"У.Хүрэлсүх та зөвлөлөө хуралдуулж, онцгой комисс байгуул"

Хуучирсан мэдээ: 2022.06.16-нд нийтлэгдсэн

"У.Хүрэлсүх та зөвлөлөө хуралдуулж, онцгой комисс байгуул"

"У.Хүрэлсүх та зөвлөлөө хуралдуулж, онцгой комисс байгуул"

Ардчилсан намын 4:11 мэдээллийн цаг эхэлж, тус намын дарга С.Эрдэнэ болон бусад удирдлагууд цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.


Ардчилсан намын дарга С.ЭРДЭНЭ:

-Өнөөдрийн мэдээллийн цагаар 2-3 асуудал дээр анхаарна. Нэгдүгээрт, Ардчилсан намын хүрээн дэх маргаан дөрөв хоногийн өмнө цэг тавилаа. Ингэснээр дахиж хууль эрх зүйн маргаан үлдээгүй. Ардчилсан намын маргаан эцсийн шатандаа шийдэгдлээ. Бид цаашдаа дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна. Реформ хийнэ. Дүрэм журмын өөрчлөлт шинэчлэлтүүдээ хийж байгаа. Улс төрийн зөвлөл, хэрэг эрхлэх газрыг боловсронгуй болгоно. Бид идэвхитэй байр сууринд шилжиж, ажиллаж байна. Олон асуудал дээр анхаарлаа хандуулна. Улс орон, улс төр, нийгэм эдийн засаг, олон улсын нөхцөл ямар байгааг та бүхэн мэднэ.

Ардчилсан нам сүүлийн хоёр жил идэвхитэй сөрөг хүчин байж чадаагүй. Бүхий л түвшинд сөрөг хүчин байж чадаагүй.

Хоёрдугаарт, Цар тахлын хууль дээр Ардчилсан нам үүргээ биелүүлж ажилласан. Ардчилсан улсыг бий болгохын төлөө зорьсон. Гэхдээ эрх баригч улс төрийн хүчин өнөөгийн нөхцөл байдал дээр гол хариуцлагыг хүлээх ёстой. Эрх баригчид өөрсдийн алдаа, хийж чадаагүй зүйлээ Ардчилсан нам руу тохох гэж ирлээ. Одоо бид дуугүй суухгүй. Хэн хэн юу хийснийг нь тодорхой тоо баримттай гаргаж тавина. Олонхи бус эвслийн Засгийн газар байгуулж, ажиллаж байлаа.

Гол ажлуудыг эвслийн Засгийн газрын үед л хийж байсан. 2012-2016 онд бүтээн байгуулалтыг яаж хийдгийг харуулсан. Эрх баригчид зургаан жилийн хугацаанд яг юу хийсэн юм бэ?

Энэ талаар тоо баримттай мэдээлэл өгнө. Ардчилсан намын дотоод маргаанаа шийдэж чадлаа. Сонгуультай холбоотой мэдээлэл бид ирүүлээгүй. Өчигдөр Захиргааны хэргийн шүүхээр сонгуулийн хорооны гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, Ардчилсан намын нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргалаа. Хууль бус нэр дэвшигчдийг бүртгэх ажил хавтгайрах шинжтэй. Бид үүн дээр хяналт тавина. Өөрсдийгөө Ардчилсан нам гэх нэр хаяг зүүж, хуулиар хамгаалагдсан хуулийн этгээдийн өмчлөх эрхэнд халдсан хэсэг бүлэг хүмүүсийн үйл ажиллагаагаа зогсоогүй байгаа. Өчигдөр жишээ нь өөрийгөө ерөнхий нарийн бичгийн дарга гэж нэрлэсэн н.Мөнхжаргал гэж иргэн мэдэгдэл хийсэн. Тэдэнд хэн нэгэнд үзүүлэх эрх зүйн баримт бичиг байхгүй. Бүх зүйл хууль ёсны Ардчилсан намд байгаа.

