Цар тахлын улмаас сүүлийн хоёр жилд ноолуурын үнэ ханш, буурч малчдын орлого буурчээ. Тодруулбал, малчин өрхийн орлогын 60-70 хувь нь ноолуураас бүрддэг. Хил хааснаас болж сүүлийн хоёр жил ноолуурын үнэ буурч нэг кг нь 50 мянган төгрөгт хүрсэн. Харин энэ жилээс 30 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
"Эмээлт"-ийн ченжүүдийн нэг хэсэг нь махны, нөгөө хэсэг нь ноолуурын наймаа эрхлэнэ. Хавар эрт нэг килограмм ноолуур 160 мянган төгрөгт хүрч байсан бол өнөөдрийн байдлаар 80 мянган төгрөгөөр авч байна. Түүхий эдийн ченжүүд авсан ноолуураа БНХАУ руу экспортлоход хүндрэлтэй байгаа учир үнэ ийнхүү унажээ.
Монгол Улс жилдээ ойролцоогоор 97 мянган тонн ноолуур бэлтгэдэг ажээ. Харин дэлхийн түүхий ноолуурын 45 хувийг хангадаг боловч нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний ердөө 10 орчим хувийг эзэлдэг байна.
МАЛЧИД НООЛУУРАА ҮЙЛДВЭР РҮҮ НИЙЛҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ
"Эмээлт"-ийн ченжүүд “Хятадад халдварын нөхцөл байдал хүндхэн байгаа тул ноос ноолууран үйлдвэрлэлийн компаниудын үйл ажиллагаа зогссон. Тиймээс захиалга багасч, эрэлт муутай байна гэв. Тэд хил гаалийн асуудал удахгүй шийдэгдэх байх гэсэн хүлээлттэй сууж байгаагаа нуусангүй. Тус захад багагүй олон жил ноолуурын ченж хийсэн иргэн Х.Банзрагч “хил хаасны улмаас өнгөрсөн жилийн өвлийн ноолуур одоо л дөнгөж ачигдаж магадгүй байна. Хоёр жил ноолуур хуримтлагдсанаас болж үнэ буурсан” гэлээ.
"Эмээлт"-эд очиход ноолуур өгч буй малчинтай таарсангүй. Малчдын хувьд ноолуурын үнэ өсөхийг хүлээж давж дарж байгаа болохыг ченжүүд хэлэв. Нөгөөтэйгүүр ноолуурын сезон дууссан тул гэж араас нь тайлбарлалаа.
Завхан аймгийн Түдэвтэй сумын малчинтай утсаар холбогдоход “малчид бид ноолуураа шууд үйлдвэрүүдэд нийлүүлж яагаад болохгүй гэж. Ченж гэх шуналтай хүмүүсийн гараар дамжуулах ямар шаардлага байна вэ? Төрийн зүгээс ийм зохицуулалтыг амархан л хийж болмоор санагдах юм. Өнгөрсөн жил компаниуд шууд малчдын гараас авч байсан. Тухайн үед ноолуур ингэж үнэгүйдээгүй шүү дээ" гэв.
ЧЕНЖҮҮД НООЛУУРЫН ХАНШИЙГ ЗОХИОДОГГҮЙ ХЯТАДУУД ТОГТООДОГ ГЭВ
Өнгөрсөн жил нэг кг ноолуурын үнэ 200 мянган төгрөг болтлоо өссөн. Харин энэ жил дээд ханш нь 160 мянган төгрөг хүрээд унажаа. Хил нээгдвэл ноолуурын үнэ өсч магадгүй гэсэн хүлээлт ченжүүдэд ч, малчдад ч байна. Ченж Б.Амараа хэлэхдээ “Ноолуурын ханш ахиж буухгүй байх. Ес арван сараас эргээд өсч магадгүй. Монголчууд жилд самнасан ноолуурынхаа 70-80 хувийг БНХАУ-руу гаргадаг, ноолуурын зах зээлийн хувьд урд хөршөөс хараат болсон. Хятадын зах зээл дээр самнасан ноолуур өнгөрсөн дөрөвдүгээр сард 720 юань байсан бол өнөөдөр 600 юань болж буурсан байна. Ченжүүд бид төрөөс ямар нэгэн дэмжлэг авдаггүй. Банкнаас жилийн 24 хувийн хүүтэй зээл авч өөрсдөө эрсдэлээ үүрээд ноолуурын наймаа хийдэг” гэлээ.
Ноолуурын үнэ хавар эртдээ үнэтэй байдаг. Тийм учраас зүүн аймгийнхан ямаагаа эрт самнадаг байна. “Ноолуур эхний самналт нь үнэтэй байдаг. Учир нь хялгас шороо байдаггүй. Оройтож самнах тусам хялгас шороо ихэсдэг тул үнэ нь буурдаг. Эрт самнадаг Хөвсгөл,Архангай, Булганы ноолуурын ханш жил бүр өндөр байдаг бол говь нутгийн ноолуур бүдүүн ширхэгтэй элстэй, орой самнадаг учраас баруун аймгийнхны ноолуур хямд байдаг" гэлээ.
НООЛУУРЫГ ДОТООДДОО САМНАЖ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН БОЛГОН ЭКСПОРТОЛНО
Дотоодын үйлдвэрүүдэд малчид ноолуураа зарах дуртай ч, зах зээл нь бага тул ченжүүдэд "тушаах"-аас өөр аргагүйд хүрдэг аж. Дотоодын үйлдвэрүүд дунджаар 9-10 мянга орчим тонн ноолуур бэлтгэдэг, энэ нь нийт ноолуурын 10 хувьтай тэнцдэг аж.
Монгол Улсын хувьд одоогоор Итали, Австрали, БНСУ, ОХУ гэх мэт 31 оронд ноолуур, ноолууран бүтээгдэхүүнээ экспортолдог аж.
Сүүлийн үед ноолуурын экспортод гарсан гол өөрчлөлт нь импортлогч улсууд малын чанар, тав тухлаг байдалд шалгуур тавих болжээ.
Монголын ноос ноолуурын холбооны ерөнхий менежер Ц. Туяа “Угаасан ноолуурын экспортыг хориглох УИХ 19 дүгээр тогтоол /2022.05.05/ баталсан. Тэрний нэг зорилго нь самнахаас дээш түүхий эдийг экспортод гаргадаг байх тэхгүй бол угаасан нийт ноолуурын 80 хувь нь БНХАУ-руу гарч байгаа. Үүнийг зогсоож дотооддоо нэмэн өртөг шингээж дотооддоо самнаж утас болгон шинэ бүтээгдэхүүн болгож хилээр гаргахаар болсон гэсэн юм. Тогтвортой үйлдвэрлэл бий болгож, түүнийгээ нутагшуулах дэлхийн зах зээл дээр гарах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа” гэлээ.
Ийнхүү "Эмээлт"-эд ноолуурын ченжүүд хэзээ хил нээхийг хүлээж, малчид ялгаагүй тэднийг горьдлогын нүдээр харсаар сууна. Хэдэн малтайгаа байхад сайхан амьдарна гэдэг монголчууд Эрээн хилээ хаах төдийд л ямааныхаа ноолуурыг зарж чадахгүйд хүрч байна.
Б.ЭНХСАНАА