Үндэсний их баяр наадмыг угтаж, жуулчдын тоо нэмэгдэх учир цагдаагийн байгууллагын алба хаагчдын тоог нэмэх шаардлага үүсдэг. Тэгвэл энэ жил 150 гаруй оюутан “Оюутан цагдаа”-аар ажиллахаар бүртгүүлээд байна. Гадаадын жуулчдад туслах, мэдээллээр хангах, нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой энэхүү арга хэмжээ 2014 оноос зохион байгуулагдсан.
Өнгөрсөн жилүүдэд нийт 400 гаруй оюутан цагдаа ажиллаж байсан бол энэ удаад хорионы дараах хөл хөдөлгөөн ихсэх учраас ийнхүү тоог нь нэмсэн байна.
Цар тахлын улмаас 2020, 2021 онд өнжсөн уг арга хэмжээг энэ жилээс сэргээж байгаад оюутнууд ч таатай хандаж байгаа аж. Учир нь нэг талаар цалинтай олон нийтийн цагдаа хийхээс гадна гадаадын жуулчидтай харилцаж хэлний мэдлэгээ ч дээшлүүлэх боломжтой байна.
НИЙСЛЭЛИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БАТБЯМБА
-Оюутан цагдаа арга хэмжээ нь хэд хэдэн ач холбогдолтой. Юуны түрүүнд оюутнууд хууль зүйн мэдлэг, мэдээлэлтэй болно. Мөн гадаад дотоодын жуулчдыг ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж байгаа. Эцэст нь түр ажлын байр бий болж, оюутнууд тодорхой хугацаанд цалин, орлоготой болж байгаа учир Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс ач холбогдол өгөн, дэмжиж оролцдог.
Энэ хөтөлбөрийг урамшуулах, хувцас хэрэгсэлд нь зориулж нийт 157.1 сая төгрөгийг шийдвэрлэсэн. Оюутнууд тэгэхлээр бэлтгэл ажилдаа орж, жуулчдад үйлчлэх төлөвлөгөө маршрутдаа ирэх долоо хоногоос суралцаж эхэлнэ.
2019 онд тус арга хэмжээний үеэр гадаадын жуулчидтай холбоотой гэмт хэрэг, зөрчил 44.8 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Оюутан цагдаа нар энэ зун иргэд, жуулчдад Монголын түүх соёл, нийслэл хотоо сурталчлахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэн аюулгүй байдлыг нь ханган ажиллана. Үндэсний баяр наадмын өдрүүдэд иргэд жуулчид ихээр төвлөрдөг Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн “Хүй долоо худаг” зэрэг газруудын харьяа цагдаагийн хэлтсүүдэд оюутнуудыг хуваарилан хариуцуулах юм байна.
Холбоотой мэдээ