Цар тахлын хугацаанд хүчээ авсан гэмт хэргийн төрөл бол цахим залилан. Тэр дундаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, хохирогч болсон монголчуудын тоо өдөр ирэх тусам өсч байна. Хохирлын хэмжээ ч хэдэн арван тэрбумаар бумаас зуун тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа нь иргэд мөнгөтэй ч энэ талын мэдлэг, мэдээлэл багатай балаг их байгааг харуулж буй. Цагдаагийн байгууллагаас гаргасан тоон мэдээгээр хоногт 24 хүн цахим залилангийн хохирогч болж байна. Насны хувьд 12-75 насныхан цахим залиланд гол төлөв өртөх болжээ. Харин хохирлын хэмээг авч үзвэл :
- 2019 онд 13 тэрбум төгрөг
- 2020 онд 67.2 тэрбум төгрөг
- 2021 онд 115 тэрбум гаруй төгрөг болж өссөн байна.
Цахим залиланд өртсөн иргэд цагдаагийн байгууллагад ханддаг ч харамсалтай нь эзэн холбогдогч нь тогтоогдохгүй байх эрсдэл өндөр аж. Учир нь залилагчид хуурамч цахим хаяг, хуудаснаас мэдээлэл авч, бусдын картыг ашиглан мөнгө шилжүүлж, ор сураггүй алга болдог байна. Амташсан хүн 13 дахина гэгчээр залилагчдын арга мэх дараа дараагийн удаад улам нарийсч гэмт хэргийн тоо, хохирлын хэмжээ ч огт буурахгүй байгааг цагдаагийн алба хаагчид анхааруулж буй юм.
Угтаа бол монголчуудыг гэндэж болохгүйг сануулсан залилангийн хэрэг мундахгүй. Тухайлбал, койн, "Жи тайм", "Бэлтэс мөрөн" зэрэг гэхчлэн.
"Covid-19"-ийн үед олон бизнес хаалгаа барьж, орлогын эх үүсвэргүй иргэд нэмэгдсэн. Энэ үед богино хугацааны хөрөнгө оруулалтаар мөнгөө өсгөх боломжтой койн буюу крипто арилжаа зэрэг цахим залилан өссөн юм.
Хамгийн сүүлд гэхэд романс залилангийн хохирогч болсон бүсгүйчүүд 443 сая төгрөгөөр хохирсон гэх мэдээлэл олон нийтийг талцуулж буй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн О гэгч эмэгтэй АНУ-ын иргэн гэж өөрийгөө итгүүлэн Aliso Camelove гэж хаягтай хүнтэй фэйсбүүкээр танилцан, харилцаж, чаталсаар хайр сэтгэлийн холбоо тогтоож олон улсын мөнгөн гуйвуулгаар Голомт банкаар дамжуулан 18 удаагийн үйлдлээр 77 мянган доллар шилжүүлсэн хэрэг 2020 онд гарсан байна. Тэгвэл Майкал гэх хаягтай, өөрийгөө малын эмч гэж танилцуулан Турк улсын иргэнд С гэх эмэгтэй 33500 доллар, George Henson гэдэг хаягтай Австралид ирэх урилга, илгээмж явуулна гэсэн гадаад хүнд иргэн С 2 удаагийн үйлдлээр 37 мянган доллар шилжүүлж мэхлүүлсэн хэрэг гарсан байна. Монгол хүүхнүүдийн итгэмтгий занг гадаадын хакерууд, залилагчид ашиглах нь ийнхүү нэмэгджээ.
КОЙН АВЧ ЗАЛИЛУУЛСАН ХҮНИЙ ТООГ ГАРГАХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ
Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 25.7 хувийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн залилах гэмт хэрэг эзэлж байна. Цаашид ч залилах гэмт хэргийн тоо өсөх хандлагатай байгаа аж. Энэ дунд койн авч, мөнгөө зарцуулсан ч эргэн нэхэмжлэх хүсэлтэй иргэд тодорхой хувийг эзлэх болжээ. Койн бүртгэх зохицуулалт Монголд байдаггүйг мэдэхгүйгээс хохирсон иргэд өргөдөл өгсөн ч гомдол барагдуулах зохицуулалт байдаггүй. Тиймээс энэ төрлийн цахим залиланд өртсөн иргэд ихэвчлэн өргөдөл өгөхгүй өнгөрдөг байна. Учир нь нэг талаар энэ нь аз сорьсон цахим залилан.
Монгол Улсын 2.7 сая иргэн цахим сүлжээг өдөр тутамдаа идэвхтэй ашигладаг байна. Тиймээс бүртгэл бүрийг шалгаж, крипто арилжаа руу орж хохирсон монгол иргэдийн тоог гаргах ямар ч боломжгүй аж.
БЭЛТЭС МӨРӨНД БУТЛААР ЗАЛИЛУУЛСАН ХӨВСГӨЛИЙНХӨН
Хөвсгөл аймагт 2021 оноос "Нэмэх даатгал" нэрээр иргэдийн мөнгийг татан төвлөрүүлж, мөнгийг залилж байсан гэх үндэслэлээр "Бэлтэс мөрөн" ХХК-ийн удирдах албан тушаалтнуудыг цагдаагийн байгууллагаас шалгаж, цагдан хориод олон сар болж байгаа. Тус компанийн удирдлагууд тэтгэврийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн мөнгийг өсгөж өгнө гэх байдлаар итгүүлэн татаж дансандаа төвлөрүүлснийг иргэд мэдээлсэн. Гэвч тус мөнгөн хохирлыг одоог хүртэл барагдуулаагүй учир Хөвсгөлийнхөн арга буюу хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандсан юм.
"Бэлтэс мөрөн" ХХК болон тус компанийн хамаарал бүхий иргэдийн 11 дансанд жилийн хугацаанд 227 тэрбум төгрөгийн орлого орсон нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ.
Уг компанийг үүсгэн байгуулсан этгээд нь өөрийн төрсөн аав, ээж, ах, эгчийн нэр дээр 12 үл хөдлөх хөрөнгө, зургаан тээврийн хэрэгсэл худалдан авсныг нь илрүүлээд байгаа. Харамсалтай нь тус компанийн удирдлагууд хохирол барагдуулах боломжгүй, төлбөрийн чадваргүй гэдгээ мэдэгдсэн.
Үүнтэй төсвэй олон мянган иргэдийг улсын хэмжээнд хохироосон хэрэг бол "Жи тайм" сүлжээ.
“ЖИ ТАЙМ”-ААС БОЛЖ 11352 ИРГЭН ХОХИРЧ ДОЛООН ТЭРБУМАА АЛДСАН
Ашиг олохоор олон улсын сүлжээний бизнес эрхлэгчид монголчуудын гэнэн итгэмтгий занг андахгүй мэдэх болсон. Үүний нэг жишээ нь 2017 онд Казахстан улсаас ядуурлыг бууруулах зорилготой монголд орж ирсэн “Жи тайм” сүлжээ юм. Тэд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн иргэдийн хүсэл дээр дөрөөлж залилан үйлдсэн.
“Жи тайм корпорейшн” ХХК нь 12 мянга 365 иргэнийг сүлжээнд элсүүлж, нийт 11 мянга 352 иргэнд 25 тэрбум 800 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэх албан бус тоо бий.
Хэрэг гарснаас хойш гурван жилийн дараа буюу 2020 оны долдугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус хэргийг хэлэлцэж шийдвэр гаргасан ч долоон тэрбумын хохирлыг барагдуулах боломжгүй дүгнэлт гарсан. Эдгээр цахим залилангийн хэргүүдээс харвал эзэн холбогдогч нь тогтоогдсон ч хохирлыг бүрэн барагдуулах боломжгүй байна. Тиймээс иргэд цахим залилангийн талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэж, хэн нэгний ятгалагт орохоос өмнө нягталж сурах зайлшгүй шаардлагатай байгаа. Эс бөгөөс монголчуудын итгэмтгий занг бусад улс орны залилагчид андаад хүлээж байж болзошгүй юм.
Холбоотой мэдээ