Ирэх долдугаар сарын 2-нд намын ээлжит бус 14 дүгээр их хурлыг Улаанбаатар хотод хийнэ. Бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг гарсан. Хурлаар хэлэлцэх асуудлыг батална.


Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Х.Баттулгын талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Х.Баттулга одоог хүртэл Ардчилсан намд өргөдөл хүсэлт ирүүлээгүй. Гишүүнээр элсүүлсэн анхан болон дунд шатны шийдвэр тогтоол ирээгүй байна. Ер нь Х.Баттулга өөрөө 2005 онд орж ирсэн. Ерөнхийлөгч болох хүртлээ гишүүн байсан. Ардчилсан намын гишүүнээс түдгэлзсэн шийдвэрээ цуцлаагүй байгаа. 20 сая ам.доллар л гэж яриад байна. Беларусийн ерөнхийлөгч болон бусад гадны хүмүүстэй хамтраад маш их хөрөнгө байршуулсан, угаасан гэх мэдээлэл бий. Үүнийг Европын холбооны хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн. Мөн АНУ-ын элчингээр дамжуулан Америкийн хууль хяналтынханд энэ асуудлыг тавьсан. Одоогоор албан ёсны хариу ирээгүй байна. Монгол Улс өөрөө хуультай, төртэй улс. Хууль хяналтынханд энэ асуудлыг хүргүүлсэн. Хуулийн дагуу шалгаж байгаа мэдээлэл хараахан ирээгүй байна. Яагаад шалгахгүй байгааг нь ойлгохгүй байна. Шаардлага тавина. Хуулийн өмнө хүн бүхэн эрх тэгштэй байх ёстой. Х.Баттулга сошиалаар нийтийн уур амьсгалыг удирдаж, тоглоод сурчихсан хүн. Тиймээс шударга ёсыг тогтоохын төлөө Ардчилсан нам тууштай зогсоно.

-Үндсэн хуульд "гар дүрэх" нь зөв үү?

-Мажоритор тогтолцоо бол төлөөллийг гээгдүүлдэг хамгийн болхи тогтолцоо. 40 гаруй хувийн саналаар 80 гаруй хувийн суудлыг өнөөгийн эрх баригчид эдэлж байна. Гэтэл манайх 30 гаруй хувийн саналаар 11 суудалтай байна. Төлөөллийн тэгш байдлыг хангах чадваргүй тогтолцооноос бид нэн даруй салах ёстой. 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж, тухайн үеийн хүн амын тоотой харьцуулж, 76 гэдэг тоог тогтоосон. Тэрнээс хойш 30 гаруй жил өнгөрлөө. Энэ хугацаанд Монголын хүн ам хэдэн хувиар өссөн билээ? Төлөөллийн ардчилал тогтвортой, найдвартай байх ёстой. Би бол парламентын гишүүдийг тоог нэмэгдүүлэх асуудлыг дэмжиж байгаа.

ЕРӨНХИЙЛӨГЧ ХААНА БАЙНА ВЭ? МОТОЦИКЛЬ УНААД Л ЯВААД БАЙХ ЮМ

Ардчилсан намын дэд дарга Ч.ОТГОЧУЛУУ:

-Манай улсын эдийн засгийн эрүүл мэнд улаан гэрэлтэй, хүнд байсныг та бүхэн мэдэж байгаа. Тэгвэл одоо илүү түвшин ахиж, түгшүүрийн харанга дэлдэх хэмжээнд очсон. Манай ард түмэн дэндүү зөөлөн, дасаад байна. Үүнийг сэрээх ажлыг хийнэ. Энэ намар гэхэд иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрэхэд ойрхон байна. Бид сануулсаар ирсэн. Хүлээж аваагүй. Гэхдээ бид цаашдаа шаардана, тэмцэнэ. Махны үнэ өнөөдөр Саруул зах дээр 17500 болжээ. Жилийн өмнөхөөсөө 25 хувиар өссөн байна. Атар талх 1800 төгрөг. Өмнөх жилийнхээс 40 хувиар өссөн. АИ-92 бензин 2400 төгрөг. 70 хувиар өссөн байна. Ирэх долоо хоногт дахиад өснө гэж байна. Гэхдээ инфляцийг 15 хувь гээд байгаа. Бодит байдал дээрээ 50 орчим хувьтай байна. Урьд нь бид жилийн инфляци 5 хувь хүрчлээ гэж сандардаг байлаа. Гэтэл одоо сарын инфляци нь 5 хувь болчихсон байна. Долоо хоногийн дотор зарим хүнсний бараа 25 хувь өссөн байна. Монгол төмс 2400 төгрөг болчихжээ. Жилийн инфляци сарынх болж байна.

Өсөлтийн эрч хурдсаад долоо хоногийн инфляци болж байна. Нэг хурдаа авчихсан инфляци тухайн эдийн засгийн сүйрүүлж байж дуусдаг.

Ийм л аюултай түвшинд ирсэн байна. Манай Засгийн газар өөрсдийгөө амаргүй үед ажиллаж байна гэж их өрөвдүүлдэг. Соёлын яам гээд пи ар яам байгуулсан. Асар их мөнгөөр пропаганда хийж байна. Жилийн 300 тэрбум төгрөгний төсөвтэй. Манайхтай ижил Этиоп, Доминикан зэрэг улсуудын эдийн засгийн өсөлт 9 хувьтай байна. Гэтэл манайх эхний улирлаар -4 хувьтай гарсан. Агшсан. Цаашдаа ч агших дүр зураг ажиглагдаж байна. Бангладешийн эдийн засаг жил бүр 7-8 хувиар өсч байна. Манайх 2020 онд -5 хувиар агшсан. Ард түмэн аймшгийн нөхцөлд ажиллаж байна.Засгийн газар үг сонсохгүй, пи ар хийгээд амьдралаас тасарчихлаа. УИХ ч мөн ялгаагүй. Х.Болорчулуун гишүүн “Монголын ард түмэн 1000 төгрөгний талх идэж байна. Дэлхийн хамгийн хямдхан талх” гэж ярьсан.

Гэтэл бид гурав дахин бага орлогоор дэлхийн хэмжээний хэрэглээгээр амьдарч байна. Засгийн газар, УИХ нойрноосоо сэр. Ерөнхийлөгч хаана байна вэ? Мотоцикль унаад л яваад байх юм.

Монголчууд бүгд үнэтэй мотоцикль унаад хотынхоо гудмаар явмаар байна ш дээ. Мотоцикль манатай 2-3 ажил хийж амьдралаа залгуулж байна. Шокноосоо гар. Төсөв түүхэнд байгаагүй өндөр үнийг татвар төлөгчид цуглуулж өгсөн. Гэтэл улаан арслан, андлалын хөшөө, бамбарууш кафе барьж байна. Толгойт, орбитод одоог хүртэл хүүхдүүд цэцэрлэггүй, гэртээ цоожлуулж байна. Ийм айдастай байна. Гэтэл Хэнтийн нэг суманд өчнөөн сургууль, цэцэрлэг байсаар байтал 20 тэрбум төгрөгөөр сургууль барьж байна. Засгийн газар Монголынх юм уу? Хэнтий аймгийнх юм уу? Гадаад өр дээр л гурван янзын статистик байна. Залуучуудыг өрөнд оруулж буй үзүүлэлт дээр гурван янзын тоо байна. Тиймээс Ерөнхийлөгчөө эрхэлж дууссан. Гадаад өрөө хэмжиж чадахгүй байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөө дэргэд онцгой комисс байгуул. Тэрэндээ эдийн засагчид, гадны зөвлөхүүд, банк, сэтгүүлчдийг оруул. Агентлагийн дарга, сайд нар гадаад руу зугаалж, хөдөө морь мал дээрээ гарчихсан явна. Удахгүй наадам түүний дараа хурим найрын сар эхэлнэ. Үүний дараа Монгол Улс эдийн засаггүй болно шүү. Төрийн тэргүүн У.Хүрэлсүх гуай та зөвлөлөө хуралдуулж, онцгой комисс байгуул. Амь тасарлаа шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж