж, нэн даруй нэр дэвшигчийн статус олгох хэрэгтэй гэж үзжээ. Герман улсын канцлер Олаф Шольц Киевт болсон хамтарсан хэвлэлийн бага хурал дээр “Украин нь Европын гэр бүлд хамаарагддаг. Гэхдээ Украин улс элсэх шалгуурыг бүрэн хангасан хэвээр байх ёстой” гэж ярив. Үүний зэрэгцээ Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон ЕХ-ны 27 гишүүн ОХУ-ын эсрэг Украины талд зогсоно гэдгийг онцолжээ.
Украины Ерөнхийлөгч Влодимир Зеленский Оросын түрэмгийллийг "Нэгдсэн Европын эсрэг дайн" гэж тодорхойлж, хамгийн үр дүнтэй зэвсэг бол эв нэгдэл гэж тайлбарлав. Мөн тэрбээр хоёрдугаар сарын 24-нд түрэмгийлэл эхэлснээс хойш, Украиныг илүү үр дүнтэй хамгаалж, Москвагийн эзлэн авсан газар нутгийг чөлөөлөхийн тулд илүү хүнд зэвсгийг яаралтай илгээхийг дахин уриалсан аж.
ЕХ-ны дөрвөн удирдагч Пүрэв гаригт Оросын эзэлсэн Киевийн ойролцоох Ирпин хотод айлчилсан юм. Украины тал Оросын цэргүүдийг Ирпин болон ойролцоох Буча зэрэг хотуудад олон зуун энгийн иргэдийг хөнөөж, дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж байгаа ба Москва үүнийг үгүйсгээд байна. Кремль бүхэл бүтэн Луганск бүс нутгийг хяналтдаа байлгахыг эрмэлзэж байгаа тул Северодонецк болон түүний ихэр хот Лисичанскийг эзлэх нь олон долоо хоногийн турш Оросын цэргийн гол зорилго байсаар ирсэн юм.
Ерөнхийлөгч Макрон, канцлер Шольц нар Италийн ерөнхий сайд Марио Драги, Румыны ерөнхийлөгч Клаус Иоханнис нартай хамт дайн эхэлснээс хойш анх удаа Украинд айлчилсан нь энэ байлаа. Холбооны зарим гишүүд Украиныг ЕХ-нд элсүүлэх талаар бага зэрэг няхуур хандаж байгаа бөгөөд Европын холбооны нөлөө бүхий гурав болох Франц, Герман, Итали улсуудын дэмжлэгийн үгс тэдний байр суурийг хөдөлгөж магадгүй юм.
Европын комисс Украинд нэр дэвшигчийн статус олгох эсэх талаар мэдэгдэл гаргахаас нэг өдрийн өмнө энэхүү айлчлал өрнөж байна.
Гэсэн хэдий ч нэр дэвшигчийн статус нь бүрэн гишүүнчлэлд хүрэх дараагийн алхам болох бөгөөд үүнд олон жил шаардагдана. Киевт айлчлахын өмнө Украины албаныхан Франц, Герман, Итали улсуудыг зэвсэг нийлүүлэхдээ удаашралтай, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг тайвшруулахад хэт их анхаарал хандуулж байна гэж удаа дараа шүүмжилсэн.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