10-аад жилийн өмнө уулын спорт монголд төдийлөн хөгжөөгүй байлаа. Дэлхийд цуутай оргилуудад ч Монголын далбааг мандуулна гэдэг магадгүй хорин жилийн дараах баярт үйл хэрэг болно гэдгийг хэн ч төсөөлөөгүй байсан цаг. Монголчууд эрт дээр үеэс улбаатай ёс заншил, баялаг түүх соёлтой орны тэсвэр хатуужил, эр зоригын гайхамшиг болсон хүмүүс. Тэдгээрийн нэг нь уулын спортын Гавьяат тамирчин Бадамгаравын Гангаамаа. Тэр бол К2 гэх дэлхийн хамгийн аюултайд тооцогддог оргилд гарч чадсан цөөн эмэгтэй уулчны нэг. Дэлхийтэй мөр зэрэгцэн, уралдан гарч долоон ноён оргилыг эзэлсэн анхны монгол эмэгтэй.
Түүний хувьд К2 ууланд авирахын тулд 2007 оноос хойш мөрөөдөж, бэлтгэлээ базааж 2013 онд анхны оролдлогоо хийж байжээ. Анхны оролдлого дээрээ бүх хугацаанаас илүү айдас төрүүлж байснаа, амжилт олоогүй гэдгээ ч нуусангүй. Харин 2018 оны хоёр дахь оролдлого дээрээ айдсаа ардаа хийчихсэн, эх орноосоо мордсон ч том сорилттой тулгарав. К2 оргилын “Лонхны хүзүү” гээд их аюултай хэсэгт санаагаа чилээж байж. Тухайн үед түүнийг давж гарахын тулд олон хүндрэл бэрхшээлтэй учирсан ч “Дээшээ гардаг юм байж, үүгээр эсэн мэнд буудаг юм шүү” хэмээн зоригложээ. К2 руу авиралт хийсэн уулчдын ихэнхи нь “Лонхны хүзүү”-нээс доошоо буухдаа осолддог байж. Ер нь их эгц уул авиралтын тэг дундаас эхлэн байдал эвгүйтнэ. Алдаа гаргавал шууд доошоо унах аж.
Гэвч хүн айдсаа давж байж л амжилтад хүрдэгийг, юманд хүрсэний дараа хүний хүсэл хязгааргүй юм аа гэдгийг хуваалцан, чин сэтгэлийн яриа дэлгэсэн юм. Уулын спортын хүнд ширүүн тэмцэлд, хүйтэн хахир уур амьсгалд бууж өгөлгүй өдийг хүртэл чин зүтгэлээр хөдөлмөрлөж ирсэн түүний зам мөр дуусах болоогүй гэдгийг ч хэлж байлаа.
Түүний ухамсарт амьдрал, залуу насаа Монголын уулын спортыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн ЭНХИЙН ШАГНАЛ-д нэр дэвшүүлж байгаа билээ. Энэхүү шагнал нь монголчуудын эв нэгдэл, амар амгалан, нийгмийн амьдралын тэнцвэртэй байдалд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж, эх орныхоо хөгжил, бүтээлч амьдралдаа Эзэн болсон эгэл жирийн хүмүүсд олгодог шагнал юм.
-Уулын спорт тэр чигтээ тэсвэр хатуужил эр зоригийн тэмцэл. Та багааасаа ийм зоригтой, шаргуу хүүхэд байв уу?
-Хүүхэд байхдаа хөдөө өссөн жирийн л хүүхэд байлаа. Ямар зан араншинтай хүүхэд байснаа төдийлөн санадаггүй. Би Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Анх Их-Уул сумын сургуульд элсэн орсон ч гуравдугаар ангиасаа Тосонцэнгэл суманд шилжин суралцаж тэндээ 10 дугаар анги дүүргэсэн.
Харин бага байхад аав ээжээс минь захиж, сургасан олон зүйл бий. Ямар нэгэн ажил эхлүүлсэн бол дуустал нь хийж сур замын дундаас буцах хэрэггүй гэдэг юм. Энэ сургаалаар өдийг хүртэл явахыг хичээдэг дээ. Уулчин болох замнал маань 32 жилийн өмнө хүүхэд байхаас минь эхлэлтэй. Гурван арваны туршид бүх л саад бэрхшээлийг үзэж туулсан ч зорилгоосоо ухрахыг хүсээгүй.
Долоон тивийн ноён оргилд гарсан Монголын анхны уулчин болсон үйл хэрэг маань надад маш чухал алхам байлаа. Долоон тивийн ноён оргилд гарсан хүмүүст “Seven summit” гэх цол хүндэтгэлийг хүртээдэг. Дэлхийд нийт “Seven summit” 140 гаруй хүнээс 20 нь эмэгтэй хүн байсан талаар сонсож байсан. Гэхдээ миний хувьд төгсгөлд нь хүрээгүй байгаа учраас улам хичээх ёстой болсон. Энэ амжилтыг гаргасны дараа өөрөө ч гэсэн нилээн омогшиж байсан үе бий. Ямар сайндаа би “Дэлхийг хураалаа үүнээс цааш газар үгүй” гэж хэлж байсан нь саяхан. Үүнээс цааш ч гэсэн миний амжилтыг давтах хүмүүс гарч ирч байгаад баяртай байна.
-Уулын спортод хөл тавьснаас “Seven summit” хүртэл энэ спортод хичнээн жилийг зориулав?
-Миний хувьд эхний 10 жил хүүхэд байсан учраас сайн учраа олохгүй өнгөрчихсөн, юм юмыг оролдож үзсэн үе байлаа. Дараачийн 10 жил нь хийж байгаа зүйлийнхээ эцсийг үзэж амжилтад хүрэх хэрэгтэйг ойлгож, зүг чигээ олоод тууштай хөдөлмөрлөсөн. Сүүлийн 10 гаруй жил өнөөдрийн энэ амжилтадаа хүрсэн гэж болно. “Seven summit” гэх энэ амжилтанд хүрэхийн тулд хамгийн анх 2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус, хамгийн сүүлд 2016 оны 12 сарын 25-нд Антарктид тивийн ноён оргил Винсон массивт гарч, болзолыг нь гүйцээсэн.
–Та ингэхэд ямар мэргэжилтэй хүн юм бэ. Мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажиллах талаар бодож байгаагүй юу?
-Би микробиологич мэргэжилтэй. Энэ мэргэжлээрээ орон нутгийн Мэргэжлийн хяналтын газарт есөн жил ажилласан. Гэхдээ яагаад ч юм энэ ажлаас илүү уулын спорт намайг өөртөө татсан. Цаг зав, бүх хугацаагаа уулын спортдоо зориулах шаардлагатай байсан учраас мэргэжлийн ажлаа орхисон. Бас 2017 оны хавар МУБИС-ийг спортын дасгалжуулагч мэргэжлээр төгсөж байсан. Энэ миний чин хүсэл болох “Seven summit”-д хүрэхээс өмнөх явдал юм.
-Та эх орныхоо ноён оргилд хамгийн олон гарсан хүн юм билээ. Уулын спорт гэдэг авиралт бүр эрсдэл, сорилт тэсвэр хатуужил шаарддаг. Ер нь бүтэлгүйтэх тохиолдол байв уу?
-Энэ авиралтуудын талаар яривал маш урт түүх болно. 1989 онд Отгонтэнгэр хайрханд анхны авиралтаа хийж байсан. Түүнээс хойш Алтай таван богдын Хүйтний оргилд 70 удаагийн оролдлого хийж, 54 нь амжилтай болж байлаа. Магадгүй энэ маань эх орныхоо дээвэр оргилд гарахын тулд хамгийн олон удаа оролдлого хийсэн тохиолдол байх. Энэ оргилд надаас олон хүн гарсан байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ олон жил уулчидтай хамт авирсаны дараа магадгүй хамгийн олон гарсан нь би юм байна гэсэн таамаг батлагдсан.
Өнгөрсөн 2020 онд авиралтын 66 дахь удаагийн оролдлогоо маш өргөн хүрээнд хийсэн минь онцлог болсон л доо. Нийгэм рүү хандаж, олон нийтийг сайн үйлсэд уриалсан зүйл хийе гээд Хүйтний оргилын ойр орчим газрыг чадахаараа цэвэрлэж, уулын цэвэрлэгээ хийсэн. Үүнд 100 гаруй уулчид оролцсон. Тэрний дараагаар нутгийн ард түмний дунд томоохон наадам хамтран зохион байгуулсан байна. Басхүү нутгийн ард олныг хамруулж, авхаалж самбааг сорьсон уралдаан, наадам зохион байгуулсныг нутгийн тэд ихэд талархалтай хүлээн авч “Ёстой л найман настай балчираас наян настай буурал хүртэл баярласан сайхан зүйл боллоо” гэж ярьцгааж байсан. Нэг талдаа энэ нь нутгийн ардад тодорхой хэмжээний орлого бий болгосон юм.
Нутгийн иргэд зуны хоёр сардаа гадаадын жуулчид хүлээж аван, аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлж орлого олдог байсан нь ковидын хоёр жилд зогсчихон байсан юм. Алтай таван богд жилийн жилд түм түжигнэж, бум бужигнасан газар байдаг, гадаадын жуулчид ихээр ирнэ.
Нөгөө талаараа байгалиа хайрлах сэдлийг хүмүүст түгээгээд зогсохгүй хүмүүс нэгдэж чадвал юуг ч хийж бүтээж болдгийг харуулсан юм. 2020 онд хүмүүс хэр барагтаа тийшээ зүглээгүй, авирагчид жил завсарлаж, уулын маань нуруу нь амарсан жил таарсан.
– Сүүлд таныг дэлхийн гурав дахь ноён оргил Канченжунгагийн оргилд гарахаар бэлтгэлээ базааж эхэлсэн талаар мэдээлэл гарсан байсан. Хэзээнээс гарахаар төлөвлөв. Юуг зорьж байна?
-Би “Seven summit” хийсний дараа нэг том авиралт хийнэ гэж олон нийтэд мэдээлсэн. Дэлхийн хамгийн аюултай гэж ярьдаг К2 уулыг зорих. Тэр дэлхийн хоёрдохь ноён оргил Эверестийн дараа ордог. Миний хувьд 2011 онд Эверестэд авирсаны дараагаар дэлхийн долоон тивийн оргилд авирч “SEVEN SUMMIT” тодорхойлолтод хүрч байсан.
Түүний дараагаар 2018 онд нэг том зорилгоо биелүүлж К2 ууланд авирсан анхны монгол хүн болж байлаа. К2 оргилд авираад ирэхэд хүмүүсийн дунд хоёр талцал үүсчихсэн байсан. Нэг хэсэг нь “одоо хангалттай амжилт үзүүллээ, зогсоод амар аа” гэж зөвлөж байсан бол өөр хэсэг нь “14 оргилоо гүйцээнэ биз дээ” гэж хэлж байлаа. 14 оргил нь дэлхийн 8000 метрээс дээш өндөртэй нэлээдгүй хүнд оргилууд байдаг. Гадныхан бол дийлэнх нь үргэжлүүлэх талаар зөвлөж байсан. Гэхдээ би хариултаа өгөхдөө аль ч талд нь ороогүй. Би 14 оргилд гарна гэж хэлж чадахгүй, яагаад гэвэл үүнийг гүйцээхийн тулд надад цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд маш хол сонсогдож байгаа. Тэгсэн ч бас болиод зодог тайлья гэж хэлж чадахгүй, арай болоогүй.
НЭГ Л ЮМ МИНИЙ СЭТГЭЛ ЗҮРХЭНД БАЙНА, ДЭЛХИЙН ТОП ТАВАН ОРГИЛ БУЮУ ИХ НАЙМАН МЯНГА ГЭЖ ЯРЬДАГ, 14 ОРГИЛООС ТАСАРХАЙ ДЭЭР ТАВАН ОРГИЛ
Тэр надад нүдэнд үзэгдэж, сэтгэлд багтаад байгаа юм. Би 2020 онд гуравдахь найман мянгандаа гарна гэж төлөвлөж байсан ч мөн л ковидын нөлөөгөөр хоёр жил завсарлачихлаа. Харин одоо топ таван оргилын гуравдахь оргил Канченжунгагийн оройд гарахаар төлөвлөгөө алсуур бэлдэж байна. Канченжунга өөрөө Хималайн нурууны нэгэн оргил 8584 метрийн өндөрт нилээн алслагдмал байдаг. Ямар ч байсан нөхцөл бололцоо нь бүрэлдвэл ирэх жил оролдож үзнээ л гэж бодож байна.
-Таны хувьд хэр нутаг амьтай хүн бэ. Сүүлд хэзээ нутгаараа очив?
-Ер нь нутгаараа байнга очоод байдаггүй ээ. Нутгийхан маань дотроо боддог байж магадгүй л юм “Гангаамаа яахаараа нутгаараа ирдэггүй юм. Нутаг орондоо юм хийдэггүй. Мөнхийн л баруун тийшээ Баян-Өлгий гээд байх юм” гэж боддог байх л даа. Гэвч нутаг орондоо зүрх сэтгэл минь холбоотой байлгүй яахав. Дандаа бодно. Очирваань хайрханаасаа эхлэн уулын спортод хөл тавьж, анх намайг уулчин хүн болгосон газар минь гэж дандаа боддог. Харин Алтай таван богд минь уулчин гэдэг эрхэм алдар, алхмыг хийхэд түлхэц болсон газар минь хэмээн адил сүслэж явдаг даа. Миний одоогийн гол эрхэлж байгаа ажил маань Алтай таван богд руу таван сарын сүүлээр яваад 10 сард бууж ирдэг учраас яах аргагүй тийшээ хүлгийн жолоо залчихдаг.
-Уулын спорт аюул, эрсдэл ихтэй гэх Үүнийг гэр бүлийнхэн тань яаж хүлээж авч байна вэ?
-Хүүхэд байх эхний хэдэн жил “Юунд яваад байгаа юм, заавал явах хэрэг байна уу” гэх мэтээр ихэд дургүйцдэг байлаа. Нэлээдгүй хугацаа өнгөрсний дараагаар явсан замын маань амжилт хүмүүст сонсогдоод эхлэнгүүт миний хийж байгаа зүйлийг хараад нэг зүйлд хүрэх гээд зорилготой яваад байгаа юм байна гэдгийг ойлгох нь илүү болсон. Тэгээд ийш тийшээ яваад ирэхээр сайн яваад ирээрэй гээд санаа тавиад захиад үлдэнэ. Харин сүүлийн жилүүдэд том авиралтад яваад бүтэлгүйтээд, саадтай явлаа гэхэд сайн олигтойхон яваад ирэхгүй яасан юм хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулж явсан байж илүү их хичээх хэрэгтэй гэж ташуур өгдөг болсон. Үндсэндээ хичээгээд байх юм бол эхлээд ойлгож байна, дараа нь зорилготой яваад байгааг анзаарч байна тэгээд түүнийхээ төлөө хөдөлмөрлөж байгааг минь үнэлж, илүү зоригжуулж ташуур болж байна даа. Үүнээс л манай гэр бүлийн спортыг ойлгох эхлэл тавигджээ гэж харж байна.
-Найман мянган метрийн өндөрт гарна гэдэг цэвэр агаараар амьсгалж, байгалийн үзэсгэлэнг бишрэн ууланд алхахтай харьцуулшгүй. Хэт өндөрт гарахад биед шаардлагатай хүчилтөрөгчөө бүрэн авч чадахгүйд хүрнэ. Үүнд дасан зохицохын тулд эрүүл мэнд, бие махбодийн хувьд нэлээдгүй анхаарах хэрэгтэй байдаг болов уу?
–Энгийн хүмүүсийн хувьд мэдээж ууланд алхаж, цэнгэг агаараар амьсгалж, өөрийгөө цэнэглэж байгаа нь өөр хэрэг. Гэвч томоохон оргилд гарна гэдэг нь амралт зугаалгын шинжтэй үйл биш. Маш олон талын утга агуулгатай спорт шүү дээ. Дэлхийн томоохон оргилуудыг басаж болохгүй. Агаар хүчилтөрөгчийн дутмагшилтай гагцхүү том онгоц л хүрч чадах өндрийн түвшинд хөлөөрөө гараад явна гэдэг харьцуулшгүй зүйл. Бие физиологийн хувьд өөрчлөлт орж, хэвийн нөхцөл алдагдаж, осгох даарах энүүхэнд. Ууланд үхэх байсан ч харамсахгүй гэдэг бичигт гарын үсэг зуруулна. Яахав уулчдын алсын хараа, зорилго мөрөөдөлд энэ нь саад болох зүйл биш. Гэвч хэн хүний хүсээд хийх зүйл биш. Зундаа ууланд авирна. Өвөлдөө судалгаа шинжилгээ хийнэ. Тухайн уулынхаа аль талаас гарах вэ. ямар саад бэрхшээл тулгарч болох вэ гэдгийг судлах хэрэгтэй болно.
Гадагшаа том уул руу авиралт хийгээд амжилт үзүүлэхэд энэ эх орны маш том сурталчилгаа болдог. Дэлхийн том өндөр хөгжилтэй орнуудын хамгийн том өрсөлдөөний тавцан бол томоохон оргил, уулууд. Яагаад ч юм монголыг ядуу буурай мэтээр төсөөлж, ууланд хүнээ авируулах нь битгий хэл урдах хоолоо олохын тулд өдөр хоногийг өнгөрөөдөг талаар бодож магадгүй юм. Гэтэл энэ тийм биш ээ. Тэнд Монгол гэдэг чинь чадалтай, боломжтой орон гэдгийг ямагт харуулахыг зорьдог. Ихэвчлэн гадаадууд манайхыг их хааны нэрээр Эзэн Чингис гэх тодотголоор таних нь бий. Миний хувьд ч тэр их түүх соёл, нэр төрийн хүндлэл байгаа газар монгол хүн арчаагүй харагдаж болохгүй. Аль болох улсаа эерэг сайнаар сурталчилж харуулахыг хичээж, нэр төрийг тээж яваа гэж боддог. Ерөөсөө бид нар оргил дээр гараад хамгийн түрүүнд төрийн далбаагаа л боддог. Гадаадад очоод бид нар нэг л нэртэй, нэг л овгоор дуудагдана тэр нь Монгол.
ГАДААДЫН ОЛОН УУЛЧИД ДОТОР ХЭЗЭЭ Ч ГАНГААМАА ГЭЖ ДУУДАХГҮЙ, ТОМ ЗОРИЛГОТОЙ ДЭЛХИЙН УУЛЧДЫН БАГТ МОНГОЛ ГЭДЭГ НЭРЭЭРЭЭ ДУУДУУЛАХ САЙХАН
Түүнийг дагаж монголыг маань эерэгээр хардаг болно. Монголыг сонирхож ирэх хүмүүсийн тоо ихэсч, аялал жуулчлалын салбар эдийн засгийн эргэлтэд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулна. Нэг талаараа олон улсад зүтгэж буй спортыхон маш их өв тээж явж буй хүмүүс гэж хэлэх нь зүйтэй болов уу.
– Уулын спортын тамирчдад бэртэл гэмтлийн асуудал элбэг байдаг уу?
-Авиралт амжилттай урагшилж, хэт өндөрт гарахаар уулаар амьдралын замналаа болгож ирсэн хүний хувьд эрүүл мэндийн хувьд олон асуудалтай болчихсон байдаг. Бүх спортод л мэргэжлийн бэртэл гэмтэл байгаа. Би гэхдээ түүнийгээ нэг бүрчлэн яриад явахыг хүсдэггүй. Уулчид мөн л ялгаа байхгүй. Харин үүнтэйгээ хэрхэн зохицож, эв зүйг нь олж явах хамгийн чухал. Миний хувьд өөрөө л дүрэм зөрчиж унаж бэртэлгүй, зориулалтын хувцас хэрэгсэл хангалтгүй, даарч хатгаа авдаггүй л юм бол гайгүй. Аюулгүй байдал мөнхийн нэгт хэмээн үздэг хүний хувьд ийм асуудалд санаа зовох нь бага. Тэрнээс угаас хэт өндөрт гарсан бол хүний бие организмд тодорхой хэмжээний өөрчлөлт гарах нь ойлгомжтой.
–Уулын спортын үнэ цэн, ач холбогдол юунд оршдог юм бэ. Зорьсон зорилгодоо тууштай байж түүндээ хэрхэн эзэн болох тухай хэлж өгөөч?
–Уулын спортыхны хувьд улс орны нөхцөл байдал хичнээн тавгүйтэж, хоорондоо сөргөлдөж, дайн дажин хийж байсан ч нэг бүхэл байж чаддагаараа онцлог. Баг, хамт олон болж оргилд хүрэхийг зорьж байгаа олон орны уулчид нэг л сэтгэлтэй байдаг. Хагарал тэмцэл, буруу ойлголт, үзэн ядалтын эсрэг нэг ширээний хамтдаа ард сууцгааж, эв найртайгаар хооллож, нэг зорилгын оргил өөд авирч хамтдаа далбаагаа бариад баярлацгаадаг. Украйн ч тэр Орос ч тэр аль ч орны уулчид бүгд л сайхан хүмүүс цайлган, тусч. Бид өөрсдөө л улс орныхоо талаар бие биедээ эерэг мэдээлэл дамжуулна. Ингэж л тэнд байгаа олон орноос ирсэн уулчид хоорондоо биесээ мэдэлцэж, танилцана.
Би 2018 онд дэлхийн долоон ноён оргилд гарсан бүх хүмүүсийн дунд томоохон чуулга уулзалтыг санаачлан зохион байгуулахыг төлөвлөж байлаа. Эхний ээлжинд эмэгтэй SEVEN SUMMITER-уудын дунд зохиохыг зорьсон минь эмэгтэйчүүдийн хүмүүнлэг нийгмийн идэвхтэй оролцоонд тулгуурласан юм. Үүнийг 2020 онд зохион байгуулна гээд урилгаа гаргаад хүмүүстээ илгээсэн боловч бас л арга хэмжээ маань цар тахлын нөлөөгөөр цуцлагдсан. Тэр чуулганаар SEVEN SUMMITER эмэгтэйчүүдийг дэлхийн энх тайвны элч болгох талаар хэлэлцэгдэж байсан юм. Хойд тулын 0 градус, өмнөд туйлын 90 градуст энхийн их экспитец зохион байгуулья гэж Монгол улс энэ тал дээр анхдагч болох санааг тээж, манай спортын байгууллагууд дэмжиж байлаа. Одоо хүмүүс эргээд зохион байгуулах талаар санал оруулж байгаа ч нийгэм цаг үеийн байдлаас шалтгаалан хэзээ нэгэн цагт боломж нөхцөл нь бүрдвэл хийнэ дээ л гэж санаж явна.
