Д.Амарбаясгалангийн амлалт ба БАРДАМ АМ ШАЛДАН ГУЯ!

Хуучирсан мэдээ: 2022.06.16-нд нийтлэгдсэн

Д.Амарбаясгалангийн амлалт ба БАРДАМ АМ ШАЛДАН ГУЯ!

Д.Амарбаясгалангийн амлалт ба БАРДАМ АМ ШАЛДАН ГУЯ!

“МАН-ын дүрэмд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон этгээдийг бүх түвшиндээ улс төрийн үйл ажиллагаанд оролцуулахгүй. Сонгуульд нэр дэвшихдээ зарцуулсан мөнгөө олохын тулд санхүүгийн үйл ажиллагаанд оролцдогийг таслан зогсооно. Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон нь тогтоогдвол улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол намын гишүүнчлэлээс хасч, насан туршдаа улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хаана”. Энэ бол МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн  өнгөрсөн хоёрдугаар сард хэвлэлийнхэнд өгсөн байр суурь. Түүний энэ үгэнд уярсан улстөрчид алгаа хорстол таших нь холгүй байв. Тэрчлэн  сүр, дуулиантай, хөрөнгө мөнгөтэй зохион байгуулсан шоунд нь урилга, урилгагүй нөхөд оролцож, камерын өмнө бүгд уран цэцэн үг урсган, шударга “эх орончдын” дүрд тоглож байсан нь дөрвөн сарын өмнөх явдал. Авчиг  энэ бүгдийг эрх баригчид, иргэд бүгд мартсан уу, Хөгжлийн банкны дуулиан замхарсаар, эцэстээ энэ хэргээс болж улс төрийн хариуцлага хүлээсэн, хүлээлгэсэн хүн Ардын намд алга байна.

Авлигатай тэмцэнэ гэсэн АТГ, Ардын намын үг угаасаа улс төрийн прогандаа байсныг, Д.Амарбаясгалангийн амлалт “бардам ам, шалдан гуя” болох нь болохыг одоо л олон нийт ойлгож байх шиг. Угаасаа монголчууд дуутай тэнгэр хургүй гэлцдэг. Зохион байгуулагчдыг нь, оролцогчийг нь, оройлон тоглогчдыг нь харсан хэнд ч энэ нь илэрхий байсан, хүүхдүүд хүртэл хүнд хууртагдахаа больсон цаг шүү дээ.

Амалсан, ичсэн нэрэндээ Д.Амарбаясгалан шүүхээс ял шийтгэлээ хүлээж, улс төрийн карьер нь хэдийнэ дуусгавар болсон Б.Батзориг, Д.Дамба-Очир, Д.Хаянхярваа, Б.Ундармаа, Г.Солтан нарыг намаасаа хөөснөөр “авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон этгээдийг бүх түвшиндээ улс төрийн үйл ажиллагаанд оролцуулахгүй” гэсэн Д.Амарбаясгалангийн нам бүтэн бас цатгалан үлдсэн. Б.Батзориг, Д.Дамба-Очир, Д.Хаянхярваа, Б.Ундармаа, Г.Солтан нарын хувьд намдаа ямар нэмэргүй, гарзгүй болчихсон хүмүүс л дээ.

Үнэндээ эрх баригчид нэг бүлэглэлээ дарж авахад л ашигтай шоу байснаас биш эдийн засгийн хувьд үр дүн муутай энтертаймент болж дууссан шүү . Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул нь хүнд хэцүү байгаагаа, ирэх онд төлөх 800 сая ам.долларын бондын төлж чадахгүйд хүрч болзошгүйгээ хүртэл хэлээд байна лээ. Хэрэвзээ, Хөгжлийн банк эргэн төлөлтөө хийж чадахгүй бол батланд даагчийн хувьд Засгийн газар төлнө. Засгийн газарт, эрх баригчдад ямар мөнгө байх билээ, татвар төлөгчдийн мөнгөөр л төлж барагдуулах биз. Ардын намынхны аваад идсэн мөнгийг татварын мөнгөөр төлнө гэхээр үнэхээр шударга бус. Аваад “үрчихсэн” зээлийнх нь барьцаа хөрөнгийг нь шалгахаар эзэнгүй хэдэн үхэр олдсон ч гэх шиг.  Нийт зээлийн дөрөвний нэг нь барьцаа хөрөнгө нь тодорхой биш, ирээдүйн орлогоо “барьцаалаад” зээл авчихсан ч байх шиг.

Атал Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон МАН-ынхнаас улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн, түдгэлзүүлсэн өнөөдөр л лав алга байна. Уг нь, МАН-аас  олон хүн Хөгжлийн банкнаас зээл аваад, найдваргүй зээлдэгч болчихсон,  АТГ-д очсон 70 гаруй аж ахуйн нэгжийн арын хамаарал нь дандаа л Д.Амарбаясгалангийн журмын нөхөр байсан нь худлаа биш. Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг, Ч.Ундрам, Ё.Баатарбилэг, Л.Энх-Амгалан нараас эхлээд жагсаавал.

МАН-ыг засаглах хугацаанд төрийн санг, төвлөрсөн мөнгийг тонож идсэн хоёр том дуулиан дэгдсэн, хоёуланд нь нэр, зүс холбогдсон хүмүүс нь Ардын намынхан өөрсдөө. Атал энэ хугацаанд Д.Амарбаясгалан МАН-ын гал тогоог дөрвөнтэй базсан гэхээр Ардын нам авлига, албан тушаалын хэрэгтээ амаараа л тэмцэж байх шиг. Ам алдвал барьж болдоггүй л гэдэг. Ардын намынханд бол дэмий үг биз.

Ердөө хагас жилийн дараагаас бид гаднаас зээл авчирсан том, том өрөө төлнө. 2022 онд 799 сая ам.долларын үлдэгдэл төлбөртэй Чингис бонд, 2023 онд Гэрэгэ бондыг 800 сая ам.долларыг төлж барагдуулна.   Гэтэл Хөгжлийн банк нь хамаг хөрөнгийг нь “салхинд” хийсгэчихээд одоо болохоор Засгийн газар батлан даагч учраас төлөх ёстой гээд сууж байна.

Жишээ нь барьцаа хөрөнгийг нь шүүхээс суллачихсан Х.Баттулгын зөвлөх Ц.Ууганбаярын “"Нью Яармаг Хаусинг Прожект” компанийн  авсан зээлийг хэн төлөх вэ гэх асуулт тавигдах байх. Х.Баттулга лав төлөхгүй, “би олон зөвлөхтэй, бараг танихгүй шахуу юм” ярьснаас харвал. Барьцаанд тавьсан 21 үл хөдлөхийг чөлөөлсөн УДШ бүр төлөхгүй.  Дээр нь Хөгжлийн банкнаас гаргасан нийт зээлийн гуравны нэгтэй тэнцэх төрийн өмчит компаниудын өрийг хэн барагдуулах вэ.

Хувийн хэвшлийнхний хөрөнгийг нь дээрэмдээд, цэрэг цагдаатайгаа нийлээд авчихдаг юм аа гэхэд, төрийн нэрээр авсан зээлийн асуудлыг яах вэ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул "Төрийн өмчит компаниудыг өрийг барагдуулах талаар тодорхой шийдэл гаргаад ажиллаж байна. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” ХХК 155.5 тэрбум төгрөгийн өрийг “Эрдэнэ Тавантолгой”-н ногдол ашгаар төлнө” гээд “гавъяа” байгуулсан аятай яриад сууж байна.  Энэ ногдол ашиг иргэдийн бишээ л гэнэ.  Үнэндээ 2020 онд сонгуулийн санал авахын тулд Ардын намынхан иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг гэж цөөн хэдэн төгрөг хялайлгаснаас өөрөөр олон нийтэд хэзээ байтлаа ашиг хуваариладаг байлаа.

Энэ мэт  Хөгжлийн банкийг тонож идсэн луйврыг сүүл, сүүлдээ иргэд төлөхөд хүрч байна.  Гэтэл УЕП-оос Хөгжлийн банкны луйврын хэрэгт нэр холбогдсон, зээл авсан гишүүдийг түдгэлзүүлээд шалгая гэхээр Д.Амарбаясгалангийн намынхан аваад үлдчихэж л байна. Ийм байж, Ардын нам авлигатай тэмцэнэ, албан тушаалын хэрэгтнүүдээ хөөж тууна гэдэг лөөлөө биз. Авлига, албан тушаалын хэрэгтнүүддээ улс төрийн дэмжлэх үзүүлэх үгүй нь МАН-ын асуудал. Маний асуудал бол Ардын намынхны  аваад идчихсэн зээлийг хэн төлөх вэ гэдэг л чухал байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж