Европын холбоо Израиль, Египеттэй байгалийн хийн гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2022.06.16-нд нийтлэгдсэн

Европын холбоо Израиль, Египеттэй байгалийн хийн гэрээ байгуулав

Европын холбоо Израиль, Египеттэй байгалийн хийн гэрээ байгуулав

Европын холбоо Оросын байгалийн хийнээс татгалзах зорилтын хүрээнд Израиль болон Египет улсуудтай гурвалсан гэрээ байгуулжээ. Египетийн Каир хотноо өчигдөр /2022.06.15/ зохион байгуулагдсан Газар дундын тэнгисийн зүүн бүсийн эрчим хүчний бага хурлын үеэр уг үйл явдал болов. Энэхүү хэлэлцээр нь Израилийн байгалийн хийг анх удаа Европ руу их хэмжээгээр экспортлох боломж юм.

Гэрээ байгуулах тухай асуудлаар Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен, Италийн ерөнхий сайд Марио Драги, Израилийн Гадаад хэргийн сайд Яир Лапид нар хэлэлцсэн. Үүнээс нэг өдрийн дараа Каирын таван одтой зочид буудалд санамж бичигт гарын үсгээ зурцгаажээ.

Израилийн байгалийн хийг Газар дундын тэнгис дэх Египетийн дамжуулах хоолойгоор авчирч, заримыг нь шингэрүүлэн Европын эрэг рүү зөөвөрлөх юм байна. Европын холбоо энэ оны нэгдүгээр сард Израиль, Кипр, Грекийг холбосон 2000 мегаваттын хүчин чадалтай далай доорх цахилгааны кабель барихаар төлөвлөсөн. Энэ ажилд 736 сая ам.доллар төсөвлөжээ. Урсула фон дер Лейений хэлснээр энэ нь урьд өмнө байгаагүй хамгийн гүн, хамгийн урт кабель болох аж.

Грек, Израиль, Кипр улсууд 2020 онд Газар дундын тэнгисийн зүүн өмнөд хэсэгт байрлах ордуудаас Европ руу байгалийн хий тээвэрлэх хоолойг далай доогуур барих гэрээг үзэглэсэн. Энэ төсөл хэрэгжсэнээр Европын холбооны байгалийн хийн хэрэгцээний 10 орчим хувь нь хангагдах аж. Хийн хоолойг барихад долоон жил зарцуулагдана гэж тухайн үед Израилийн албаныхан мэдэгдэж байв. Одоогоор барилгын ажил нь эхлээгүй байгаа бөгөөд Европын холбоо урьдчилсан үнэлгээ, зардлын тооцоог хийсээр байна.

АНУ уг хийн хоолойн төслийн хэтэрхий өндөр өртөгтэй, эдийн засгийн хувьд ашиггүй байна гэж дөрөвдүгээр сард мэдэгдсэн. Түүнчлэн Оросын байгалийн хийг орлуулахад хэтэрхий урт хугацаа шаардагдана гэж дүгнэжээ.

Израиль улс сүүлийн жилүүдэд далай тэнгист томоохон ордуудыг илрүүлснээр хийн экспортлогч орон болж чадсан. Тус улс өөрийн эргээс холгүй байршилд хоёр ч томоохон хийн ордтой юм байна. Эдгээр нь 690 тэрбум шоо метр байгалийн хийн нөөцтэй аж.

Эх сурвалж: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж