Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадам хаяанд ирсэн боловч хууль нь бараа сураггүй, төсөв нь байхгүй, бэлтгэл ажил нь зуун задгай, жаран хагархай явна.
ҮНДЭСНИЙ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛЬ ХЭЗЭЭ БАТЛАГДАХ ВЭ?
Хамгийн чухал нь Баяр наадмын тухай хуулийг батлах ёстой. Эс бөгөөс эрлийз, монгол морьдын асуудал, допингтой, допинггүй бөхчүүдийн маргаан газар авна. Хуулийн төсөл УИХ дээр ид хэлэлцэгдэж, эсэргүүцлийн жагсаал ч өрнөж буй. Албаны хүмүүс хэлж буйгаар зургадугаар сарын дундуур парламент уг хуулийг батлахаар төлөвлөж байгаа аж.
Энэ удаагийн хуулийн төсөлд хэд хэдэн онцлох заалт бий. Улс, аймаг, сумдын наадмыг нэгэн зэрэг хийх, 18 нас хүрсэн иргэн улс, аймгийн наадамд зодоглох, допингийн эсрэг үндэсний журам батлах, морьдыг сэрвээний өндрөөр нь ялгаж уралдуулах гэх мэт шинэ заалт олонтой.
Э.ОЮУНБОЛДЫГ БАРИЛДУУЛАХ УУ?
Сүүлийн үед допингтой бөхчүүдэд өршөөл үзүүлнэ гэх яриа газар бөх сонирхогчдын анхаарлын төвд байна. Энэ асуудал тэднийг хоёр талцуулах болсон. Хэдийгээр одоо хэлэлцэгдэж буй хуулийн төсөл дээр допингтой бөхчүүдэд өршөөл үзүүлнэ гэх нэг ч заалт байхгүй ч 100 жилийн ой гэдэг утгаараа тэгш гараанаас бүгдийг шинээр эхлүүлье гэж хэсэг бүлэг хүмүүс ярьж байна.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр, үндэсний бөхийн холбоо зургадугаар сарын 28-нд хуралдаж, допингийн шинжилгээнд бүдэрч, барилдах эрхээ хасуулсан бөхчүүдийн талаар хэлэлцэх гэнэ.
Э.Оюунболд саяхан арбитрын шүүх дээр ялалт байгуулсан талаарх мэдээлэл цацагдсан. Гэвч, МҮБХ үүнийг эсэргүүцсэнээс харахад допингтой бөхчүүдийн асуудал ахиад л хэрүүл талцал дагуулах шинжтэй. Үүнээс гадна наадам болгоны дараа найраа, допингийн дуулиан дэгддэг. Үүнийг хэрхэн зохицуулах нь мөн л тодорхой бус.
Баяр наадмын зохион байгуулах хороо төрийн бус байгууллагын гаргасан шийдвэр төрийн наадамд хэрэгжих эсэх нь эргэлзээтэй гэж мэдэгдсэн. Тэгэхээр Э.Оюунболд барилдах боломжгүй аж. Харин даян аварга Н.Батсуурийн барилдах эрх сэргэж буй юм. Энэ мэтээр наадам угтсан элдэв маргаан талцал, хов жив үндэсний бөхийг тойрсонгүй. Хоёр жил гэр гэртээ наадсан иргэдийн хувьд энэ жилийн наадам өргөн дэлгэр, шударга сайхан болоосой гэх хүлээлттэй байгаа юм.
БӨХЧҮҮДЭД ЦОЛ НӨХӨН ОЛГОХ УУ?
Мөн л багагүй хугацаанд яригдаж буй асуудал. УИХ-ын гишүүд энэ асуудлаар хууль хүртэл санаачлаад байгаа. Угтаа 1924-1970 оны хооронд амжилтаа зөв үнэлүүлж, цолоо авч чадаагүй 40-50 бөхийн асуудал яригдсан. Үүн дээр өнгөрсөн жилийн Хүй долоо худагт болсон 512 бөхийн барилдаан ч нэмэгдсэн. Гэхдээ энэ зөвхөн хэлэлцүүлгийн үеэр л өрнөсөн яриа. Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн төсөлд бөхчүүдэд цол нөхөн олгоно гэх ганц үг үсэг байхгүй.
