Энэтхэгийн Төв банк бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар өсгөв

Хуучирсан мэдээ: 2022.06.16-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн Төв банк бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар өсгөв

Энэтхэгийн Төв банк бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар өсгөв

Энэтхэгийн Төв банк зургадугаар сарын 8-ны өдрийн шийдвэрээр бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 4.9 хувьд хүргэжээ. Үүнээс өмнө тавдугаар сарын эхээр Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлаар бодлогын хүүг 0.4 нэгж хувиар нэмэгдүүлж, 4.4 хувьд хүргэсэн байна. Шинжээчид энэ сард болох ээлжит хурлаар бодлогын хүүг ихдээ дахин 0.4 нэгж хувиар өсгөж, 4.8 хувьд хүргэнэ гэсэн хүлээлттэй байсан ч бодлогын шийдвэр ийнхүү шинжээчдийн таамгийг давжээ.

Энэтхэгийн Төв банкны Ахлах эдийн засагч Шилан Шах “Цаашид инфляци өссөөр байх тохиолдолд төв банк наймдугаар сард болох ээлжит хурлаар бодлогын хүүг дахин 0.5 нэгж хувиар өсгөнө” гэж хэлсэн байна.

Тавдугаар сарын эцсийн байдлаар тус улсын инфляцийн түвшин 7.04 хувьд хүрсэн нь өмнөх сараас 0.7 нэгж хувиар буурчээ. Гэвч одоогийн инфляцийн түвшин нь тус улсын төв банкны зорилтот дээд хязгаар (жилийн инфляцийг 2-6 хувь орчимд барихыг зорьдог)-аас 1.04 нэгж хувиар давсан хэвээр байгаа аж. Хуулиар Энэтхэгийн инфляци гурван улирлын турш Төв банкны зорилтоос давсан тохиолдолд төв банк нь Засгийн газартаа хандан инфляци өссөн шалтгаан, цаашид авах арга хэмжээний талаарх мэдээлэл бүхий нээлттэй захидал илгээдэг байна. Одоогоор тус улсын инфляци сүүлийн таван сар дараалан төв банкны зорилтот хязгаараас даваад байгаа аж.

Тавдугаар сарын байдлаар инфляцийн өсөлтийн шалтгааныг задалж харвал, тээвэр ложистикийн саатал болон Орос, Украины дайны нөлөөгөөр хүнс болон газрын тос, тээврийн зардлууд өссөн нь голлон нөлөөлжээ. Үүнд: хүнсний ногоо 18.3 хувь, газрын тос болон хүнсний тос 18.3 хувь, нефтийн бүтээгдэхүүн 9.5 хувь, тээвэр, харилцаа холбоо 9.5 хувь, хүнс 7.8 хувиар тус тус өссөн байна.

Цаашид дэлхийн газрын тос, хүнсний үнийн өсөлт, мөн түүхий эдийн үнийн өсөлтүүд инфляцийн өсөлтөд дарамт учруулсан хэвээр байх хүлээлттэй байна. Үүнтэй холбогдуулан Энэтхэгийн төв банк энэ оны инфляцийн төсөөллөө 5.7-6.7 хувь болгон өсгөжээ.

Эх сурвалж: TIMES OF INDIA, INDIA TIMES
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж