“….Хурдан морь унах унаач хүүхэд хайж байна. Цалин өндөр”. Ийм зар олон нийтийн сүлжээнд мэр сэр харагдах болсон нь аргагүй л наадам ойртсоных биз. Уясан мориныхоо шандасыг сориход сайн уяачаас гадна сайн унаач чухал. Тиймээс уяачид унаач хүүхдийн эрэлд хэдийнэ морджээ. Учир нь, уяа сойлго нь таарсан ч уралдаанч хүүхдийн авхаалж самбаа, туршлага чадвар уралдаж буй морьдыг айраг түрүү хүртэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Ингээд зарын дагуу зарим уяачидтай холбогдов.
Дугаар 1. 9508….
-Сайн байна уу? Унаач хүүхэд авна гэсэн зарын дагуу ярьж байна. Та хүүхдээ олсон уу?
-Хүүхдээ олоогүй байна. Шүдлэн, соёолон гэсэн хоёр насны морь унуулна. Би өөрөө Сэлэнгийн хүн. Наадам хүртэл ажиллана. Цалин 800 мянгаас нэг сая төгрөгийн хооронд. Сайн байвал нэмэлт цалин олгоно. Хүүхдийн жин 27-28 кг байх хэрэгтэй.
Дугаар 2. 9911….
-Зарын дагуу ярьж байна. Унаач хүүхдийн цалин хэд вэ, тэдэнд ямар шаардлага тавих вэ. Мөн унаач хүүхдийн аюулгүй байдлыг яаж хангаж байгаа вэ?
-Долдугаар сарын 20-н хүртэл ажиллаад 2.4 сая төгрөгийн цалин өгнө. Хүүхдийн жин 28 кг байвал сайн байна. Улаанбаатар хотоос холгүй уяатай. Уралдаж сурсан номхон морьд бий. Мэдээж, хүүхдийн аюулгүй байдлыг маш сайн хангана. Эцэг эхтэй нь ч гэрээ байгуулна. Байрлах гэр орон, хоол ундыг нь даана.
Дугаар 3. 9901….
-Морь унах унаач хүүхэд хайж байгаа гэл үү, хэр удаан ажиллах вэ? Бас цалин нь хэд вэ. Унаач хүүхдэд шалгуур тавих уу?
-Ах нь өөрөө Сүхбаатарын хүн. Наад хүүхэд чинь хэдэн жил морь унаж байгаа вэ. Өмнө нь улсын наадамд уралдаж байсан уу? Эхлээд ганц хоёр морь унуулж, уралдуулж үзнэ. Үнэхээр моринд гарамгай сайн байвал цалин хөлсөө тохирно. Манай зүүн бүсийн уралдаан наймдугаар сарын 1-нд болно. Тэр хүртэл хамтарч ажиллах унаач хэрэгтэй байна. Ах нь сарын 500-700 мянган төгрөг өгье гэж бодож байна. Хэрэв чи зөвшөөрвөл маргааш унаач хүүхдээ "Тэнгэр плаза" дээрээс таксинд суулгаад наашаа явуулчих. Ах нь тосоод авъя.
Зараар холбогдоход тэд ийн хариултыг өглөө. Цалингийн хувьд харилцан адилгүй, унаач хүүхдийн ур чадвар, авхаалж самбаанаас хамаарах бололтой. Үүнээс гадна фэйсбүүк дээр “Хурдан морь унадаг хүүхэд, хүүхдийн эцэг эх холбогдоно уу? Гэрээ хийж цалинг хоёр хуваан найдвартай олгоно. Цалин 1.5 сая”, “Унаач хүүхэд хэрэгтэй байна. Өвлийн идэш өгнө. Цөөхөн нас унуулна”, “Уралдаанч хүүхэд авна. Жин 23-25 кг. Цалин сарын хоёр сая. Цалингаа урьдчилж авч болно”, “Унаач хүүхэд байна уу? Сарын 850 мянга”, “Туршлагатай хурдан морь унаач хүүхэд авна. Цалин хөлс маш өндөр” гэх зэрэг олон арван зар тавигджээ. Эндээс харвал унаач хүүхэд ховордож, эрэлт ихэссэн бололтой. Гэхдээ уяачдын унаачдад тавьж байгаа хамгийн гол шаардлага нь жин бага байх гэнэ.
Урьд нь уралдаанч хүүхдэд ууттай ганц бэлэг, хичээлийн хэрэгсэл, цүнх өгдөг байсан бол өдгөө тэдний хөдөлмөрийн хөлс багагүй нэмэгдсэн бололтой. Нөгөө талаараа тэдний эрхийг хамгаалах, хангах тал дээр албаны хүмүүс анхаарал тавьж ажилладаг. Одоо хэлэлцэгдэж буй Үндэсний их баяр наадмын тухай хууль дээр унаач хүүхдэд зориулсан хэд хэдэн заалтыг суулгаж өгсөн бий.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг ярихдаа “Хурдан морин дээр хүүхдийн асуудлыг Засгийн газар чухалчилж байна. Зөвхөн баяр наадмын даатгал биш, бүтэн жилийн даатгал, ээж аавын зөвшөөрлийг заавал бичгээр авах, даатгалаас гадна унаж бэртсэн тохиолдолд гарах үр дагаврыг нь уяач бүрэн хариуцах, хүүхдийн хэрэглэгдэхүүн, хамгаалалтын хэрэгслийг хангах гэх мэт зүйлүүд бий” гэв.
Манайхан унаач хүүхэд гэж их ярьдаг бөгөөд энэ нь тун буруу аж. Учир мэдэх уяачийн ярьснаар “Уралдаанч гэвэл бэлгэ дэмбэрэлтэй юм уу даа. Унаач гэж буруу хэллэг шүү. Морины хүүхэд эсвэл хурдан морины хүүхэд гэвэл зохилтой. Унаач гэхээр мориноосоо унаад байгаа мэт бэлгэдэлгүй нэршил” гэв.
Иргэдийн дунд бага насны хүүхдээр хурдны морь унууллаа гэх шүүмжлэл байдаг. Тэгвэл бага насны хүүхдээр л хурдан морь унуулах нь манай үндэстний бас нэгэн уламжлал, өв соёл, онцлог гэнэ. Дэлхийн өөр хаана ч бага насны хүүхдээр хурдны морь унуулдаггүй. Гадаадад 30 настай хүн морин тойруулаг дотор уралдаанд оролцож байхад манайд дөрвөн настай жаалхүү тал нутагтаа уралдаж байгаа нь манай үндэстний онцлог, ялгарал гэж уяачид, судлаачид ярьж байна.
Холбоотой мэдээ