Харин Б.Пүрэвдорж гишүүн өнгөрсөн жилийн 512 бөхийн барилдаанд цол нөхөн олгох талаар хуулийн төсөл санаачилсан. Үүнийн УИХ-аар хараахан хэлэлцээгүй байна.
МОРЬДОО ХЭРХЭН ЯЛГАЖ УРАЛДУУЛАХ ВЭ?
Шинэчилсэн хуулийн төсөл дээр сэрвээний өндрөөр уралдуулна гэх заалт бий. Ингэхдээ лазер метр ашиглана. Өнгөрсөн жилүүдэд палкметр ашиглаж сэрвээний өндрийг хэмжихдээ албаны хүмүүс санаатай, санаандгүй алдаа гаргаж, морьд уралдаанаасаа хасагдаж байсан түүхтэй.
Гэхдээ сэрвээний өндрөөр хэмжихийг таашаахгүй байгаа хэсэг бүлэг уяачид бас бий. Тэд морийг үүлдэрлэг байдлаар нь бүртгэлжүүлж уралдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Хэрэв өнгөрсөн жилүүдийнх шиг сэрвээний өндрөөр нь хэмжвэл намхан эрлийз морьд уралдах боломжтой болох гэнэ. Ямартай ч морьдыг хэрхэн уралдуулах вэ гэдэг хэлэлцүүлэг өрнөсөөр байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Баяр наадмын хэдэн хүний зөрчилдөөн болгохгүй" гэснээс харвал морьдыг үүлдэрлэг байдлаар нь биш сэрвээний өндрөөр нь, лазер ашиглан шинжих бололтой.
НААДМЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ХЭЗЭЭ ЭХЛЭХ ВЭ?
Хоёр жил гэр, гэртээ наадсан монголчууд энэ жилийн наадмын нээлт, хаалтаас их зүйл хүлээж суугаа нь лавтай лавтай. Энэ жилийн наадмыг Н.Наранбаатар дөрөв дэх удаагаа найруулна. Харин цар тахлын үеийн баяр наадмыг Херо Б.Баатар найруулж, багагүй шүүмжлэл, хэл ам дагуулсан юм. Наадам ойртохтой зэрэгцээд цэнгэлдэхийн бэлтгэл ажил дөнгөн, данган эхлэж буйг "Төв цэнгэлдэх" компанийн эзэн Т.Нямдаваа ярьсан. Үнэндээ хоёр жил тэнд наадам хийгээгүй учраас шинэчлэх, засварлах ажил их байгаа гэнэ. Сандал суудлаас эхлээд дээвэр сүүдрэвчээ засахгүй бол тэнд наадам хийхэд хүндрэлтэй л харагдана лээ.
Та бүхэн “Наадмын бэлтгэл эхлээгүй байна” сурвалжлагыг энд дарж үзнэ үү
Өнөөдрийн байдлаар л наадмын бэлтгэл ажил төв цэнгэлдэхэд эхлээгүй байна. Төсөв мөнгө нь шийдэгдсэн ч ажил эхлээгүй байгаа аж. Наадмын төсөв 2.3 тэрбум. Үүнээс нэг тэрбумыг нь нээлт хаалтад зарцуулахаар өгсөн болохыг Соёлын сайд Ч.Номин өчигдөр мэдээлсэн. Үүнээс өмнө УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар төсвөөс нэг ч төгрөг орж ирээгүйг, бэлтгэл ажил юу ч байхгүй байгааг шүүмжилсэн юм.
Ийнхүү зуун жилийн наадмаа 101 жилтэй хамтран тэмдэглэхээр төрийн томчууд төлөвлөж суугаа ч харин бодит байдал дээрээ наадам тойрсон олон асуулт эргэлзээ дагуулсан хэвээр байна. Энэ жил сайхан наадъя гэвэл эртнээс хуулиа баталж, бэлтгэл ажилдаа орохгүй л бол иргэдийн хэл амны "бай" болж наадамчдыг хэрүүл талцалд хүргэх вий дээ.
Холбоотой мэдээ