Д.Цогтбаатар: Манайд пропорциональ тогтолцоо хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2022.06.16-нд нийтлэгдсэн

Д.Цогтбаатар: Манайд пропорциональ тогтолцоо хэрэггүй

Д.Цогтбаатар: Манайд пропорциональ тогтолцоо хэрэггүй

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэе.


-Мөнгөн зээлийн үйлчилгээний тухай хуулийн төслийг өчигдөр байнгын хорооны хурлаар хэлэлцлээ. Энэ хуулийн концепцийн талаар иргэдэд ойлгомжтой, тодорхой мэдээлэл өгөөч?

-Засгийн газраас уг хуулийг өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийн ажлын хэсгийг би ахалж буй. Засгийн газраас “шударга бус үйл ажиллагаа нэлээд явагдаж, иргэдийн эрх ашиг хохирч байна. Тиймээс зохицуулалт хийх хэрэгтэй” гэсэн үзэл баримтлалтайгаар уг хуулийн төслийг оруулж ирсэн. Иргэдийн эрх ашиг шударга бусаар хохирч буйг таслан зогсоох ёстой. Гэхдээ иргэдийн эрх ашгийг хамгаалж байна гээд зах зээлийг нь эвдчихвэл орлуулж чадахгүй. Иргэддээ тус болж байна гээд хэтэрхий их зохицуулалт хийж, зах зээлийг нь эрсдэлтэй болговол хүмүүс хаашаа ч гүйгээд зээл авч чадахаа болино. Ажлын хэсгийг даргалж байгаагийн хувьд зах зээлийнхээ зарчмыг баримтлах ёстой гэсэн байр суурьтай байна. Өөрөөр хэлбэл, иргэдэд зээл олдоцтой байх ёстой. Гэхдээ иргэдийн эрх ашгийг хохироохгүй зээл олгогчидтой байх ёстой. Энэ үүднээс аль, аль төлөөлөлтэй нягт уулзаж ажилласан. Илт шударга бусаар иргэдийг залилах, хууран мэхлэх, барьцаа хөрөнгийг хямдаар үнэлж авчхаад гэрээний хугацаа дуусаагүй байхад өмчлөлийг нь өөртөө шилжүүлдэг гэх мэт шударга бус байдлыг энэ хуулиар арилгана. Гэхдээ хатуу зохицуулалт оруулж ирж байна гээд зах зээлээ нурааж болохгүй. Энэ хоёрын балансыг барихын тулд ажиллаж байна.

-Энэ хууль батлагдсанаар иргэд аж, ахуй нэгжид ямар эерэг үр дүн авчрах юм бэ?

-Зээл олгогчдын хариуцлагыг өндөрсгөж, тавигдах шаардлагыг нэмэгдүүлж, зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоож өгнө. Энэ нь ломбард буюу тогтмол ашиг олох зорилгоор бизнес хийж буй хүмүүсийн зээлийн хүүгийн харьцааг зохицуулах нь байна шүү дээ. Иймд СЗХ-ны дэргэд зөвлөл байгуулах заалт Засгийн газраас орж ирсэн. Бид үүнийг дэмжиж байгаа. Уг зөвлөл илүү нарийвчилсан журмаа гаргана. Түүн дотроо зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоож өгнө. Нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байхаар зааж өгсөн.

-Хуулийн төсөлд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг мянган гаруй ломбард байгааг дурдсан байна лээ. Ломбардын хариуцлагыг нэмэгдүүлэх асуудал яригдаж байгаа юу?

-Хуулийн дагуу бүртгэлгүй бол үйл ажиллагаа явуулах боломжгүй болно. Ямар нэгэн сурталчилгаа хийх боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, зах зээлийн механизмаар нь зохицуулж байгаа юм. Жишээ нь зээл олгогчдыг хоёр ангилсан. 500-аас дээш сая төгрөг хүртэл СЗХ-д бүртгэгдэнэ. Тэрнээс гадна хүүгийн хэмжээг тогтоосон журам гарах нь байна. Тиймээс бизнес үйл ажиллагаа эрхэлж буй нөхдүүд бүртгүүлэхгүй бол явуулах боломжгүй болно.

Бүртгүүлээд бизнесээ хийгээд, татвараа төлөөд иргэдийг хохироохгүй бол аль болох дарамт багатайгаар бизнес хийх боломжийг олгох юм.

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ОЛОН НИЙТИЙН ДЭМЖЛЭГГҮЙ ЯВАХ БОЛОМЖГҮЙ

-Үндсэн хуулийн өөрчлөлт хийхийн тулд олон нийтийн санал асуулга явуулахаар болсон. Үндсэн хуулийн өөрчлөх цаг мөн үү. Энэ талаар таны байр суурийг сонирхож болох уу? 

-Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэж бодож байна. Өөрчлөхгүй бол одоогийн Үндсэн хууль Монгол Улсын эдийн засагт амаргүй нөхцөл байдлыг үүсгэхээр харагдаж байна. Өөрөөр хэлбэл эдийн засаг дахь хөгжилд ямар нэгэн байдлаар саад болохгүй байдлаар өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөлт хийх хүрээ нь хэтэрхий өргөн байвал олон нийтийн дэмжлэг авахгүй. Үндсэн хуулийн өөрчлөлт олон нийтийн дэмжлэггүй явах боломжгүй. Тэр үүднээс нэлээд хэдэн заалтуудад өөрийн гэсэн байр суурьтай байна. Үүнийг би намдаа ч хэлж байгаа. Жишээ нь гишүүдийн тоог нэмээд хэрэггүй.

-Үндсэн хуулийг өөрчлөхийг дэмжиж байгаа гэлээ. Гэхдээ гишүүдийн тоог нэмэхийг та дэмжихгүй юм байна. Яагаад?

-Дарга нар энэ улсад цөөдөөгүй. Харин дарга нарын ур чадвар мэдлэг, туршлага, тавигдах шалгуурыг өндөрсгөх ёстой. Энэ өнцгөөсөө хүмүүсийн мэдлэг ур чадварыг чанаржуулах тухай ярих хэрэгтэй. Түүнээс биш татвар төлөгчдийн мөнгөөр дарга нарын тоог улам нэмэхийг би хувьдаа дэмжиж чадахгүй. Нөгөө талдаа 30 жил энэ улс хөгжиж, амжилттай явж ирсэн. Гэхдээ улстөржилт, хийрхэл маш их байна. Тоог нь нэмлээ гээд хийрхэл багасах уу. Харин ихэсч магадгүй байхгүй юу.

Тэртээ тэргүй 76-ийн хэрүүлийн дунд зөндөө “юм” гацаж байгаа шүү дээ. 100 даваад явчихвал юу болох уу. Хэмнэе гэж ярьж байгаа биз дээ. Байгууллагын дэд даргыг ажилгүй болгож хэмнэчхээд хамгийн том дарга нар өөрсдийн суудлаа нэмнэ гээд байгааг ойлгохгүй байна.

-Тэгвэл сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зөв үү. Пропорциональ тогтолцоо руу шилжихийг дэмжиж байгаа юу?

 -Мажоритар тогтолцоогоор явах нь зөв. Яагаад гэвэл иргэдийнхээ нүд рүү харж байгаад сонгогдоод сурчих. Даргын цүнх барьж гүйгээд жагсаат руу орж ирээд хэрэггүй. Ард түмэн өөрсдөө сонгоно. Пропорциональ тогтолцоотой ихэнх орнууд холбооны шинж чанартай улсууд байдаг.

Зүгээр нийгэм дэх бүлгүүдийн ашиг сонирхлын хуваагдал биш, бүс нутгийн хэдэн зуун жилийн соёл иргэншлийн өөр хоорондын жижиг ялгаа байдаг учраас үүнийг нэгтгэж өгөхөөр пропорциональ тогтолцоог гаргаж ирсэн байгаа юм. Манайх шиг жижиг, ерөнхийдөө нэг үндэстнээс бүрдсэн оронд пропорциональ тогтолцоо хэрэггүй. Пропорциональ тогтолцоогоор хүмүүсийг сонгохоор гудамжинд жагсаал цуглаан болохгүй гэж яриад байна. Иргэдийн жагсах эрх гэдэг энэ улсын засаглалд оролцож буй хэлбэр байхгүй юу. “Надад таалагдахгүй бол би гараад жагсах эрхтэй. Намайг жагсаахгүйн төлөө амьдралыг сайжруулж өг. Амьдрал нь муудаж байгаа бол тэр хүн гарч ирээд үгээ хэлэх эрхтэй”. Энийг байхгүй болгохын төлөө сонгуулийн тогтолцоог өөрчилнө гэж байгаа бол хэзээ ч тийм юм байх ёсгүй. Ардчилсан тогтолцоотой бол дуу хоолойгоо хүргэх эрхтэй байх ёстой. Пропорциональ тогтолцоотой орнуудад жагсаал болдоггүй гэж хэн яриад байгаа юм. Тавьж буй зорилготойгоо уялдахгүй зүйл яриад байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
18
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж