Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн хурал Улаанбаатар хотноо эхлэв

Хуучирсан мэдээ: 2022.06.16-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн хурал Улаанбаатар хотноо эхлэв

Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн хурал Улаанбаатар хотноо эхлэв

“Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн хурал өнөөдөр/2022.06.16/ эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцож үг хэлэх үеэрээ Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын хурлыг 2022 онд өөрийн эх оронд зохион байгуулахаа зарласан юм.

Хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Төрт ёсны баялаг түүхтэй, ухаант хатдын эвийн сургаалтай, нүүдэлчин соёл иргэншлийн өлгийн нутаг, мөнх тэнгэрийн сайхан эх оронд минь тавтай морилоорой. Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой энэ жил тохиож байна. Өнгөрсөн хугацаанд энхийг сахиулах ажиллагаанд илгээсэн цэргийн албан хаагчдын тоо Монгол Улс тэргүүн эгнээнд багтаж байна. Манай улсын эмэгтэй цэргийн алба хаагчид анх 2006 онд НҮБ-ын ажиглагчаар сонгогдсоноос хойш нийт 900 гаруй эмэгтэй цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, энэ тоогоороо зүүн хойд болон төв Азийн бүс нутагтаа тэргүүлж байна. Энхийг сахиулах ажиллагааны онцгой нөхцөл байдал, тухайн газар орны хүн ардын соёл, зан заншил нь цэргийн алба хаагчаас эрэгтэй, эмэгтэй гэж ялгахгүй мэргэжлийн өндөр ур чадвар, тэвчээр хатуужил шаарддаг гэдгийг бид мэднэ.

Өнөө цаг үед эмэгтэй энхийг сахиулагчид ажиллагааны үеэр хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, эрэгтэйчүүдийн адил амжилттай гүйцэтгэж чаддаг гэдгээ нэгэнт нотлон харуулжээ. Эмэгтэйчүүдийн оролцоо нь зөрчил маргалдаан хүчирхийлэл хамгийн ихээр өртдөг хүүхэд эмэгтэйчүүдэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг сайтар ойлгон, даван туулахад нь тэдэнд туслан эв эеийн бүлээн уур амьсгал энэрэнгүй соёлыг түгээж байдгаараа энхийг сахиулах ажиллагааны зорилгод илүүцтэй нийцдэг гэж үздэг. Иймд Монгол Улс НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн эмэгтэйчүүд энх тайван, аюулгүй байдлын тухай 1325 дугаар тоот тогтоол, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны газраас гаргасан “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог 15 хувьд хүргэх уриалгыг дэмжин НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэх бодлогыг тууштай баримталж ирсэн.

Манай улс цаашдаа эмэгтэй оффицер, ахлагч нарын гадаад хэл, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлэн 2027 он гэхэд цэргийн бие бүрэлдэхүүний 15 хувь, бие даан үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний 25 хувийг эмэгтэй алба хаагчдаар бүрдүүлэх зорилтыг тавин ажиллаж байна. Ингэснээр бид НҮБ-ын тавьсан зорилт бодлогыг хэрэгжүүлэх болно”хэмээн ярив.

“ЭМЭГТЭЙЧҮҮД, ЭНХ ТАЙВАН БА АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ОЛОН УЛСЫН БАГА ХУРЛААР:
  • “НҮБ-ын цэрэг, цагдаагийн бүрэлдэхүүний жендерийн тэгш байдлыг хангахад улс орнуудад тулгарч буй бэрхшээлүүд болон Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх боломжуудыг тодорхойлох”,
  • “Цэргийн албаны бүх шатанд эмэгтэйчүүдийг элсүүлэх, сургах, сонгон шалгаруулахад тулгарах бэрхшээлүүд, сайн туршлага”,
  • “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдын бүрэн, эрх тэгш, утга төгөлдөр оролцоог нэмэгдүүлэх нь”,
  • “Монголын эмэгтэй энхийг сахиулагчид: Туршлага сургамж” зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Энэхүү олон улсын бага хурлыг Монгол Улс бүс нутагтаа анх удаа зохион байгуулж буй бөгөөд манай улсын НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны оролцоог шинэ шатанд гаргаж, олон талт, идэвхтэй оролцоог бий болгоход чухал ач холбогдолтой.

2022 онд Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг ёслон тэмдэглэж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин өнгөрсөн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд давхардсан тоогоор 20 мянга гаруй энхийг сахиулагчийг илгээсний дотор 911 эмэгтэй алба хаагч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж