Чуулган: Энэ сарын 18-наас 26-ны хооронд ард нийтийн саналыг сонсоно

Хуучирсан мэдээ: 2022.06.16-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Энэ сарын 18-наас 26-ны хооронд ард нийтийн саналыг сонсоно

17 : 33
2022-6-16

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уншиж танилцуулаад, үзэл баримтлал болон хэлэлцэхийг дэмжиж өгөхийг хүсэв. Төслийн талаарх Хууль зүйн байнгынхорооны санал, дүгнэлтийг С.Сэргэлэн танилцууллаа.

Практик шаардлагын хувьд, 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэргийн хохирлыг хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан шинэлэн тогтоох хэрэгцээ шаардлага тулгараад байна.

Мөнгө угаах болон татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн онцлог, олон улсын байгууллагаас Монгол Улсад өгсөн зөвлөмжийг харгалзан эдгээр гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг анхаарах, мөн халдашгүй бүрэн эрхээр “халхавчлан” хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээдэггүй, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмыг гажуудуулдаг байдлыг халах өөрчлөлтийг хийх шаардлагатай байна гэж үзжээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байна гэж үзжээ.

Ашигт малтмалын хууль бус олборлолт, тусгай зөвшөөрөл, түүнд тавих хяналтыг сайжруулах, хууль бусаар ашигт малтмал олборлох үйлдлийг зогсоох, байгалийн баялгийг зүй бусаар ашиглах, байгаль орчныг хамгаалахтай холбоотой Эрүүгийн хуульд тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай гэжээ.

Монгол Улсад авлигатай тэмцэх эрх зүйн орчин зохих түвшинд бүрдсэн хэдий ч Авлигын индексийн үзүүлэлт 2016 оноос тогтмол, огцом буурч байгаа нь авлигатай тэмцэх тогтолцооны үр нөлөөг дээшлүүлэх шаардлагатай болохыг харуулж байна.

Тухайлбал, Монгол Улс авлигын индексийн дүнгээр 2015 онд 39 оноо авч 72 дугаар байр, 2016 онд 38 оноо авч 87 дугаар байр, 2017 онд 36 оноо авч 103 дугаар байр, 2018 онд 37 оноо авч 93 дугаар байр, 2019 онд 35 оноо авч 106 дугаар байр, 2020 онд 35 оноо авч 111 дүгээр байр, 2021 онд 35 оноо авч, 110 дугаар байрт эрэмблэгдсэн үзүүлэлттэй байна.

Авлигын гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 2017 онд 658, 2018 онд 858, 2019 онд 894, 2020 онд 1020, 2021 онд 1144, шалгасан эрүүгийн хэрэг 2017 онд 427, 2018 онд 1138, 2019 онд 1300, 2020 онд 1331, 2021 онд 1307, шүүхээр шийдвэрлэсэн хэрэг 2017 онд 44, 2018 онд 84, 2019 онд 68, 2020 онд 114, 2021 онд 160 байгаа нь энэ төрлийн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн тоо, шүүхээр шийдвэрлэж байгаа хэрэг бүгд өсчээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ

-Манайд мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулдаг олон байгууллага байна. Ийм олон байгууллагад зэрэгм өрдөн шалгах үйл ажиллагаа явуулаахр иргэдийг хохироодог, зарим талаар үйл ажиллагаань давхацдаг. Нарийн яривал иргэдийн эрхэд ахлдаж, тагнаж чагнадаг асуудал яригддага. Цаашид мөрдөн шалгах байгууллагуудын бүтцэд өөрчлөлт оруулах талаар Хууль зүй, дотоод хэргйин ясайд вюу гэж бодож байна вэ? Прокурорын мөрдөн шалгах албыг эргэн харах асуудлын нэг юм шиг байгаа юм. Прокурорын дэргэд, эсвэл АТГ-ын дэргэд байх бүтцийг эргэж харах, Ерөнхий прокурорын дэргэд ажиллуулбал илүү зүйтэй юм болов уу гэж бодож байна. НҮБ-ын Эрүүдэн шүүлтийн эсрэг комиссоос Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээх талаар зөвлөмж өгсөн гэж сонссон. Энэ талаар судалж үзсэн үү? 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-Мөрдөх албаны тогтолцоог боловсронгуй болгох судалгааны ажил хийгдэж байна. Эрх бүхий субъектүүдээс санал авах ажил ирэх намрын чуулганаас өмнө хийгдэнэ. Манай улсад одоо Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт Мөрдөн шалгах алба ажиллаж байна. Таны хэлсэн асуудлаар хуулийн төсөл боловсруулаад, ахиц дэвшилтэй явааг хэлье. 

УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН: 

-Авлига, албан тушаалын гэмт хэрэг дээр хүний эрхийг хэт хөндсөн асуудлууд орж ирж байна. Авлигын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 8 жил болгон оруулж ирж байна. Эрх хасах 8 жил байсныг 20 жил болгосон байна. Хорих ялыг хөнгөрүүлэх, албадлагын арга хэмжээ авах, өршөөл уучлалд хамруулахгүй гэх зэргээр нэг талыг барьсан асуудал байгаа юм. Хэт хатуу хандаж, хүний эрхийг зөрчиж болохгүй байх гэж бодож байна. 

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.САЙНЗОРИГ: 

-Зарим асуултууд дээр хөндөгдөж буй зүйлүүд нь УИХ дахь МАН-ын үлэг дээр, Засгийн газар дээр яригдаж байсан асуудлууд. Жишээлбэл, хөөн хэлэлцэх хугацааг оруулаагүй. 

16 : 54
2022-6-16

"Ялтны ял эдэлсэн хугацааг цахим бугуйвч зүүсэн үеэс эхэлж тоолно"

Чуулганы өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудалд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн гаргасан горимын саналаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Тогтоолын төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уншиж танилцуулав. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжих хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр тусгасан бөгөөд Монгол Улсын хэмжээнд 2021 оны жилийн эцсийн байдлаар шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн нийт 1719 ялтныг хяналтын системд бүртгэж, хяналтад авснаас 402 ялтны ялын хугацаа дуусан суллагдаж, 170 ялтны ялыг хорих ялаар сольж, 1602 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавин ажиллаж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар цэргийн цолтой офицер 1595, ахлагч 1496, энгийн 73 нийт 3164 цэргийн алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр хорих ялаар шийтгүүлсэн, цагдан хоригдсон, баривчлагдсан 5063, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээгээр шийтгүүлсэн 7532, нийт 12595 хүнд оногдуулсан ял, шийтгэлийг эдлүүлэхэд хяналт тавьж, нийгмээс тусгаарлах үйл ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулж буй юм байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтны ял эдэлсэн хугацааг тоолохдоо шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс бус ялтны цахим бугуйвч зүүсэн үеэс эхэлж тоолох талаар тусгана.

Төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Мөнхбаатар уншиж танилцуулав. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:

-Цахим бугуйвч зүүүлгэсэн өдрөөс гэж байна. Иргэний эрхийг дордуулж болох уу. Цахим гав нь байхгүй бол яах юм бэ. Зөвхөн нэг техник хэрэгслээс болж иргэний эрхийг дордуулж болох уу?

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-Хамгийн багадаа 29-30 хоног ял завшаад байгаа юм. Шүүхийн шийдвэр гардаг, давж заалддаг, чиглэл маршрутыг нь программд оруулаад гээд үндсэндээ нэг сар ял завшаад байгаа юм. Бугуйвч, гавыг зүүсэн цагаас хойш тооцохоор тусгасан. Шүүхийн шийдвэр
2300 гаруй хүн энэ ялыг эдэлсэн. Техник хэрэгсэл байхгүй гэсэн ойлголт байхгүй. 

УИХ-ын гишүүн Н.НАРАНБААТАР: 

-Төрийн цэргийн байгууллага болсноор ямар өөрчлөлт гарах юм бэ? Хоёрт, энгийнээр гарсан хүмүүсийн дундаж тэтгэвэр хэдээр тогтоогдсон байгаа вэ? Бодит орлого нь яаж нэмэгдэх юм бэ? 

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.САЙНЗОРИГ:

-Батлан хамгаалахын сайд энэ асуудлыг дэмжиж оруулсан. Хууль санаачлагч анх цэргийн байгууллага болгох заалт тусгаагүй байсан. Хувь тэнцүүлсэн тэтгэвэр дээр дунджаар 650 мянган төгрөг, бүрэн тэтгэврээр 1.2 сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмж авч байна. Ялгамжтай байдлууд гарсан есөн эмэгтэй, нэг эрэгтэйн асуудал энэ хуулиар шийдэгдээд явах юм. 

УИХ-ын гишүүн Б.ЖАРГАЛМАА: 

-Нээлттэй, хаалттай 407 дугаар хорих ангид 57 эмэгтэй албан хаагч алба хаадаг. Хүүхэд асрах хугацаа нь ажилласан жилд тооцогдсон уу? Тэнд төрсөн хүүхэд ижийтэйгээ ял эдэлж байна. Цахим гаваар энэ асуудлыг шийдэж болдоггүй юм уу? Тэнд байгаа хүүхдүүд бос гэсэн командаар босч, хүний өөдөөс харж чадахгүй зогсож байна. Гэм хийгээгүй хүүхэд торны цаана хоригдож байна

ШШГЕГ-ын даргын ахлах даалгавар гүйцэтгэгч, хурандаа Ц.ОЧГЭРЭЛ: 

-Эмэгтэй албан хаагчид түлхүү үүрэг гүйцэтгэж байна. Тэнд үүрэг гүйцэтгэж буй хүүхэд асрах хугацаа ажилласан жилд тооцогддог. Бүрэн тэтгэвэр авах хугацаанд тооцогдож явна. Нярай хүүхэдтэй эмэгтэй хүнд ял эдлүүлэх асуудлын тухайд, хүүхдийг харах хүнгүй тохиолдолд хорих ангид эхийнх нь хамт хорих байдал үргэлжилж байна. Ялыг өөр байдлаар солих шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гаргадаггүй. 

УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛД:

-Зарчмын хувьд дэмжиж байна. Хүүхдийн хорихын барилга байшин анхаарал хандуулах хэмжээнд хүрсэн юм билээ. 7, 8 жил болсон дүгнэлттэй санаа зовоосон байдалтай байна. Энэ асуудлыг УИХ, Засгийн газар анхааралдаа авч, байр байшинг нь засч шийдэж өгөхгүй бол бага насны хүүхдүүд ял эдэлж байгаа юм билээ. 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны саналаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувийн саналаар төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн тул үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүтэй гэж үзэн, УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

16 : 24
2022-6-16

"Төрийн ордны барилгын хийцийн мод өмхийрч, даацгүй болсон"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай УИХ-ын тогтоолын төсөл (УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Цогтбаатар нар 2022.06.13-ны өдөр өргөн мэдүүлсэн)-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар уншиж танилцуулж, хэлэлцэхийг дэмжиж өгөхийг хүсэв. 

Төрийн ордны тухай хууль батлагдсантай холбогдуулан “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, зааг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2001 оны 16 дугаар тогтоол батлагдаж, Төрийн ордноос зүүн, баруун зүгт тус бүр 33 метр, урд хойд зүгт тус бүр 80 метр хүртэлх орчин, нутаг дэвсгэрийг Төрийн ордны нутаг дэвсгэрт тооцохоор тогтоож байв. Дээрх хэмжээсээр Төрийн ордны урд зүгт байрлах Чингис хааны хөшөөнөөс урагш төрийн гурван тугны суурь хүртэлх зай, Төрийн ордны хойд зүгт байрлах цэцэрлэгт хүрээлэн буюу “Ардын хувьсгалын талбай” хамрагдаж байгаа юм.

Дээрх тогтоол батлагдсанаас хойш Төрийн ордны урд талын өргөтгөл баригдсан, ойр орчмын авто болон явган хүний зам шинэчлэгдсэн, “Ардын хувьсгалын талбай”-г төрийн тусгай хамгаалалтад байлгах нөхцөл, шаардлага арилсан зэргээс хамаарч уг тогтоолд дурдсан хэмжээ, заагийг шинэчлэн тогтоох шаардлага үүсээд байна хэмээн төсөл санаачлагч үзжээ.

Төслийн талаарх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг уншиж танилцуулж, хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсэв.

УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын дэд дарга С.ОДОНТУЯА:

-Цаг үеэ олсон төсөл. Ордны ар талын цэцэрлэгийг нээхээр болсон уу? Төрийн тусгай албан хаагчдад энэ талаар албан бичиг гаргасан. Covid-19 учир боломжгүй гэсэн. Цар тахлын дараа дахин албан бичиг өгсөн бас боломжгүй гэсэн хариу өгсөн. Одоо нээх үү? Хувцаслалтын талаарх асуудлыг хэзээ оруулах вэ? Хувцаслалтыг хэтэрхий их цензурдэх нь буруу гэсэн таны саналтай нэг байна. 

УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:

-Нэг зүйлийг хэлээд, иргэдэд мэдээлэл хүргэх нь зүйтэй гэж бодож байна. 1951 онд баригдсан барилга, та нар төрийн ордны корридороор яваад үзвэл цууралт үүссэн. Хүчтэйхэн газар хөдөлбөл төрийн ордон нурж, хүний амь нас эрсдэх эрсдэлтэй байна гэж Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан. Анх баригдсан барилгын хийцийн мод өмхийрч, даацгүй болсон. Манай төрийн ордонд Ерөнхийлөгч байрладаг, Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл байрладаг, ЗГХЭГ-ын Үйлчилгээ олон нийтийн хэлтэс гээд олон газар байрладаг. Одоо багтаамж нь хүрэлцэхээ больсон. Төрийн ордны бодит нөхцөл байдлыг ярьж байх нь зүйтэй. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн, барилгын комиссын дүгнэлт гарсан.

Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай УИХ-ын тогтоолын төсөл-ийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

15 : 27
2022-6-16

"Төр үүрэгтэй, ард түмэн эрхтэй гэсэн ойлголтыг бэхжүүлнэ"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ. 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа уншиж танилцуулаад, хуулийн төслүүдийг баталж өгөхийг хүсэв. Тус байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналын томъёоллоор санал хураав.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг эцэслэн батлуулахаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зкохион байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төсөл-ийг хэлэлцэж байна. Төслийн талаарх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт уншиж танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ: 

-Иргэний эвлэлдэн нэгдэх эрхэд Үндсэн хуулиар тавьсан хязгааралтыг арилгах тухай асуудал ороод иржээ. Сонгуулийн холимог тогтлцооны асуудал орж ирэх гэж байгаа юм байна. Гишүүдийн тоотой холбоотой асуудал хөндөгдөх юм байна. Улс төрийн тухай хуулиндаа өөрчлөлт оруулаад, 801-ээс дээш гэдэгт өөрчлөлт оруулах уу? УИХ-ын гишүүдийн хэдэн хувь нь холимог тогтолцоотой байх вэ гэсэн зүйл байна уу? 1/3 нь пропорциональ байх юм уу? Гишүүдийн тоог нэмэх үү? Нэмэх шаардлага байна уу? гээд ерөнхийд нь асууна гэж байгаа юм уу?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.БЯМБАЦОГТ:

-Иргэдийн оролцоотойгоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төсөл оруулж ирнэ гэж ажлын хэсэг байгуулсан. Дөрвөн бүлэг асуудлын хүрээнд. Нэгд, хүний эрхтэй холбоотой асуудлаар. Хүний эрхийг хамгаалах тогтолцоогоо бэхжүүлэх замаар, ард түмний чадавхи, хот хөдөөгийн хөгжлийг сайжруулах, төрийн сүлдийг өөрчлөх шинэчлэх талаар өөрчлөлт оруулж ирж байна.  2019 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөс зарим нь дутуу орхигдсон. Тухайлбал, сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудал орхигдсон. Эрдэмтэд судлаачид өөрчлөх шаардлагатай гэж байнга ярьдаг. Төр үүрэгтэй, ард түмэн эрхтэй гэсэн ойлголтыг бэхжүүлнэ. Парламентын тогтолцоог бэхжүүлье гэж УИХ-д суудалтай улс төрийн намууд байнга ярьж байгаа юм. Энэ байдлаар жагсаал цуглаан зохион байгуулах, улс төрийн намуудын удирдлагууд хурал цуглан хийж асуудлыг хөндөж байгаа юм. Энэ яригдаж буй асуудлаар энэ сарын 18-наас 26-ны хооронд ард иргэдийн санал бодлыг сонсъё гэж байгаа юм. Улс төрийн намууд байгуулах босго 30 мянга гэж хэтэрхий өндөр болсон. 

2011 онд УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан. Эрх бүхий субъект 76 бий. Ард түмний бүрэн эрх оролцоог хангах бодитой ил тод байх, төсөл санаачлах батлах бүхий л үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, болон саналаа илэрхийлэх бүрэн хангахыг заасан. Эрдэмтэн судлаачид, иргэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэж шахаж шаардаад байгаа тул бид анхаарал хандуулж, хэлэлцүүлэг хийх гэж байгаа юм. Сонгуулийн холимог тогтолцоо байвал сонгогчдын санал гээгдэхгүй гэж үзсэн судалгаа бий. 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.МӨНХБАТ:

-Иргэдийнхээ санаа бодлыг сонсъё, тандан судалгаа явуулъя гэж байгаа юм. Энэ сэдвээр улс төрийн намууд, иргэд шаардлага тавиад байгаа учраас энэ асуудлыг яах вэ гэж ард иргэдээсээ санал бодлыг нь сонсъё. Ард нийтийн санал асуулга бол биш. Улс төрийн нам байгуулахад нэг хувийн босго гэж байх юм уу гэж асуусан. Одоо хасна хасахгүй, нэмнэ нэмэхгүй гэсэн асуудал байхгүй. Иргэд, сонгогчид дэмжиж байна уу гэж санаа бодлыг нь сонсъё л гэж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Ц.ТУВААН: 

-Монгол Улсын Үндсэн хууль бол бидний эцэг хууль. Энэ хуулинд өөрчлөлт оруулахаар ярьж байгаа асуудал нь сэмхэн, УИХ-ын гишүүдэд ямар нэгэн мэдээлэлгүйгээр, шийдвэр нь гарсан байдлаар өнөөдөр танилцуулагдаж байна гэж ойлгож байна. С.Бямбацогт даргаар ахлуулсан ажлын хэсэг гишүүддээ ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байхаар орж ирж. Энэ сарын 18-наас 26-нд гээд тавьчихсан байна. Энэ хугацаанд УИХ амрах юм уу, яах юм бэ. УИХ-ын гишүүдтэйгээ ярьж болдоггүй юм уу? Би энэ талаар мэдээлэл анх удаа сонсож байна. Бүлэггүй гэж үзвэл яагаад хувь гишүүдэд нь мэдээлэл өгч болдоггүй юм бэ. Зүгээр л ард иргэдийнхээ санал бодлыг сонсъё гэж жижиг асуудал оруулж ирж байгаа юм шиг асуудалд хандмааргүй байна. Бидэнд тойрог дээрээ очоод иргэдэд өгөх мэдээлэл алга. 4 өөрчлөлтийн хүрээнд гэсэн, би ойлгохгүй байна. Цаана нь гишүүдийн тоог нэмэх зэрэг асуудлууд байгаа шүү дээ. Санал хураалтад иргэдээ бид юу гэж уриалж оролцуулах юм бэ. Энэ асуудал цаг нь мөн үү? 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.ТУВААН:

-Бүгдийг нь сайн мэдэж байгаа байх аа. Жил гаруй л ард иргэдийн гарын үсэг зуруулаад, хурал цуглаан хийгээд яваад байх шиг байна лээ. Цэцэд хандаад хаваржингаа, өвөлжингөө юм боллоо. УИХ дээр өнгөрсөн долоо хоногт яригдаад, ажлын хэсэг байгуулаад, ард түмэндээ сонсгоё, тэдний санал бодлыг сонсъё гэж асуудал бэлтгээд оруулаад ажлын хэсэг ахлаад ажилла гэсэн. Ард түмнийг төлөөлөх парламентын чадавхийг нэмэгдүүлье, 21 аймгаа хот болгох уу, сумын засаг даргыг Сумын иргэдийн хурлаас сонгож байгаа нь буруу юм байна гэх зэрэг асуудлаар иргэдээс саналыг нь сонсъё гэсэн. Дэмжиж байвал цаашид хэлэлцүүлэг хийгдэх байх. Төрийн байгуулалтын байнгын хороон дээр өчигдөр яригдсан, одоо УИХ-д орж ирж байна. Сэмхэн хийгдэж буй юм байхгүй. Хэрвээ тогтоол дэмжигдээд, УИХ-аар батлагдвал УИХ-ын тамгын газар гарын авлага бэлдэж өгөх юм билээ. Түүнийг тойрогтоо барьж очоод ард иргэдээрээ хэлэлцүүлээд, дараа нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдах юм билээ.

УИХ-ын гишүүн Ж.БАТСУУРЬ:

-Биднийг долоон хоног явуулах бололтой. Мэдэж байгаа ч юм алга.  Ард түмний саналыг яах юм бэ. Гарыг нь өргүүлэх юм уу, тоолох юм уу? Хуучин "Шилний цаанаас чихэр долоолгоно" гэдэг шиг бэлдсэн хүмүүс үг хэлдэг, орой нь түүнийг Үндэсний олон нийтийн радио, телевизээр гаргадаг. Ингээд ард түмэн дэмжиж байна гэдэг. 

Олон намын системүүдийг оруулж ирье, бүгдээрээ ярилцъя бүлээн усаар угаая гээд байгаа юм шиг байна. 30 жил УИХ-д сууна гэж хэлэлцүүлгийн явцад горьдлого тээсэн хүмүүсийн "дэмжлэг" авч байгааг мэдэж байна. Нөхцөл байдлыг маш тодорхой болгож байж явахгүй бол одоогийн олон намын системийг дэмжихгүй, бүр олон намын системийг дэмжинэ гэж байгаа талаар тодорхой хариулт авъя. 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.МӨНХБАТ:

-Асуулт, хариулт дууссан. Үгэн дээр асуучихлаа. Ард нийтийн санал асуулга биш, иргэдийнхээ төлөөлөлтэй уулзаад, саналыг нь сонсоно гэсэн үг. Маргааш танай бүлгийн завсарлагааны хугацаа дуусах тул УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Танай бүлэг л хоорондоо учраа ололцохгүй өнөөдрийг хүрсэн. Гурван удаа даргын зөвлөлийн хуралдаанаар ороод, олонхийн дэмжлэг аваагүй. Хугацаа дууссан тул маргааш асуудлыг хэлэлцэнэ. 

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ горимын санал хэллээ. Тэрбээр "Ард нийтээс санал асууна гэЖ 2019 онд санал асуулгууд орон нутагт явуулсан гэж ярьдаг. Санал асуулгын дараа Ховд аймгийн, өөрийн тоЙргийн 5 сумаар явсан. Дөрвөн сумаар яваад, хүмүүсээс та нар санал асуулгад оролцсон уу гэж асуусан нэг ч хүн дуугараагүй. Чандмань бил үү аль нэг сум дээр хоёр хүн гар өргөсөн. Яагаад гар өргөв гэсэн аймгийн төвд явж байгаад санал асуулгад оролцсон гэж хариулсан. Ховдын Таван сумаас 570 хүн санал асуулгад оролцох байсан… Энэ удаа иргэд идэвхтэй оролцоорой гэж хэлэх байна. Би нам суурьтай хүн. Манай намын байр суурь байх ёстой. Дараа нь өөрхийн албан ёсны байр сууриа илэрхийлнэ гэж бодож явна. МАН-ын дарга, УИХ-"ын гишүүд толгойдоо ийм ийм асуудал гэж тодорхой болгоогүй байж тодорхой болгоод ард иргэд дээр очооорой. Энэ өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн өөрийгөө яаж сонгуулах вэ гэдэг зарчмаа ярих гэж байна. Их хурлын гишүүнийхээ тоог нэмэх тухай ярих гэж байна. Давхар дээлийн асуудал яригдах гэж байна. Сонгогдох эрхийг Их хурал дээрээ авах гэж байна. Их хурлын гишүүдийн эрх ямбыг нэмсэн өөрчлөлт байж болохгүй" гэв. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууслаа. Байнгын хорооны саналаар УИХ-ын тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томъёоллоор санал хурааж, 74.4 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа тогтоолын төслийг уншиж танилцуулав. 

14 : 30
2022-6-16

"Зөвшөөрлийн хуулийг энэ удаа 'тооноос чанар' гэсэн байдлаар оруулж ирсэн"

УИх-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.30-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн 2019.03.29-ний өдөр тус тус өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг уншиж танилцуулж, хуулийн төслүүдийг баталж өгөхийг хүсэв. Тус байнгын хорооноос зарчмын зөрүүтэй 36 санал гарчээ. 

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Өмнө нь зөвшөөрлийн тоог багасгая гэж баталж байсан бол энэ удаа тооноос чанар гэсэн байдлаар баталж байна. Процессжуулж гаргаж байгаагаараа онцлог болж байна. Хууль тогтоомж нэн тодорхой байдлаар бичигдэж, хуулийг янз бүрээр ойлгож, завсраар нь авлига, хээл хахууль авдаг байдлыг хааж байгаа юм. Агаар Үндсэн хуульд бичигдээгүй, Төрийн нийтийн өмч дээр тодорхойлоогүй юм билээ. Агаар бол баялаг. Байгалийн баялаг гэдгээр нь оруулж ирснийг дэмжиж өгөхийг хүсье. 

Зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж дууслаа. Тус хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн зарим хуулийн төслүүдийг буцаах нь зүйтэй гэж үзсэн тул хууль санаачлагчид буцаалаа. 

Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлуулахаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг уншиж танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй.

Төслүүдийг эцэслэн батлуулахаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 

14 : 10
2022-6-16

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ

· Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 3 гишүүн 2022.05.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ: 

-Донорын асуудал чухал. Сүүлийн 10 жилд ард түмэн их ядуурсан. Хүнсний аюулгүй байдал гэдэг зүйл алга болсон. Хямд, муу хоол  тарж, сургууль цэцэрлэгт үдийн цайнд маш муу юм өгдөг болсон. Хамгийн хогийн юмаар хүүхдүүдийг хооллодог. Эцэг, эх нь хянаж чаддаггүй. Үүнээс үүдэн хорт хавдар маш их үүсч байна. Ерөнхийлөгч хүнсний аюулгүй байдлын асуудалд ханцуй шамлан орж ирж байгаа нь маш сайн. Өнөөдөр Туркийн Стамбул хотод хүүхдийнхээ эд эрхтэнийг солиулахад мөнгө хэрэгтэй байна, би өөрийнхөө эд эрхтэнийг заръя гээд зогсож байна. Энэ үед Донорын тухай хууль оруулж ирж байгаа нь эд эрхтэний наймааг гааруулах вий. Хариуцлагагүй УИХ, жангийнхан хариуцлага алдсан. Хорт хавдар туссан хүүхдүүдийн эс, эд, эрхтэний наймааны асуудалд маш сайн анхаарахгүй бол болохгүй. 

Ард түмний амьдралыг сайжруулчихаад энэ Донорын хуулиа яривал дээргүй юу. Олон Улсын байгууллагуудаас зөвлөмж авсан уу? Ядуу оронд эд эрхтэний наймаа цэцэглэдэг. 

Ажлын хэсгийг төлөөлж, УИХ-ын гишүүн Ж.ЧИНБҮРЭН:

-Ард иргэдээ бид ядууруулахгүй гэдгээ хуулиар баталгаажуулж өгсөн. Та эд эс, эрхтэн шилжүүлж буй хүмүүсээс асуугаарай. Тэд нэг ч төгрөг зарцуулахгүй байгаа юм. Эс, эд, эрхтэний наймаанаас яаж хамгаалах вэ гэж асуулаа. Энэ хуулийн үндсэн үзэл санаа нь хэн нэгэн мөнгөгүйгээс болоод хэн нэгэнд эд, эс, эрхтэнээ зардаггүй байхаас хамгаалж гаргаж буй хууль. Бид Монголдоо эмчилдэг байхын төлөө энэ хуулинд өөрчлөлт оруулж байгаа юм. 

Доктор Х.БАТЧУЛУУН:

-Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв олон улсын конвенцэд нэгдэн орсон. Үүнээс гадна Монгол Улсын эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах багууд ёс зүйн удирдамж гаргасан. Түүнийгээ сахин хамгаалж ажилладаг. Манай алба ЭЦГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран ажилласнаар цахимаар тарж буй эд эс, эрхтэн авна гэсэн мэдээлэл эрс багассан. Эмч, мэргэжилтнүүд энэ асуудалд ёс зүйтэй хандаж ажиллана гэж найдаж байна. 

Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураав. 

· Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

12 : 55
2022-6-16

“Мөнгө чухал ч Монгол Улсын нэр хүнд хамгаас чухал”

З.Мэндсайхан

Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.МЭНДСАЙХАН:

-Дулааны аргаар мах боловсруулах стандарт гэж байдаггүй. Тиймээс одооноос эхлэн нэгдсэн зохицуулалттай болоход ажлын хэсэг анхаарч байна. Мах бэлтгэхээс эхлээд үйлдвэрлэлд орох хүртэл нэгдсэн хяналтыг тавиад явна. Засгийг газар сошиалаар ажлаа хийгээд байгаа зүйл огт байхгүй. Махны экспортын хязгаарлалт бол Монгол Улсын нэр хүндтэй холбоотой асуудал. Тиймээс нэгдсэн шалгалтыг дууссаны дараа махны үйлдвэрлэлийг хэвийн ажиллуулна.

УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:

-Хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхэд эдийн засгийн тухайд ямар дэвшил гарах вэ. Хөтөлбөрийн үр дүнд малчдын эдийн засаг хэрхэн сэргэх талаар танилцуулах хэрэгтэй. Мөн дараагийн нэг шүүмжлэл дагуулж буй асуудал бол татварын зохицуулалт. Малчдаас хэрхэн яаж, ямар стандартын дагуу татан авах зэрэгт зохицуулалт хийх үү. Гадаадаас 1000 тонн махны захиалга орж ирсэн тохиолдолд тогтолцоог хэрхэн шийдвэрлэх талаар юу гэж харж байна. Мөн хөтөлбөрүүдэд аж ахуй нэгжийг дэмжих алдаршуулах шагнал биет бус үнэ цэнийг бүтээх талаар тусгасан эсэх талаар тодруулга өгөхийг хүсч байна.

Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.НАРАНЦОГТ:

-Хүнсний аюулгүй байдал бол зөвхөн ханган нийлүүлэлт бус тогтолцооны асуудал. Тиймээс бүхий л талаар харж, асуудлыг авч үзэж байгаа. Хөдөө аж ахуйн онцлог, ханган нийлүүлэлтийн онцлог гээд бүх л тогтолцоогоор авч үзсэн. Түүний дагуу хүнсний аюулгүй байдлыг хангах холбогдох хууль арга хэмжээг авах, тээвэр логистикын хувьд ч авч үзэх шаардлагатай байна. Эдийн засгийн хөгжлийн яам үүнд онцгой анхаарал хандуулж байгаа. Дараагийн асуудал бол хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импорт. Цар тахлаас шалтгаалсан дотоодын хэрэгцээг монголоосоо хангах шаардлага үүссэн. Тиймээс судалгаа мэдээллийн дагуу хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Хүнс хөдөө аж ахуйн сайд З.МЭНДСАЙХАН:

-Экспортоо дэмжинэ гээд хууль дүрэм зөрчиж болохгүй. Мөнгө чухал хэдий ч Монгол Улсын нэр хүнд хамгаас чухал. Тэгэхлээр шат дараатай арга хэмжээнүүдийг аваад явна.

УИХ-ын гишүүн Ц.ЦЭРЭНПУНЦАГ:

-Төсвийн эх үүсвэрийг яах вэ? Хэрэв гадаадаас валютын зээл аваад төгрөгөөр зээлээ гаргавал ханшийн тогтворгүй энэ үед бодлого зөрчилдөх юм биш үү. Дээр нь цаашдын нөхцөл байдлыг харгалзах хэрэгтэй. Импортын татварыг нэмнэ гээд дотоодын зах зээлийг хэт хамгаалж болох юм уу?

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Хүнсний аюулгүй байдлыг хүүхдийн өдрийн хоолноос эхлэх хэрэгтэй. Энэ асуудалд хэрхэн анхаарах болсон талаар тайлбар өгнө үү?

Ажлын хэсгийн гишүүн Я.СОДБААТАР:

-Эхний ээлжид Монголбанктай ярилцаж хүүний татаас өгөх байдлаар аж ахуй нэгжүүдэд олгоод байгаа гурван хувийн хүүтэй зээлийг олгох талаар анхаарч ажиллана. Үүнд дотоодын банкууд болон бусад механизмыг ашиглаж зээл гаргуулах талаар ярилцаж байна. Олон улсын зээл тьусламжаар хэрэгжиж байгаа хөтөлбөрүүд ч бий. Тэгэхлээр тухай бүрд нь шийдвэрлээд явна. Импортын татварын тухайд нэмэх зайлшгүй шаардлагатай байна гэж харж байна. Тиймээс боломжит хэлбэрээр дотоодын үйлдвэрээ дэмжээд явна. Эцсийн дүндээ таван жилийн дараа монголчууд гол нэрийн бүтээгдэхүүний 19 нэр төрлийг дотооддоо үйлдвэрлэх нь чухал. Түүнээс хэн нэгэн ямар нэгэн ашиг хонжоо харж энэ төслийг батлуулах гээгүйг ойлгох хэрэгтэй.

Мөн хүүхдийн өдрийн цай, хоолонд ч анхаараад явна гэдгийг онцолж байна.

12 : 13
2022-6-16

Ирэх таван жилд 145 тэрбум төгрөгөөр малаа эрүүл болгоно

НЭМЭЛТ

Хүнс хөдөө аж ахуйн сайд З.МЭНДСАЙХАН:

-Хөтөлбөр үндсэн таван хэсгээс бүрдэж байгаа. Хүнс, газар тариалан, мал аж ахуй гэхчлэн таван бүтэцтэй. Эхний ээлжид 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэглээг бүрэн хангах тухай авч үзсэн. Ирэх таван жилд 145 тэрбум төгрөгөөр малаа эрүүл болгох асуудлыг эхний ээлжид авч үзсэн. Биолбэлдмэлийн үйлдвэрт одоогоор вакциныг үйлдвэрлэх явж хэрэгжиж байгаа. Үүнийг цаашид өргөжүүлээд явна. Цаашид гарал үүсэл тодорхой, дундын буюу ченж худалдан авагчийн харилцааг зохицуулах зэрэг зохицуулалт хийхээр болсон. Хүүхдүүдэд өгч байгаа махны эрүүл ахуйг ч анхаарна.

УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ:

-Хүүхдийн хоол үйлдвэрлэлтэй холбоотой механизмыг тодорхой болгож өгөх хэрэгтэй. Импортын татварыг нэмэх тал дээр хуурай сүү зэргийг багтаах ёстой. Энэ хөтөлбөрийн хүрээнд татварын асуудлыг авч үзэх хэрэгтэй. Биобэлдмэлийн үйлдвэрийг хөгжүүлэхэд мөн онцгой анхаарахыг хүсч байна.

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-2011 онд батлагдсан Хүнсний тухай хуулиар махыг квоттой болгосон. Үүнээс хойш 10 гаруй сайд махны квотын асуудлыг яриагүй. Дээр нь нэмээд 2016 онд гадаадын хөрөнгө оруулалттай махны үйлдвэр нэг ч байгаагүй. Гэтэл өнөөдөр хэд болов. Үүнийг нэгдсэн зохицуулалттай шийдвэрлэх хэрэгтэй. Тиймээс Засгийн газар махны асуудлыг нэг мөр шийдвэрлэх ёстойг сануулж байна. 2021 онд зуд болж нөөцөлсөн махнууд үйлдвэрт орж, дулааны аргаар боловсруулагдсан. Энэ махыг зах зээл рүү оруулж байгаа нь утгагүй асуудал. 4000 тонн адууны мах ч байгаа. Халуун зунаар адууны мах иддэг монгол хүн байхгүй. Тэгэхлээр эдгээр махуудыг экспортод оруулж борлуулах ёстой. Махны салбар 250 мянган өрхийн орлогыг нэмэгдүүлдэг салбар учир махны үйлдвэрийг дэмжиж ажиллахыг хүсч байна.

Хэрэв махны үйлдвэрлэл зогсвол хүнс, хөдөө аж ахуйн салбарт эдийн засгийн хүндрэл учрах эрсдэлтэй. Үүнд ямар арга хэмжээ авах вэ?

Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.МЭНДСАЙХАН:

-Дулааны аргаар боловсруулсан махны экспортыг он дуустал экспортлохоо болих шийдвэр гаргасан. Гэхдээ зөвхөн дулааны аргаар боловсруулсан мах гэдгийг сануулъя. Мэдээж махны экспортод монголын нэр хүнд яригдаж байгаа. Сая асуудал үүсээд шалгалтаар явж байхад олон зөрчил илэрсэн. Тиймээс хяналтыг цаашид чангатгаж, махны хяналтын төвүүд мэргэжлийн хяналтынхантай хамтарч ажиллана. Нийт хэчнээн тонн шаардлага хангаагүй мах байна түүнийг хураасны дараа экспортыг хэвийн үргэлжлүүлнэ.

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж байж эдийн засгийн сэргэлт болоод валютын эх үүсвэрийг бий болгох боломжтой. Өргөн хүрээний төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэр маш чухал. Тэр дундаа гадаад эх үүсвэрүүдээс хэр хэмжээний санхүү босгох боломжтой байгаа талаар хариулт авъя. Мөн махны экспортыг түдгэлзүүлсэн шийдвэрийг эргэж харахыг хүсч байна. Гадаад худалдаа, зах зээлийг ийнхүү боомилох шийдвэр гаргаж болохгүй. Дулааны арга байна уу үгүй юу ямар ч нөхцөлд махны экспортыг хязгаарлаж болохгүй. Үүний цаана олон хүний ажлын байр үгүй болж, эдийн засаг сөхөрч байна. Тиймээс үндэсний эрх ашгийг хүндэтгэж үзэхийг хүсч байна. Цахим хуудсаар асуудлыг шийддэг байх аа болих нь зөв. Төр сошиал дагаж намирах ёсгүй. Харин асуудалд бодит үнэлэлт дүгнэлт хийж зохих шийдвэр гаргах хэрэгтэй.

Ажлын хэсгийн гишүүн:

-УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж, төлөвлөгөөг гаргахад 1.7 их наяд төгрөг нэн шаардлагатай тооцоо гарсан. Мэдээж энэ мөнгийг гаргахад зээл, тусламж авах шаардлагатай болсон. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүд сонгогдсон орон нутгийн төсөв батлах үеэр хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт санхүү гаргаж өгөхийг хүсч байна. Улаанбаатар болоод орон нутагт тал тэнцүү байдаг иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал.

УИХ-ын гишүүн Б.ЖАРГАЛМАА:

-2021 онд мэргэжлийн хяналтын газар бүх төрлийн хүнд металийн элемент илрүүлэх тоног төхөөрөмж авсан. Тэгвэл энэ төрлийн хяналт шалгалтыг хэрхэн хийж байна вэ? Мөн хуванцар савны аюулгүй байдлыг хангах тал дээр хяналт тавих шаардлагатай байна. Хүнсний аюулгүй байдалд энэ заналхийлэл учруулж байгаа. Тиймээс мэдлэг мэдээллийг олон нийтэд хүргэх тал дээр хэр анхаарч байгааг танилцуулахгүй юу. Дараагийн асуудал бол махны үйлдвэрүүдийг хааснаас болж олон иргэн ажилгүй боллоо. Асуудлыг хэзээ эцэслэх вэ? Эмээлтийн махны шалгалтын дүн гарсан бол танилцуулна уу. Дулааны аргаар боловсруулсан мах гаргахгүй гэдгээс болж малчид, ажилчид гээд аль аль талдаа хохирч дуусах нь. Тэгвэл ямар арга хэмжээ вач байгаагаа нэгдсэн байдлаар танилцуулахыг хүсч байна.

МХЕГ-ын дарга Б.БААСАНДОРЖ:

-Лабораторитой холбоотой асуултад хариулъя. Нэгдсэн лабораториудад хөрөнгө санхүү хангалттай гаргаж өгөөгүйгээс болж хүнд металийн шинжилгээ хийгдээгүй. Тиймээс Засгийн газраас хяналт шалгалтыг хийх нэгжүүдийг сайжруулах үүрэг өгсөн. Дараагийн асуудал бол хуванцар сав суулга хэрэглэх. Үүнд нэгдсэн байдлаар иргэдэд зөвлөмж мэдээллийг хүргэж байгаа. Эцсийн дүнд малчдад хариуцлага байх шаардлагатай. Эмээлтийн шалгалтын дүн гарсан. Нийт 32 үйлдвэрээс дулааны аргаар үйл ажиллагаа явуулдаг ганц л эрхтэй нэгж бий. Гэтэл үүнээс гадна 16 аж ахуй нэгж дулааны аргаар мах боловсруулж байсан. Тиймээс тусгай зөвшөөрлийг цуцалж хяналт шалгалтыг үргэлжлүүлж байна. Үүн дотор Эмээлт зах ХХК ч орж байгаа. Энэ захын үйл ажиллагааг цаашид явуулах боломжтой. Гэхдээ гол нь стандартыг сахиж хуулийн дагуу ажиллах ёстой.

11 : 08
2022-6-16

Үндэсний их баяр наадмын тухай хуулийг өнөө, маргаашдаа батал

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан /2022.06.16/ үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Монгол Улсын төрийг түших амар ажил биш. Covid-19-ийн үеэр хууль зөрчиж, хүний амь олон удаа эрсэдсэн. АН-ын дарга нэртэй баахан тойрч гүйгээд дарга болж чадаагүй. Ж.Батсуурь гишүүн бас байна. Байнга гоншигнож явдаг. Тэгэхлээр АН чадан ядан учраа олох нь баараггүй. Харин эрх барьж байгаа МАН төрд бугшсан асуудлыг шийдвэрлээсэй гэж иргэд сонгосон.

УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:

-Д.Ганбат гишүүн ёс зүйн дэг сахих ёстойг сануулж байна. Үүсээд байгаа хууль зүйн заалтад 22.4-т тусгаснаар намын бүлгийн шийдвэр олонхоор дэмжигдэх ёстой. Тиймээс хууль дээдлэх зарчмаар ажил явагдана. УИХ-ын олонх цөөнхийн эрх ашгийг ямагт дээдэлж ирсэн. Цаашид ч цөөнхийн цөөнхийг дэмжих болно. АН-ын бүлгийн хоёр хоногийн завсарлагын дараа О.Цогтгэрэл гишүүний өргөн барьсан төслийг хэлэлцэнэ. Мөн Үндэсний их баяр наадмын хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөө, маргаашийн дотор яаралтай батлах хэрэгтэй байна. Одоогийн статистикаас харвал 900 мянган адуу цус холилдсон байна. Тиймээс дэг журамтай наадахын тулд хуулийг яаралтай батлах хэрэгтэй.

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулна.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.БОЛОРЧУЛУУН:

-2022 оны тавдугаар сарын 23-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцүүлэх гэж байна. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны урьдчилсан хэлэлцүүлгээр зарчмын зөрүүтэй болон найруулгын алдаатай саналуудыг хүргүүлээд байна. Ажлын хэсгээс тогтоолын төсөлд тусгасан арга хэмжээг нэг мөр хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг судалж тогтоохыг Сангийн сайд Б.Жавхланд даалгасан. Мөн З.Мэндсайхан болон сангийн яамд тогтоолын төслийн заалтыг шинэчлэх хүсэлт өгсөн байгаа.

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын асуудал бол бодлогын хувьд авч үзэх зайлшгүй шаардлагатай асуудал. Хөдөөгийн ард түмэн энэ тогтоолын төслийг маш их дэмжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойрын таван жилийн хугацаанд махны бүх өвчнөөс салах арга хэмжээ авахыг тусгасан. Үүнтэй холбоотой тогтоолын төсөлд алдаа дутагдалтай зүйлс байна. Тухайлбал, хэрхэн шүлхий өвчнөөс сэргийлэх, хэзээ вакцинжуулалтыг нийтээр хийх зэрэгт тогтсон хугацаа зааж өгөх ёстой. Хоёрдугаарт, жижиг дунд үйлдвэрлэл, хоршоодтой холбоотой асуудлыг дутуу оруулсан санагдлаа. Мах боловсруулах үйлдвэр, бэлтгэн нийлүүлэх үйлдвэрүүдийг хэрхэн байгуулахад төсвийг хангалттай тусгаж өгөх ёстой гэж харж байна. Наанадаж 30тэрбум төгрөг тусгах хэрэгтэй. Ажилгүйдлийг бууруулж ЖДҮ дэмжихэд анхаарах шаардлагатай байна. Үүнд тодруулга өгөхийг хүсч байна.

Хүнс, хөдөө ахуйн сайд З.МЭНДСАЙХАН:

-Малын эрүүл мэндтэй холбоотой байнгын хорооны тогтоол гарсан. Нийт таван жилийн хугацаанд 145 тэрбум төгрөгийн вакцинжуулалтыг жилд хоёр удаа хийхээр болсон. Хоршооллыг дэмжих хүрээнд хөтөлбөрт 8.5 тэрбум төгрөг тусгасан байгаа. Гэхдээ зөвхөн хөтөлбөрөөр арга хэмжээ аваад дуусна гэж харж болохгүй. Цаашид ЖДҮ-г дэмжих тал дээр анхаарч ажиллана.

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:

-Нэгэнт хүсний хангамж, аюулгүй байдлын тогтоол гаргаж байгаа бол хавсралт заавал гаргах хэрэгтэй. Шалгуур, хэмжих нэгжтэй болбол хөтөлбөр хэрэгжсэнээр таван жилийн дараа ямар үр дүнд хүрэх, гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн ямар хэмжээтэй болох зэрэг нь тодорхой болно. Хүрэх түвшин, зорилтоо тодорхойлсон үзүүлэлтээ танилцуулахыг хүсч байна. Мөн хоёрдугаарт, хэт жижиг асуудлыг тогтоолын төсөлд оруулсан санагдаж байна. Загвар хоршоо гээд гурван хоршоо байгуулсан байна. Энэ мэт жижиг зүйлсийг оруулах хэрэггүй болов уу гэж бодож байна. Ж.Бат-Эрдэнэ гишүүний яриад байгаа асуудал ч тодорхой тусгаагүй байна. Одоо тэгвэл жижиг дунд үйлдвэрийг дэмжих замаар хэрхэн ажлын байрыг нэмэгдүүлэх гэх мэт тусгаж өгөх нь зүйтэй баймаар. Байнгын хороо үүнийг юу гэж үзсэн бэ?

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.БОЛОРЧУЛУУН:

-Хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах зорилт бол хамгийн чухал. Тэгэхгүй бол Монгол Улс импортын бүтээгдэхүүнээс хэт хараат байна. Нийт 17 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг гаалийн татварыг багасгах, нэмэгдүүлэх асуудлыг дараагийн шатны хуулиар зохицуулна. Тариалангийн талбайн тухайд 1.5 сая га газарт тариалан эрхлэх боломжтой. Харин одоо 800 мянган га газарт тариалан эрхэлж байгаа. Хоршооны хувьд найман тэрбум төгрөг төсөвлөсөн. Үндэсний үйлдвэрийг дэмжихэд жижиг, томоор ялгахгүйгээр төлөвлөгөөний дагуу дэмжээд явна.

10 : 30
2022-6-16

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Занданшатар

Хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэх асуудалд нэр бүхий гишүүд Д.Ганбатад зориулсан, нэг хүнд зориулсан хууль өргөн барьсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр завсарлага авсан. Ер нь Монголд хоёр хуваагдаагүй юм алга. Тэрний нэг нь АН. Бидний ч буруу байгаа байх. Намын бүлэг найман гишүүнтэй. Бичгээ УИХ-ын даргад явуулсан. Уншиж танилцуулах хэрэгтэй" гэв.

Хариуд нь УИХ-ын дарга Г.Занданшатар "Д.Ганбатыг ёс зүйтай байж, хууль дээдэлж ажиллахыг шаардаж байна. Намын бүлгийн даргаар таныг томилогдсоныг зарлачихсан, 11 гишүүнтэй. Түүнээс найман гишүүнтэй гэж зарлах эрх надад байхгүй" гэх хариултыг Д.Ганбат гишүүнд хэлэв. Хуралдаанаар яг одоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилж, өргөн барьсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун танилцууллаа.

09 : 21
2022-6-16

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын Хаврын ээлжит чуулганы Пүрэв, Баасан гаригын хэлэлцэх асуудлын тов дарааллыг хүргэж байна. 

ЦАГЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНХААНА
10.00

 

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2022.06.16, 06.17/

 

· “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2022.05.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 3 гишүүн 2022.05.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.30-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн 2019.03.29-ний өдөр тус тус өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2022.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 9 гишүүн 2022.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2022.05.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэл

· Ерөнхий сайдын мэдээлэл: Монгол Улсын гадаадад сурталчлах бодлого, стратеги, соёлын харилцаа, хамтын ажиллагааг дэмжих арга хэмжээний талаар

· Бусад

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж