Японы хүн ам буурсаар байгаа ч залуус нь гэрлэх хүсэлгүй

Хуучирсан мэдээ: 2022.06.17-нд нийтлэгдсэн

Японы хүн ам буурсаар байгаа ч залуус нь гэрлэх хүсэлгүй

Японы хүн ам буурсаар байгаа ч залуус нь гэрлэх хүсэлгүй

Японы хүн ам цөөрсөөр байгаа ч залуус нь хүнтэй суух бодолгүй байгаа нь ажиглагджээ. Ялангуяа, 30-39 насны ганц бие дөрвөн хүн тутмын нэг нь огт гэрлэх хүсэлгүй гэж хариулсныг Японы засгийн газраас хийсэн судалгаанд дурдсан байна. Эдгээр залуусын хувьд хүүхэд өсгөх хариуцлага, гэрийн ажил, санхүүгийн асуудал, тогтвортой ажлын байр зэргийг насаараа ганц бие амьдрах замыг сонгосон гол шалтгаан гэж нэрлэжээ. Дээрх судалгаанд оролцсон 30-аад насны эрэгтэйчүүдийн 55 хувь, эмэгтэйчүүдийн 63 хувь нь гэрлэсэн байна.

Харин гэрлээгүй эрэгтэйчүүдийн 27 хувь, эмэгтэйчүүдийн 25 хувь нь насаараа ганц бие амьдралыг сонгож, төлөвлөсөн гэж хариулсан аж.

Санхүүгийн асуудал гэдгийг нарийвчлан тайлбарлахдаа хүүхэд өсгөх зардал, орон байрны эзэмшил зэрэг гэрлэлт, хүүхдийг дагадаг нэмэлт хариуцлагыг нэрлэсэн байна. Эрэгтэйчүүдийн хувьд ажлын байрны тогтвортой байдал бол хамгийн гол асуудал гэжээ. Япончуудын хувьд нэг байгууллагад тогтвор суурьшилтай насаараа ажиллахыг чухалчилдаг уламжлалтай. Харин эмэгтэйчүүдийн хувьд гэр орны ажил болон ар гэрийн зохицуулалтыг олон удаа дурджээ. Эмэгтэйчүүд хүнтэй суувал карьер хөөх боломжгүй болж, ар гэрээ авч явах, хүүхэд өсгөх үүрэг хүлээдэг.

Харин 20-иод насны ганц бие залуусын хувьд гэрлэлтэд илүү өөдрөг хандлагатай байгаа нь ажиглагдсан байна. 20-30 насны судалгаанд оролцсон залуусын төлөөллөөс эрэгтэйчүүдийн 19 хувь, эмэгтэйчүүдийн 14 хувь нь гэрлэх төлөвлөгөөгүй гэж хариулжээ. Энэхүү судалгааг 2021 оны арванхоёрдугаар сараас 2022 оны нэгдүгээр сарын хооронд 20 мянга орчим залуусын дунд хийсэн байна. Судалгааг 20-60 насны хүмүүсийг хамруулсан аж.

Японд цагаачлалын зориудын бодлогогүй, олон нийтийн хүсэл сонирхол буурсан зэргээс хүн ам зүйн бодлого  нь алдагдсан гэж судлаачид дүгнэжээ. Улмаар зургаан жил дараалан жилээс жилд  төрөлт буурсаар хүн амын тоо огцом буурч байгаа юм. Тус улс нь дэлхийд төрөлтийн хэмжээгээрээ хамгийн сүүлд жагсдаг. Сүүлийн таван жилийн хугацаанд энэ байр сууриа хадгалсаар байгаа бөгөөд 1000 хүнд ногдох төрөлтийн тоо нь ердөө 8,3 хувь юм.

Японы “Kyodo news” агентлаг өнгөрсөн тавдугаар сард мэдээлэхдээ, 2021 онд тус улсын хүн амын тоо түүхэнд байгаагүйгээр буурныг онцолсон. Тус  мэдээллээр Японы хүн ам 2021 онд 644 мянган хүнээр буурч, 125.5 сая гаруй болжээ. Тус улсын хүн ам 12 дэх жилдээ дараалан буурч буй нь энэ юм. Өнгөсөн оны хувьд 1950 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт байв. Тэгвэл өнгөрсөн онд 831 мянган хүүхэд төржээ. Нийт хүн амын 29 хувь нь 65 ба түүнээс дээш насныхан байсан бол 14 ба түүнээс доош насныхан 11.8 хувийг эзэлж байна.

2060 он гэхэд Японы хүн ам 87 саяар буурна гэсэн тооцоо гарсан байна.

Японы засгийн газар хүн амын бууралт, ажиллах хүчний хомсдолтой удаан хугацаанд тэмцсээр ирсэн. Энэ хүрээнд визний хөнгөлөлттэй тогтолцооны дагуу гадаад ажилчдыг нэмэгдүүлэх оролдлого хийж байна. Гэвч Япон нь цагаачлалын хатуу журам, шаардлагатайгаас тус улсад иргэншилгүй боловч оршин суудаг хүмүүс олон байдаг. Иргэншилгүй хүмүүс тус улсад хуулиар хязгаарлагдмал эрхтэй. Мөн арьсны өнгө өөр хүмүүс, үндэстний цөөнхүүд япончуудын стандарт, хүлээлтэд хүрэхгүй, дасан зохицон амьдрахад маш их хүндрэлтэй байдаг.

Үүний эсрэг Японы засгийн газрын хөтөлбөр нь гадаадын ажилчдыг жирэмслэхээс татгалзах эсвэл үр хөндүүлэхэд түлхдэг бөгөөд тэгээгүй бол ажлаа алдахад хүрдэг. Тухайлбал, хөдөлмөрийн насны хүн ам хөгширч буйн эсрэг гадаадын цагаач ажилчдыг авчрах Японы засгийн газрын “Техникийн дадлагажигч бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдсан хүмүүс дээрх асуудлыг хөнджээ. Тус хөтөлбөр нь гадаадын оролцогчдод хямд өртөгтэй солилцоогоор тогтвортой ажлыг амлаж, ажиллах хүчнээ нэмэхийг зорьсон аж. Гэвч хөтөлбөрт оролцсон хүмүүс төрөл бүрийн хүчирхийлэлд өртөж, жирэмслэлтээс болж ялгаварлан гадуурхалтад өртөж,  үр хөндүүлэхэд хүрсэн тухайгаа ярьсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж