Канадын “Turquoise Hill Resources” компанийн мэдээлснээр “Оюутолгой” төслийн гүний уурхайн хүдэр буулгуур тэсэлгээг зургадугаар сарын 17-нд буюу маргааш эхлүүлэхээр болжээ. Энэ нь гүний уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд ахиц дэвшилж гарч байгааг илтгэж буй талаар тус компани өнгөрсөн Мягмар гаригт цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.
“Turquoise Hill Resources” компани бүтэн жилийн тайландаа хүдэр буулгуурын тэсэлгээг энэ оны III улиралд буюу тооцоолсон хугацаанаасаа өмнө эхлүүлж, 2023 оны эхний хагаст анхны тогтвортой олборлолтод хүрэхээр тооцсон талаар дурджээ.
Гүний уурхайн хүдэр буулгуур тэсэлгээг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө эхлүүлснээр “Панел 0” буюу гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл ирэх оны нэгдүгээр хагаст эхлэхэд эергээр нөлөөлнө гэж тус компани үзсэн байна. Мөн тэсэлгээнээс гарсан чулууг бутлуур руу тээвэрлэж эхлэх ажээ.
Ил уурхайгаас олборлосон зэсийн агууламж 33 хувиар буурчээ
“Оюутолгой”-н 2022 оны нэгдүгээр улирлын тайланд дурдсанаар, уурхайн ашиглалтын төлөвлөгөөний дагуу бага агуулгатай хүдэр олборлолт, металл авалтаас хамааран ил уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн агууламж 33 хувиар буурсан байна.
Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр агааржуулалтын хойд амд газрын гадаргаас доош 181 метрийн нэвтрэлт хийгдэж, агааржуулалтын 3-р босоо амын нэвтрэлтийн ажил дууссан байна. Агааржуулалтын урд, хойд амын ашиглалтад орох хугацаа Covid-19 цар тахлын нөлөөллөөс үүдэн есөн сараар хойшлохоор байгаа аж. Энэ нь "Панел 0"-ын тогтвортой үйлдвэрлэлд нөлөөлөхгүй бөгөөд "Панел I", "Панел II хэсгийн ажлын төлөвлөлт хийгдэж буй юм байна.
Тус компани Монгол Улс болон БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, нийлүүлэлтийн сүлжээ тасрах эрсдэлийг зохицуулсаар байгаа ажээ. “Оюутолгой”-н ТУЗ Монгол Улсын Засгийн газартай тохиролцсон нөхцөлийн дагуу "Оюутолгой"-г Монголын цахилгаан сүлжээнээс урт хугацааны эрчим хүчний эх үүсвэрээр хангах зорилгоор Цахилгаан эрчим хүч нийлүүлэх гэрээ байгуулахыг зөвшөөрсөн.
"Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" болон ӨМӨЗО-ы Олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны компани (IMPIC) хооронд БНХАУ-аас эрчим хүч импортлох зохицуулалтын хугацааг сунгахаар зарчмын хувьд тохирсон билээ. Энэ зохицуулалт нь 2026 он хүртэл буюу гурван жилийн хугацаанд сунгагдах бөгөөд шаардлагатай тохиолдолд үргэлжлүүлэн 2030 он хүртэл сунгах (одоогийн гэрээний хугацаа 2023 оны долдугаар сард дуусна)-аар төлөвлөж, арилжааны нөхцөлүүдийг эцэслэхээр ажиллаж буй аж.
“Рио Тинто” болон “Оюутолгой” компаниуд Техник эдийн засгийн үндэслэлийг хүлээн авах талаар Монгол Улсын Засгийн газраас байгуулсан Техникийн ажлын хэсэгтэй хамтран ажиллаж байна.
Холбоотой мэдээ