Ер нь нэг том ууланд авираад амжилттай буугаад ирэнгүүт дэлхий мэдчихсэн байдаг Нэг том урилга хүрээд ирчихсэн байдаг. 2018 онд К2 уулан дээр авираад ирэхэд Гадаад явдлын яаманд Женевд байрлах НҮБ-ын төв байрнаас утсаар холбогдоод, хүний эрхийн томоохон хуралд зочноор илтгэл тавьж, оролцох талаар санал ирүүлсэн байсан юм. Сэдэв маань эмэгтэйчүүд нийгэмд ямар байр суурь эзлэх ёстой, монголд хүний эрхийн хэрхэн зөрчигдөж байгаа талаар дурьдах ёстой байсан. Миний хувьд монгол дахь спортын байгууллагуудаар явж судалгаа хийж, салбарын талаар асууж, замдаа илтгэлээ бичиж, очоод тавьсан. Урьд нь энэ талын асуудал ямар байсан одоо ямар байгааг харьцуулж, нэг үеэ бодвол эмэгтэйчүүдийн эрх спортод харьцангуй их оролцоотой талаар мэдээллийг танилцуулж байлаа.
–Амьдралынхаа нэлээдгүй хугацааг зориулсан энэ салбартаа магадгүй эргээд харахад алдаа оноо нь юу байв. Хийж амжаагүй хийхийг зорьж байгаа зүйл бий юу?
-Өнөөдөр миний хувьд энэ салбартаа эмзэглээд байх зүйл үгүй. Нэгэнт л би оргилд нь гараад ирчихсэн зорилгодоо хүрч яваа. Надад хэн нэгэн илт хүндрэл саад учруулах гэсэн зүйл байхгүй. Би өөрөө хөдөлмөрлөж хичээх юм бол амжилтанд хүрэх боломжтойг харчихсан. Гэхдээ өөрт гэхээсээ илүү улс орон, нийгэмдээ илүү санаа зовж байна. Манайхан ядууралыг хавтгайруулан ойлгож, их хүндээр тусгаж авдаг гэхдээ би үүн дээр өөр хандлагатай байдаг. Манайхан их залхуу, аливааг бэлэнчилдэг хандлага маш их болсон. Энгийн гар доорх ажлыг хийх дургүй хойш суудаг. Бүгд их сургууль төгсөхийн тулд ямар ч хамаагүй мэргэжил эзэмшиж, бүрэн гүйцэт сурч боловсроогүй байж оюутны ширээнээс шууд би том компанид инженерээр эсвэл том байгууллагад даргаа хийчихнэ гэх мэтээр амархан боддог. Бас өөр мөнгө төгрөгтэй хэн нэгэн алдартан, эсвэл алдарт дуучинг аминчлан шүтэж, өөрийн нөхцөл бололцоотой харьцуулдаг. Арвин туршлагатай суралцахаар чанартай хүн хажууд нь байхад үл тоодог. Энэ чанараа засвал зүгээр гэж харж байна. Аливаа зүйлийг А-гаас нь эхлэн бүгдийг өөрийн гараар бүтээж, хуримтлуулсан туршлагаараа салбартаа хувь нэмрээ оруулах нь зүйтэй. Одоогоор миний хувьд аялал жуулчлалын салбартаа өөрийн сурсан мэдсэнээ зориулахаар тэгээс нь эхлээд бүх зүйлийг оролдоод явж байна. Дараа нь ч гэсэн энэ туршлага маань хүмүүсийг ажиллуулахад том туршлага болох байх. Сүүлд 2021 оны нэг сард би “Амола” үзэгч үгүй үнэн номоо өлгийдөн авсан. Явах ажил нь ихдээд сууж амжихгүй болохоор амьдралынхаа туршид нэг л ном бичнэ гэж боддог байлаа. Эхлүүлсэн байсан түүх, бичвэрээ сая ковидын хоёр жилд амжуулаад дуусгасан. Энэ номонд маань миний туулсан амжилт, авиралтууд багтаахыг хүссэн ч зарим нь багтаагүй томоохоноос түүвэрлэн нэгтгэсэн нь нэлээд зузаан ном болсон. Гэхдээ бас хүн боддог юм байна. За ахиад нэгийг гаргадаг ч юмуу хэмээн шунангуй л байгаад байдаг. Түүн шигээ насан өндөр болтлоо энэ спортдоо өөрийгөө зориулна гэж бодоод байгаа.
Ярилцсанд баярлалаа.
Холбоотой мэдээ